“Компанийн засаглал”-ын хөгжлийн чиг хандлага, тулгарч байгаа бэрхшээлийг хэлэлцлээ
Монгол Улсын “Компанийн засаглал”-ын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа бэрхшээлүүдийг бизнес эрхлэгчид, Төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хөндлөө. Ес дэх удаагаа зохион байгуулагдсан “Компанийн засаглал”-ын чуулганаар энэ удаад засаглалын үр нөлөө, үүнд Төр, иргэний нийгмийн байгууллагууд, компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг ярилцав. Мөн ирэх дөрвөн жилийн хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдөж, ирэх саруудад үргэлжлэх цуврал хэлэлцүүлгүүдийн зорилтуудыг бүх оролцогч талууд хамтран дэвшүүлжээ. “Компанийн засаглал”-ын Хөгжлийн Төв, Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээнд энэ удаад 200 гаруй төлөөлөгч оролцож, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх гарцыг эрэлхийллээ.
Мөн сүүлийн жилүүдэд идэвхтэй ярих болсон ХК-иудын хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг, ТУЗ-ийн хариуцлага, оролцогч талуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг хөндсөн юм. Ялангуяа хөгжиж буй зах зээл дэх “Компанийн засаглал”-ын асуудлууд, үүнийг шийдвэрлэх арга замын талаар талууд санал солилцож, тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн арга хэмжээний үеэр "Шилдэг жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдаан"-ы дүнг албан ёсоор танилцууллаа. Энэ удаагийн уралдаанд АПУ ХК түрүүлж, “Говь” болон “Шарын гол” ХК-иуд "шилдэг"-ээр тодорсон юм. Салбар, салбарын шилдэг ХК-иуд хамрагдсан энэ удаагийн уралдаан нь оролцогч талууд туршлага, мэдлэгээ хоорондоо солилцоход үнэтэй хувь нэмэр оруулсан, ач холбогдолтой төсөл болсныг зохион байгуулагч тал онцолж байна. Харин АПУ ХК-ийн хувьд уралдааны хүрээнд засаглалаа хөгжүүлэх замаар үйл ажиллагаагаа сайжруулсан хэмээн онцолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй