"TerraCom” компани “Link Mining Service”-тэй уурхайн гүйцэтгэгчийн гэрээ байгууллаа

Уул уурхай

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom” компани “Link Mining Service” компанитай уурхайн гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Link Mining Service” компани Австрали дахь “Blair Athol” уурхайн үйл ажиллагааг таван жил хариуцан ажиллана. Харин уурхайн үйл ажиллагаа өмнөх эзэмшигч “Rio Tinto”-оос тусгай зөвшөөрөл шилжин ирэх мөчөөс эхлэх юм байна. Хаалтын шатандаа орсон “Blair Athol”-ийн уурхайг “Rio Tinto” групп энэ оны эхний хагаст нэг австрали доллараар худалдах шийдвэр гаргасан юм. Орон нутгийн иргэд энэхүү гэрээг “Rio Tinto” групп нөхөн сэргээлтийн хариуцлагаас зугтаж байна гэж эсэргүүцэж байв. Харин хариуд нь “TerraCom” компани нөхөн сэргээлтийн үед 60 МВт-ын нарны цахилгаан станц барих асуудлыг судлахаар болсон талаар мэдээлжээ. “TerraCom” компани Монголд Баруун Ноён Уул уурхайд олборлолт явуулдаг. Үйл ажиллагаа өргөжүүлэх хүрээнд хэд хэдэн ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл аваад байгаа юм.

Харин маргаан дагуулсан гэрээний эзэн “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн борлуулалт нь энэ оны зорилтдоо хүрэхээргүй байж магадгүй байна. Өнгөрсөн улиралд тус компанийн гол уурхай “Pilbara”-ийн нийлүүлэлт буурсан нь үүнд голлох нөлөө үзүүлсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм. “UBS”-ийн тооцоогоор III улиралд “Pilbara”-ийн нийлүүлэлт өмнөх улирлаасаа хагас сая тонноор буурсан байна.

Оны эцэст нийлүүлэлт нь зорилтоосоо гурав орчим сая тонноор бага гарна гэж “Macquarie” групп таамаглажээ. Эдгээр таамаг хэр үнэний ортой болохыг энэ пүрэв гарагт гарах “Rio Tinto”-ийн өнгөрсөн улирлын тайлангаас харах боломжтой юм. Тус групп энэ онд 350 орчим сая тонн төмрийн хүдэр борлуулах зорилт тавиад байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ