Дэлхийн томоохон банкууд ашигтай ажиллав

Мөнгө ба бизнес

Олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудын III улирлын тайлан гарлаа. Дэлхийн томоохон банкууд тайлант хугацаанд шинжээчдийн таамгаас давсан ашигтай ажилласан байна. Тухайлбал “JPMorgan”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг төдийгүй нийт ашиг III улиралд нэмэгджээ. Ашиг нь 24.67 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас 1.7 хувиар өндөр дүн болоод байгаа юм. Ийнхүү ашиг, орлого нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын төдийгүй арилжааны банкны гээд бүхий л үйл ажиллагаа амжилттай байсан нь нөлөөлсөн гэж тус банкны Гүйцэтгэх захирал Жами Демон мэдэгдсэн байна. Харин “Citigroup”-ийн ашгийн үзүүлэлт мөн л шинжээчдийн таамаглаж байснаас сайн гарлаа. 2016 оны III улиралд 17.8 тэрбум ам.долларын ашиг олсон нь шинжээчдийн таамаглаж байсан 17.3 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлт болжээ. “Citigroup"-ийн үйл ажиллагаа явуулдаг бүхий л бүс нутагт ашиг нэмэгдсэн нь үйл ажиллагааг нь дэмжсэн гэж мэдээлсэн байна. Ашгийн мэдээлэл эерэг гарч, Хөрөнгий биржийн сүүлийн хаалтаар “Citigroup”-ийн хувьцааны ханш өсөлттэй байсан төдийгүй цаашид хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжийг улам нэмэгдүүлэн ажиллахаа удирдлагынх нь зүгээс онцолжээ. “Wells Fargo” банкны хувьд III улиралд 22.3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс орлогын үзүүлэлт нь 2.1 хувиар өссөн дүн болжээ. Үүнээс гадна нэгж хувьцаанд ногдох ашиг 1.03 ам.доллар байгаа нь шинжээчдийн таамгаас давсан байна.




САНАЛ БОЛГОХ