Эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулна

Мэдээ

Нэгдсэн Орос намтай ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааныхаа зургийг гаргах саналаа илэрхийлэв

УИХ-ын дарга, М.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Чунчинь хотноо болж өнгөрсөн БНХАУ-ын Коммунист нам ба дэлхийн яриа хэлэлцээ хуралд оролцож үг хэлсэн юм. Хуралд дэлхийн 50 орны 70 гаруй намын дарга оролцжээ. Хурлын үеэр ОХУ-ын Единая Россия намын удирдлага болон Япон улсын парламентын гишүүн Япон, Монголын парламентын бүлгийн дарга ноён Хаяаши нартай уулзсан байна.

Энэ удаагийн олон улсын хуралд тухайн орны хууль тогтоох байгууллагын тэргүүнүүд, түүнчлэн нөлөө бүхий намын удирдлагууд оролцож буйгаараа онцлог юм. 2014 оноос эхтэй энэхүү яриа хэлэлцээнд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ удаад тэд эдийн засаг дахь засаглалыг сайжруулах чиглэлээр ярилцжээ. Саяхан болж өнгөрсөн "Жи-20"-ийн уулзалтын үеэр Хятад улс энэ талаар санаачилга гаргаж, дэлхий нийтийг уриалаад байна. Хурлын үеэр УИХ ын дарга, МАН-ын дарга М.Энхболд анхаарал татсан хэд хэдэн уулзалтад оролцжээ.

ОХУ-ын талаас энэ удаад тус улсын эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Сергей Владимирович хүрэлцэн иржээ. Ноён Сергей Владимирович УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзав. Уулзалтын эхэнд ОХУ-д болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд олонхын санал авч сонгогдсонд баяр хүргэж буйгаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн. Нэгдсэн Орос нам нь байгуулагдсан цагаасаа эхлэн МАН-тай хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд анхны хуралд нь П.Жасрай агсан оролцож байжээ. Нам хоорондын хамтын ажиллагаа нь өнөөдрийг хүртэл амжилттай явж иржээ. Хоёр нам энэ онд хамтын ажиллагаагаа дүгнэж, ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааныхаа зургийг гаргах саналаа энэ үеэр илэрхийлэв.

Өнгөрсөн хавар Ташкентад болсон ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван талт яриа, хэлэлцээний үеэр хөрш орнуудын хэрэгжүүлэх Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээнд өндөр дээд хэмжээнд гарын үсэг зурсан. Энэхүү үйл ажиллагааг бодит ажил болгох чиглэлээр ОХУ-ын талд хүсэлт тавилаа. Эдийн засгийн коридорыг байгуулахын тулд нэн тэргүүнд Улаанбаатар хотноо байгуулах Ажлын хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх батламж бичгээ яаралтай илгээхэд хүчин чармайлт гаргахыг хүссэн юм. Хэрэв ОХУ-ын тал зөвшөөрсөн батламж гаргавал БНХАУ-ын талаас хүлээн зөвшөөрч, ажлаа эхлүүлэхэд бэлэн гэсэн хариу өгчээ. ОХУ-ын тал ч үүнийг нааштайгаар хүлээн авч, хөрш орнуудын харилцааны жишиг болсон Эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулахад анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлэв.


САНАЛ БОЛГОХ