Зээлээс үүдэлтэй дефляци Монголд нүүрлэсэн

Ярилцлага

Монгол Улсад нүүрлээд буй дефляци бусад улсынхтай адилгүй

ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, эдийн засагч Д.Баярмаатай ярилцлаа. Засгийн газар бизнесийн идэвхжлийг сэргээхэд анхаарах хэрэгтэйг тэрбээр онцлов.

-Олон улсын валютын сангийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Монгол Улс 2009 онд энэ сангийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр үеийн Монголын эдийн засгийг одоотой харьцуулахад ямар ялгаа ажиглагдаж байна вэ?

-Монгол Улс 2009 онд эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж, ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсөн. Тэр үеийг одоотой харьцуулбал нөхцөл байдал илүү хүндэрсэн байж магадгүй. 2008-2009 оны үед бизнесийн орлого өрхийн нийт орлогын 20 хувийг бүрдүүлж байв. Гэтэл одоо ойролцоогоор 14-15 хувийг эзэлж байна. Өрхийн орлогод цалин голлосон хэвээр. Цалингийн хамаарал улам тэлж байна.

Дахин нэг жишээ. 2009 онд Бизнес регистерийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 40 хувь нь үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож байлаа. Тэгтэл одоо үүдээ барьсан аж ахуйн нэгжийн тоо 50 хувийг давсан. Үүнээс үзэхэд бизнесийн орчин тамирдаж буй нь харагдаж байна.

-Монголын эдийн засагт нүүрлээд буй дефляци ч үүнтэй холбоотой гэж зарим судлаач хэлэх юм. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Санал нэг байна. Зарим хэвлэл дефляцийг хүнсний бүтээгдэхүүний үнийн уналт болон улирлын шинж чанартай хүчин зүйлээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Миний бодлоор энэ бол хэт өнгөц дүгнэлт. Монголд нүүрлээд буй дефляци бусад улсынхтай адилгүй. Тухайлбал, Японыхоос өөр. Тиймээс илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй. Өнөөгийн үнийн уналт нь бизнесийн идэвхжил буурсныг л харуулж байгаа юм. Манайд үүссэн дефляци зээлээс үүдэлтэй. Түүхий эдийн үнэ өсөж, эдийн засаг сэргэж байхад их хэмжээний зээл авч, эдийн засгаа тэлсэн. Энэ үед хумих ёстой байтал урсгал зөрж, тэлэх бодлого явуулсан. Энэ нь өнөөдөр ийм байдалд хүргэж байгаа юм.

Өрхийн зарлага буурсан нь иргэд хэмнэлтийн горимд шилжсэний шинж.

Бизнесийн идэвхжил суларсан үед төсвийн зарлагаа нэмэх нь зүйтэй гэж дэлхийн нөлөө бүхий зарим эдийн засагч зөвлөдөг. Гэтэл энэ арга нь дотоодын үйлдвэрлэл хөгжсөн улсуудад үр дүнтэй. Монгол шиг импортлогч улсын хувьд төсвийн бодлогоо тэллээ гэхэд мөнгөний нийлүүлэлт нь хилийн чанадыг чиглэх магадлалтай.

-Тэгвэл энэ үед зээлийг хумих нь зөв үү?

-Засгийн газар бизнесийг идэвхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хүчээр, эсвэл автоматаар зээл олголтыг нэмэгдүүлснээр бизнес идэвхжихгүй. Зээлийн бус аргуудыг давхар ашиглаж болно. Ялангуяа борлуулалт, экспортыг дэмжих нь зүйтэй. Богино хугацаанд экспортыг өсгөх ямар гарц байна, түүнийг ашиглах нь чухал.

Тухайлбал, уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. Иймд түүхий эдийн экспортоо нэмэгдүүлж болно. Бусад салбарыг ч мартаж болохгүй. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярьж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгох нь чухал. Үүнээс гадна Монгол Улс Европын холбоонд олон нэр төрлийн барааг импортын татваргүй нийлүүлэх эрхтэй. Үүнийг ашиглаж болно. Энэ хүрээнд барууны орнуудад амжилттай экспорт хийж буй хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

-Үлэмж данхайсан төсвөө далайцтай танах, эдийн засагтаа бодлогын тохиргоо хийх нь чухал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Эдийн засгаа тогтворжуулахад танд ямар санал байна вэ?

-Эдийн засгийн гуравдугаар улирлын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад өсөлт бараг зогсох дөхсөн байна. Хамгийн уналттай байгаа салбар нь боловсруулах үйлдвэрлэл. Энэ салбар бараг 12 хувиар агшжээ. Нөгөө талаас, өрхийн зарлага 10 гаруй хувиар буурсан. Энэ нь энгийн иргэд бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжсэний шинж.

Олон улсын валютын сангийн хяналтын баг Монгол Улсад ажиллаж байна. Үүнээс үзэхэд ирэх онд Монгол Улс мөнгөний хатуу бодлого баримтлах магадлал өндөр байна. Гэтэл Грекийн туршлагыг харахад мөнгөний хатуу бодлого баримтлаад төдийлэн үр дүнд хүрээгүй байдал ажиглагдаж байна.

САНАЛ БОЛГОХ