Хуурай, хүйтэн өвөл айсуй

ЗГМ: Тодруулга

2016-2017 оны өвөл дэлхий даяар агаарын температур дунджаас сэрүүн байна

Бичин жилд зуд болдог гэсэн ам дамжсан яриа малчдад төдийгүй монголчуудад сэрэмжлүүлэх дохио өгч байгаа. Гэвч байгалийн үзэгдлийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоогоор алга. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ. Манай улсын хувьд зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол байсаар байна. Дэлхий нийтэд "Эль ниньо" гэж томъёолдог байгалийн хэт хүйтрэх үзэгдэл нь хоёр жилийн хэлбэлзлийн нөлөөгөөр өнгөрсөн өвөл тун ч тогтворгүй байжээ. Цаг агаар чийглэг, нэгдүгээр сарыг хүртэл цас бага унаж, богино өвөл болсон.

Гэвч ирэх өвлийн өнгө өөр байх төлөвтэйг Америкийн Цаг уур судлалын институт “NOAA”-гийн мэргэжилтнүүд хэлэв. Тодруулбал, 2016-2017 оны өвөл дэлхий даяар агаарын температур дунджаас сэрүүн байх аж. Үүний шалтгаан нь "Ла нинья" үзэгдэл. Энэ нь далайн гадаргуу дахь усны температур халуун бүс орчмын Номхон далайн гадаргуугийн уснаас 0.5-аар бүлээн болох хэвийн бус үзэгдлийг хэлдэг аж. "Ла нинья" үзэгдэл зуны турш ажиглагдсан бөгөөд намар, өвөл үргэлжлэх магадлал нь 75 хувь байна. Энэ нь зүүн зүгт хоёр жилд ажиглагдах хэлбэлзэлтэй хосолсноор ирэх өвлийн зураг өнгөрсөн жилийнхээс өөр болж байгаа юм.

Тодруулбал, бөмбөрцгийн хойд хэсэгт үүсэх хуй салхины эрч зөөлөрнө гэсэн үг. Далайн гадаргуугийн усны температур халах үзэгдэл таван сараас бага хугацаагаар ажиглагдахыг шинжлэх ухаанд "Эль ниньо" гэж нэрлээд буй.

Өнгөрсөн жилийн өвөл шиг их цас орохгүй

Өнгөрсөн өвөл ойрын хэдэн жил үзэгдээгүй хүчтэй хуй салхи олон удаа дэгдсэн. Үүний улмаас шуурга цастай чийглэг өвөл болсон. Түүнчлэн "Эль ниньо" үзэгдэл тун тогтворгүй байсан нь бөмбөрцгийн хойд бүсийн цаг агаарт хүчтэй нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэв.

Өнгөрсөн жилийн өвлийн их хүйтэн, их цас холын Америк, Европ, тэр дундаа Өмнөд Азийн орнуудыг нөмөрсөн юм. АНУ- ын зүүн эргийн мужуудад цасан шуурга бараг долоо хоног тасралтгүй шуурч, цасны зузаан зарим бүс нутагт 70 см-т хүрч байв. Шуурганаас үүдэлтэй хохирол тухайн үед гурван тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд амиа алдсан хүний тоо бараг 100-д хүрсэн юм. Түүнчлэн Нью- Йорк, Вашингтон хотын зарим гүүр, нүхэн гарц, хурдны замыг тодорхойгүй хугацаагаар хаасан.

Бөмбөрцгийн хойд бүсэд "Ла нинья"-гийн нөлөөллөөр хүйтний эрч тархаж, Монголд Сибирээр дамжин ирнэ

Өмнөд Азийн орнуудаас Тайвань хамгийн их хохирол амсаж, 57 хүн осгож амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байлаа. Тайваньд нэгдүгээр сард агаарын температур дунджаар 16 градус байдаг. Гэтэл өнгөрсөн жил дөрөв дахин буурч, төвийн халаалтын системгүйгээс үүдэлтэй олон асуудал тулгарсан. Орон гэргүй хүмүүс осгож болзошгүй тул түр хоргодох байранд байрлуулж байв. Хонконгод ч мөн хүйтний эрч чангарч, дунд сургуулиудыг түр хугацаанд хаасан бөгөөд агаарын температур хасах 3.1 градуст хүрснийг хэвлэлүүд мэдээлж байлаа. Хятадын Гуанжоу зэрэг өмнөд хотод цас орсон нь сүүлийн 50 жил тохиогоогүй үзэгдэл болж Бээжинд хасах 17 градус хүрч хүйтэрсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн хүйтэн өдрөөр “тодорсон”. Их хүйтэн арлын орныг ч тойроогүй. Японы төвийн бүс нутгуудад цас орсноос галт тэрэг болон нислэг хойшлогдож, таван хүн амиа алдсан. Түүнчлэн Чежү аралд 12 см цас унасан нь өнгөрсөн 30 гаруй жилд тэмдэглэгдээгүй өөрчлөлт байв. Үүний улмаас нисэх буудлыг түх хааж, 86 мянган жуулчны аяллыг зогсоож, 1100 нислэгийг цуцалсан сүржин үйл явдлууд ар араасаа өрнөснийг та санаж буй биз.

Дэлхийн дулаарал үргэлжилж байгаа энэ цагт өвлийг таамаглахад хариултаас илүү асуулт олон гарч ирнэ. Өнгөрсөн жил "Эль ниньо"-гийн хүч давамгайлсан бол энэ жил "Ла нинья" хүч сулхан ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Энгийнээр тайлбарлавал, өнгөрсөн өвөл шиг цас, шуургагүй, цаг агаар харьцангуй тогтуун байна гэсэн үг. Харин хүйтэн уур амьсгалын нөлөө цөөнгүй газарт ажиглагдаж болзошгүй байна.

Ингэхэд далайн усны гадаргуу дахь дулааны температур дээшлэх, доошлох үзэгдэл бидэнд хамаатай юу гэж үү? Энэ нь Сибирээр дамжин бидэнд шууд бусаар нөлөөлдөг юм. Энэ ч утгаараа шууд хамааралтай гэдгийг өнгөрсөн жил Парист болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцохын өмнө цаг уурын өөрчлөлтийг дэлхийг тойрон судалсан сайн дурын эрдэмтэд Монголд ирэхдээ өгүүлсэн билээ.

ЗГМ: ТОДРУУЛГА
Нутгийн 30-40 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй

Энэ өвлийн өнгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээс тодрууллаа.
-Бичин жилийн зуд энэ жил давтагдана хэмээн малчид ярьж байна?
-Бичин жил болгон зуд болдоггүй юм. 1943, 1944 оны зуд монголчуудын голд орчихсон юм шиг байна. Бичин жил эхэндээ толгойгоо хаялдаг, дуусаад ирэхээрээ сүүлээ шарвадаг гэсэн ойлголттой болжээ. Бичин жил бүр зуд болдоггүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Зуд их олон янз. Цас их унавал цагаан зуд, цас орохгүй бол харын зуд, олон хоног хүйтэрвэл хүйтний зуд болдог. Дээр нь манай монголчууд сүүлийн үед хариуцлагын зуд гэдэг зүйлд нэрвэгддэг болсон. Ялангуяа засаг солигдох үед хариуцлагын зуд нүүрлэдэг. Давтамж нь ойртож байгааг зориудаар хэлье. Энэ өвлийн хувьд зохион байгуулалт сайтай байж, өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангачихвал зуд болох магадлал бага байгаа.

-Энэ өвлийн цаг агаарын төлөв ямар байх вэ?
-Энэ жилийн хувьд газар нутгийн 60 хувьд бэлчээр хэвийн, 35 хувьд гандуу байна. Иймээс бэлчээрийн даац хэтэрсэн, цас ахиу орж болзошгүй газрууд, гандуу гэсэн ангилалд багтсан аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдахаас өмнө хадлан тэжээлээ бэлтгэх нь чухал. Арваннэгдүгээр сарын дунд үеэс цасан бүрхүүл тогтох төлөвтэй байгаа. Улмаар нийт нутгийн 30-40 хувьд, тэр дундаа гандуу байсан төв болон зүүн зүгийн нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Өнгөрсөн хоногт орсон хоёр удаагийн цаснаар гэхэд Их нууруудын хотгор, Увс, Хэнтий, Завхан зэрэг аймагт цасан бүрхүүл тогтсон.

-Хур тунадасны хэмжээ нэлээд ахиу байх төлөвтэй байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байсан?
-Олон жилийн цаг уурын ажиглалтын дүнгээс үзэхэд жилийн хур тунадасны хэмжээбага байна. 2011, 2012 онд хамгийн дээд түвшиндээ хүрсэн. 1985 оноос хойш агаарын температур тогтвортой дулаарч байна. Дэлхийн ажиглалтын дүнд 2016 оныг хамгийн дулаан жил боллоо гэж үзэж байгаа.

-Бэлчээрийн судалгаа хийсэн үү. Отрын бүс нутгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөц бий. Харин газар нутгийн 10 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан сум бэлчээрийн даац хэтэрсэн бүсэд хамаарч байгаа. Мөн Ховдын найм, Говь- Алтайн нэг, Архангайн зургаа, Өвөрхангайн хоёр, Булганы зургаа, Төв аймгийн гурван сум дээрх ангилалд орсон. Зүүн бүсээс Хэнтийн Дадал, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан суманд бэлчээр хүрэлцэхгүй байна. Түүнчлэн Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгадад бэлчээрийн даац хэтэрсэн байна.

ЗГМ: НЭГ АСУУЛТ Өвөл өнтэй, хавар хахир болж магад

-Ирэх өвлийн өнгө ямар байх бол. Ажиглагдсан зүйл байгаа юу?

Булган аймгийн Сайхан сумын Хульж багийн малчин Д.Баасансүрэн:
-Цаг агаар хүйтэн болохоос гайгүй өвөл болно гэж бодож байна. Намар болохоор тарваганы ичээ наана цаанаасаа, тэнгэрийн байдал хаяанаасаа болдог юм. Энэ намар хачиг их унасан болохоор цас багатай, өнтэй өвөлжинө гэсэн найдлага тээж сууна.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн малчин П.Төрмөнх:
-Настай хүмүүс тэнгэрийн байдал, байгалийн зарим өөрчлөлтийг ажиглаж, ирэх өвлийн өнгийг шинждэг. Гэвч тэр уламжлал сүүлийн үед алга болох гээд байна. Миний хувьд ажиглаж тандсан зүйл алга. Хачиг уналаа гэж нутгийн олон ярьж байсан. Тэгэхээр өвөлдөө цас бага унах болов уу. Сүүлийн жилүүдэд нэлээд орой хүйтрэх болсон. Тиймээс нэг, хоёрдугаар сараас л хүйтрэх байх.

Дундговь аймгийн Говь- Угтаал сумын гуравдугаар багийн малчин Б.Нямсүрэн: -Намар цас их орохоор зуд зулддаг гэсэн үг бий. Энэ намар цас их орлоо, өвөл өнтэй болох байх. Уг нь оготно, зурмын хөеөгөө бэлтгэсэн байдал, усны шувууд буцах байдлыг ажиглаж тэнгэрийн өнгийг шинждэг л дээ. Энэ жил тэгж чадсангүй. Бичин жилийн зуд гэж яриад байдаг ч байнга давтагддаг үзэгдэл биш байх. Харин хавартаа нэлээд хахир хүйтэн болж магадгүй.

САНАЛ БОЛГОХ