Цэцэрлэгийн багтаамжийг 5375-аар нэмэгдүүлнэ гэв

Мэдээ

Ирэх онд улсын хэмжээнд нийт 11408 суудал бүхий 22 сургууль ашиглалтад оруулна

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт ирэх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийхийг үүрэг болгожээ.

Тэгвэл энэ оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг 2015 онтой харьцуулахад 7.5 хувь буюу 16898 хүүхдээр нэмэгдүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 865, хувийн хэвшлийн 506, нийт 1371 цэцэрлэгт 242,286 хүүхэд суралцаж байгаа аж. Үүнээс 44 хувь болох 106,711 хүүхэд Улаанбаатарт, 56 хувь нь буюу 135,569 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт хамруулсныг Засгийн газрын тайланд тусгажээ. Улаанбаатар хотод 625 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 404 нь хувийн хэвшлийнх аж. Энэ оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсэхээс Улаанбаатарт 27579, хөдөө орон нутагт 35100 хүүхэд элссэн байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 16, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Японы тусламжаар найм, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орох аж. Ингэснээр цэцэрлэгийн багтаамж 5375-аар нэмэгдэнэ. Мөн 2017 онд ашиглалтад орох 850 хүүхдийн хүчин чадал бүхий есөн цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Хувийн цэцэрлэг, сургууль нь боловсролын төрийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тайланд тусгажээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд хувийн 72 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон байна. Үүнээс гадна байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэнээр Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй болж, ажиллагсдынхаа 100 хүүхдийг хамруулжээ. Мөн ХХААХҮЯ болон Уул уурхайн яам дэргэдээ цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа аж.

Хувийн цэцэрлэг, сургууль төрийн ачааллыг бууруулж байна

Шинэ Засгийн газар байгуулсан эхний сард цэцэрлэгийн хомсдлыг шийдвэрлэх талаар хэлэлцэв. Ингээд есөөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөж байхаар Барилга хот байгуулалтын яаманд даалгасан юм.

Харин энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 798 сургуульд 561,691 сурагч суралцаж байна. Үүнээс хөдөөгийн 563 сургуульд нийт суралцагчдын 58.6 хувь буюу 329,151, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 235 сургуульд 41.4 хувь буюу 232,540 сурагч тус тус суралцаж байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жилээс хүүхдийн тоо 26636-аар нэмэгджээ.

2015 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 24 сургуулийн 6.3 мянган сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж байв. Гэтэл энэ оны хичээлийн жилд 34 сургуулийн 9923 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. Улаанбаатар хотод энэ онд хувийн 1500 суудлын хүчин чадалтай найман сургууль сургалт эрхлэх зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Харин сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2016 онд нийт 6960 суудалтай 17 сургууль, 2017 онд нийт 11408 суудал бүхий 22 сургууль улсын хэмжээнд ашиглалтад оруулна.

САНАЛ БОЛГОХ