Зиндаа ахисан юанийн нөлөө

Нийтлэл

Юань ам.долларын эсрэг суларсаар байна

Монголбанкны зарласан ханшаар юань өчигдрийн байдлаар 340.67 төгрөгтэй тэнцэв. Ингэснээр төгрөгийн эсрэг юанийн ханш түүхэн дээд цэгтээ хүрч, чангарлаа.

Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш есдүгээр сард сарын хугацаанд 2.2 хувиар суларсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар хямдарчээ. Юанийн ханш сүүлийн хоёр сар дараалан тасралтгүй огцом өсөж, одоогийн түвшинд ирсэн нь энэ.

Олон улсын валютын сангийн шалгуурыг юань хангаж, нөөц валютын сагсанд багтаад хагас сарын хугацаа өнгөрч байна. Өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт зиндаа ахиж, ам.долларын гол өрсөлдөгч болох замаа нээсэн нь Ази, Номхон далайн эдийн засагт төдийгүй дэлхийн гадаад худалдаа, санхүүгийн системд хэрхэн нөлөөлөх, эсэх нь анхаарал татсан хэвээр.


Юань олон улсын нөөц валютаар тодорсон ч богино хугацаанд дэлхийн зах зээлд ямар нэгэн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж олон улсын зарим шинжээч дүгнэж байна.

БНХАУ-ын га д а а д худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар дөрвөн их наяд ам.долларт хүрсэн. Худалдааны эргэлт нь жил ирэх тусам тэлсэн ч дэлхийн төлбөр тооцоонд гүйцэтгэх юанийн эзлэх хэмжээ ердөө 1.8 хувиас хэтэрсэнгүй. Энэ нь юанийн богино хугацаанд үзүүлэх нөлөө бага болохыг илтгэсээр.

Мөн бусад улсын төв банк өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөцдөө юанийн эзлэх хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр хараахан гаргаагүй байгаа нь удаах шалтгаан болж байна. Гэхдээ юань нөөц валютын сагсанд багтсанаар дунд болон урт хугацаанд үзүүлэх нөлөө нь өндөр байх төлөв хадгалагдсан хэвээр байгаа юм. Тухайлбал, юанийн хөрвөх чадвар дунд хугацаанд нэмэгдэж, урт хугацаанд урд хөршийн эдийн засаг илүү нээлттэй болох эхлэл бий болж буйг дуулгая. Энэ нь юанийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг.

Улмаар дэлхийн төв банкууд гадаад валютын нөөцөө юаниар бүрдүүлэх боломж гарахыг үгүйсгэхгүй.

Хятад улс дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх түүхий эд импортлогч. Энэ утгаараа голлох түүхий эдийн үнэ ам.доллараар илэрхийлэгддэг өнөөгийн тогтолцоо аажмаар суларч, юаниар хэмжигдэх боломжтой хэмээн зарим судлаач таамаг дэвшүүлж байна. Үүнээс гадна Хятадын Ардын банкны бодлогын нөлөө болон өмнөд хөршийг чиглэх хөрөнгийн урсгал цаашдаа зогсолтгүй нэмэгдэх хүлээлт өндөр байгаа аж. Тэр дундаа Хятадын Засгийн газрын бондын өгөөж, зээлийн өртөг дунд хугацаанд буурах хандлагатай байна. Энэ нь манайх шиг хөгжиж буй оронд тусаа өгөх нь гарцаагүй.

» Юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн сагсанд орсноор сагсны 10.92 хувийг эзлэх болсон. » Хятадын Засгийн газрын бондын өгөөж, зээлийн өртөг дунд хугацаанд буурах хандлагатай байна.

» Монгол Улсын нийт экспортын 81, гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж буй.

Сүүлийн таван жилийн хугацаанд урд хөршийн экспортын хэмжээ дэлхийн зах зээлд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрчихсэн. Тодруулбал, 2007 оноос эхлэн өмнөд хөрш дэлхийн хамгийн том экспортлогч улс болсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт экспортын 14 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь том тоглогч болсныг харуулна.

Хятадын мөнгөн тэмдэгт олон улсын нөөц валют болсноор дэлхийн зах зээлд чөлөөтэй ашиглахаас гадна гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх боломж бүрдсэн. Энэ нь юанийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсээр. Хятадын Ардын банк сүүлийн 10 жилийн хугацаанд хил хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн дансаар орж гарах валютын урсгалыг илүү чөлөөтэй болгоход анхаарсан байдаг. Энэ нь юанийг олон улсын нөөц валют болгоход тодорхой хөшүүрэг болсон нь лав. Валютын гүйлгээнд урьдын тавьдаг хяналт зохицуулалтаа ч өмнөд хөрш өөрчилж, ил тод болгох эрх зүйн зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Юань ОУВС- гийн зээлжих тусгай эрхийн сагсанд орсноор сагсны 10.92 хувийг эзлэх болсон. Ингэснээр юань, ам.доллар, еврогийн дараа бичигдэх болов. Юань ОУВС- гийн зээлжих тусгай эрхийн буюу нөөц валютын сагсанд орсон нь түнш орнуудын худалдаа, үйлчилгээний салбарт томоохон дэмжлэг болно гэж зарим шинжээч үзсээр.


Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспортын 81, гадаад худалдааны эргэлтийн 61 хувийг БНХАУ- тай хийсэн худалдаа эзэлж буй. Банкны системээр дамжиж буй гадаад валютын орох урсгалын 15, нийт валютын эргэлтийн 14 хувийг юань бүрдүүлж байгаа аж. Үүнээс үзэхэд юань богино хугацаанд манай улсын валютын дотоодын захад төдийлэн нөлөө үзүүлэхээргүй байгааг зарим эдийн засагч хэллээ.

Учир нь иргэд, хадгаламж эзэмшигчдийн валютын эргэлт ам.доллараар илэрхийлэгдэж байгаа нь юань дотоодын захад хадгаламж байршуулах валют болоогүйг гэрчлэх аж. Манай улсын дийлэнх зээл, санхүүжилт ам.доллараар илэрхийлэгдэж, нөгөө талдаа орлого мөн ам.доллараар ордог. Иймд компаниуд валютын тэнцвэргүй байдал үүсгэхгүйн үүднээс зах зээл ам.долларт төвлөрөөд байна. Үүнтэй холбоотой зах зээлд эзлэх юанийн орон зай ойрын хугацаанд тэлэхээргүй байгаа аж. Харин хэтдээ юанийн хэрэглээ олон улсад өргөжиж, зах зээл дэх эргэлт нэмэгдсэнээр дотоодын валютын захын ам.доллараас хамааралтай байдал буурах, гаднаас авч буй худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоог юаниар хийх нь нэмэгдэнэ


Харин дунд хугацаандаа ам.доллараар төвлөрөөд буй зээл болон хадгаламжийн хэмжээ ч хумигдах, юанийн орох урсгал эрчимжих, зах зээл төрөлжих зэрэг эерэг хүлээлт бүрджээ.

Хятадын мөнгөн тэмдэгт олон улсын нөөц валют болсноор дэлхийн зах зээлд чөлөөтэй ашиглах болон гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх боломж бүрдсэн.
Юань олон улсын нөөцийн валют болсон ч өмнөд хөрш хөрөнгийн урсгалаа нарийн хянасан хэвээр. Түүнчлэн Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөх магадлал улам бүр нэмэгдэж, ам.долларын ханш дэлхий даяар чангараад байгаа. Ийм үед юанийн ханш богино хугацаанд чангарах хүлээлт зах зээлд үүсэх боломжгүйг олон улсын судалгааны зарим агентлаг мэдээлжээ. Олон улсын валютын сан жилийн өмнөөс юанийг зээлийн тусгай эрхийн сагсанд багтаах тухай дүгнэлтээ танилцуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл юань ам.долларын эсрэг суларсаар.

Харин санхүүгийн салбар алсдаа юаньд итгэл үзүүлж, төлбөр тооцоогоо юаниар хийх хандлага нэмэгдсэн тохиолдолд эрэлтээр дамжин ханшид нь нөлөөлөх боломжтой гэж зарим судлаач дүгнэв. Гэвч дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын бизнес төлөвлөгөө, зах зээлийн томоохон оролцогчдын шийдвэрээс их зүйл хамаарах нь тодорхой. Ойрын ирээдүйд манай улсын хувьд ч ялгаагүй гадаад худалдаа эрхлэгч томоохон компаниудын худалдааны гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт орох, уг шийдвэрийг бизнестээ хэр шуурхай тусгахаас их зүйл шалтгаална. Юань олон улсын санхүүгийн голлох хэрэгсэлд багтсан ч одоохондоо ханшид нь төдийлэн нөлөө үзүүлээгүй байна.
САНАЛ БОЛГОХ