Британийн сайд Кремлийг хилэгнүүлэв
Жорж Паркер, Жеймс Блиц
Британийн Гадаад хэргийн сайд Брис Жонсон Сири ба Оросын онгоцууд Алеппог бөмбөгдөж буйг зогсоохын тулд өрнөдийн холбоотнууд “цэргийн оролцоо”-ны талаар хэлэлцэнэ хэмээсэн. Энэ нь Москватай харилцах харилцааг нь хурцатгалаа.
Тэрбээр уг санаа бэрхшээлтэйг хүлээн зөвшөөрсөн агаад туслахууд нь Британийн тал цэргийн оролцоог бус Алеппо дээр агаарын хориотой бүс байгуулах тухай ярьсан гэв. Ням гарагт болсон уг уулзалтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даргалжээ. Уулзалтад Европ, Ойрх Дорнодын холбоотнууд оролцож Оросын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна.
Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Сирид цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй” гэсэн юм. Гэтэл Жонсоны мэдэгдэл Британийн Гадаад хэргийн яамныхны дунд гадаадад ажиллаж буй дипломатуудын талаар түгшүүр үүсгэжээ. Тэрбээр “Орост ганцаардсан улс болох аюул нүүрлээд буй” гээд Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалсан юм.
2011 онд Лондон Ираны эсрэг хориг арга хэмжээ авахад Тегеран дахь Британийн Элчин сайдын яам руу жагсагчид дайрч, тоносон түүх бий. Уг явдал Британийн хувьд хатуу сургамж болж, хоёр улс тус тусын ЭСЯ-ыг дөрвөн жилийн хугацаагаар хаасан билээ. Жонсоны мэдэгдлийг Оросын хэвлэлээр өргөн мэдээлж байгаа нь Орост ажиллаж байгаа Британийн төлөөлөгчдийн эсрэг жагсаал хийхэд хүргэж болзошгүй гэж дипломат албаныхан зовниж байгаа юм. Түүнчлэн WikiLeaks-ийн 2010 онд ил болгосон Америкийн дипломат шуудангийн бичлэгт Оросын тусгай албад Британийн ЭСЯ-нд ажилладаг оросуудад шахалт үзүүлдэг учир ажиллах хүч дутагдалтай байдаг талаар дурджээ.
Өрнөдийнхөн Алеппог хамгаалахын тулд цэрэглэн оролцох тухай ноён Жонсоны санаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүйтэн үгээр хариу барив. Тэрбээр “Терроризмын эсрэг тэмцэж буй ямар ч улсын хүчин чармайлтыг өндөр үнэлэх ёстой. Гэтэл ийм хүчин чармайлт нь тухайн улсын хууль ёсны засаг захигааны эсрэг чиглэсэн бол үнэлээд байх хэрэггүй” гэсэн юм.
Ноён Жонсон Вестминстерт парламентын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ нислэггүй бүс буюу Алеппог тойрсон “бөмбөггүй бүс” байгуулахад эрсдэлтэйг хүлээн зөвшөөрчээ. Улмаар дипломатаар шийдэх боломж олдох байх гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Нийтийн танхимын гадаад хэргийн хороонд хандаж, “Одоо илүү эрчимтэй буюу цэргийн арга хэмжээ авах тухай бодох цаг нь болсон. Гэхдээ бид бодитой хандаж, юуг хэрэгжүүлж болохыг нягтлах ёстой” гэжээ. Жонсон зөвхөн эвсэлд хамтарч, ийм арга хэмжээ авах ёстой гэсэн боловч “хамтрах боломжоос нэлээд холдчихоод байгаа”-г хүлээн зөвшөөрсөн аж.
Британийн Гадаад хэргийн сайд цааш нь парламентын гишүүдэд ярихдаа тус улс Алеппо дахь хүчирхийллийг зогсооход оролцох боломжийн талаар их найдвар тавиад хэрэггүйг тэмдэглэжээ. Мөн 2013 онд Засгийн газар Сирид цэргийн ажиллагаа явуулах саналаа парламентад оруулаад ялагдсаныг сануулав. АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Керри Британийн сайдтай уулзахаасаа өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийх аж. Мөн энэ даваа гарагт Люксембургт Европын холбооны Гадаад хэргийн сайд нартай уулзаж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй