Ганцхан дүгнэлт: Ирак Ираных боллоо

Судлаачийн үг

Америкчуудын хүсээгүй холбоотон нь өөрсөдтэй нэг нуувчинд орчихсонд гайхаад баршгүй


Дэлхийн мэдээллийн их урсгал дотор Сири, Иракаас гэгээтэй гэхээсээ баргар агуулгатай мэдээ голлоно. Гэхдээ лав Иракт “Лалын улс” (ISIL) бүлэг үндсэндээ ялагдаад дуусч байгаа бололтой. Иракийн хоёр дахь том хот Мосул 2014 оны зунаас “Лалын улс” гэх халифатын нийслэл байсан, 2016 оны хавраас Иракийн арми тэр хотыг бүслэн хааж, байлдаж буй. Ялагдлаа мэдэрсэн исламистууд тэндээс дүрвэсээр. Өнгөрсөн зун Халифатын халиф нь зугтаад алга болсон. Америк тэргүүтэй олон үндэстний хүчнийхэн хүч хавсраад мөд энэ хотыг чөлөөлчихнө. Гэлээ гээд амар амгалан үе Иракт ирэхгүй гэх өөдрөг бус төсөөлөл гадаадын хэвлэлээр түгээмэл.

Яагаад? “Лалын улс”-ыг цэрэг- дайны талаасаа ялж болох юм. Гэтэл тэр дайны дараа Иракт юу үлдэх вэ гэдэгт л зовинол оршиж байх шиг. Иракийн нийгмийн конфигурац (configuratio) ямар болох вэ? Конфигурац гэдгийг нийгмийн харилцаа, нийгмийн төлөв байдал гэж буулгаж болно. Шашнаараа талцаж хуваагдсан Ирак бахь байдгаараа л үлдэнэ. Энэ бол конфигурац нь мөн.

Хэрэв “Лалын улс” дарагдаж гэмээнэ хэн ялагч болж үлдэх вэ гэдэгт хамгийн их адармаа оршиж байна. Хуваагдсан олон шашны дотроос лалын шиитийн сайн дурын хүчин (“Ардын дайчилгааны цэрэг” буюу арабаар “Хашд шааби”) Иракийг захирч үлдэх төлөв харагдана. Энэ бол Ираны цэрэгжсэн элит-Лалын хувьсгалыг хамгаалах корпусын салаа салбар нь болчихоод, цаашаа төлөвшиж байгаа цэргийн томхон бүлэг юм. “Ардын дайчилгааны цэрэг” гэдэгт персүүд олуулаа байгаа нь америкчуудыг хилэгнүүлсэн нэг гол шалтгаан болно. Жихадистуудаас Иракийг хамгаалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л хожим үлэмж гай тарьж мэдэх шиитийн хүчирхэг бүлэглэл болж хувирчээ. Америкийн “The National Interest” сэтгүүлд бичсэнээр, 100 мянган шалгарсан цэрэг Иракт байлдаж байлаа гэхэд 80 хувь Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпустой ямар нэгэн холбоо сүлбээтэй. 2017 онд Иранд сонгууль болно, тэгэхэд Тегеранд ч, Багдадад ч эрх мэдлийн оргилд энэ 100 мянгаас олон хүн хүрсэн байх тооцоотой. Иракийн зарим хотод Ираны дээд лидер аятолла Хаменеи, түүний өмнөх Хомейни нарыг том том хөргийг өлгөөд эхэлсэн нь нэгийг өгүүлэх шиг.

Мосул руу 1) шиитийн хүчнийхэн, 2) америкийн цэрэг, 3) Иракийн Засгийн газрын цэрэг нэгдэн чөлөөлөлт явуулж байна. Америкчуудын хүсээгүй холбоотон нь өөрсөдтэй нэг нэг нуувчинд орчихсонд гайхаад баршгүй. Учир нь “Ардын дайчилгааны цэрэг” буюу нөгөө 100 мянга дотор чинь террорист гээд Вашингтонд бүртгэгдчихсэн маш олон нөхөр хамт мөр зэрэгцэн тулалдаж байна. “Ардын дайчилгааны цэрэг”-ийн командлагчийн орлогч Абу Махди аль-Мухандис бол өөрийн “Катаиб Хезболла” гэх зэвсэгт отрядтай, тэр нөхөр террористуудын жагсаалтыг магнайлна. “Foreign Policy” сэтгүүлд судлаач Майкл Найтсын бичсэнээр, тээр жил Иракийг Саддамын дэглэмээс чөлөөлсний дараа Америкийн маш олон цэрэг дайчдыг хөнөөсөн хэрэгт энэхүү “Катаиб Хезболла” буруутай аж.

“Ардын дайчилгааны цэрэг” ч тэр, дотор нь буй “Катаиб Хезболла” ч тэр, Ираны эрх ашгийг үхэн хатан хамгаалахын сацуу олон улсын хүний эрхийг хамгаалагчдын (Human Rights Watch гэх мэт) гомдоллож байгаагаар лалын суннит шашинт хүн ам голлосон хот, тосгодод айхтар хэрцгий ханддаг, элдэв эрүү шүүлт тулгадаг, ер нь яргалаад дуусдаг юм байх. “Лалын улс”-тай хардсан л бол амьд гарах суннит хүн олдохгүй. Курдын пешмерга гэх сайн дурын цэрэг чөлөөлсөн хот тосгодоо “Ардын дайчилгааны цэрэг”-т шилжүүлж өгсний дараахнаас гай гамшиг нүүрлэнэ.

Ингэхэд “Ардын дайчилгааны цэрэг” гэдгийг Иракийн эрх баригчид армидаа хүч хавсруулахаар байгуулсан. Гэтэл нэг мэдэхнээ энэ цэргийн гол хүч нь Ираны тал баримтлагчдаар дүүрчээ. Энэ хүчний гол гол тушаалд Ираны гол агент болох “Бадр” гэх бүлгийнхэн морилж байна. Ер нь Иракийн арми, цагдаад “бадрчууд” маш олуулаа. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади нь “Бадр”-ын лидер Хади аль-Амири гэгчтэй бат зузаан барилдлагаатай. “Ардын дайчилгааны цэрэг” дэх “бадрчууд” (нэг ёсондоо шиит шашны фанатууд) хэт оодроод одоо тэднийг Иракийн Засгийн газар хянаж хүчрэхгүй болсонд жирийн иргэд нь ихэд шаналан сууна.

Эндээс үзвэл “Ардын дайчилгааны цэрэг” гэдэг нь нэгдсэн командлал, нэгдсэн сахилга бат, итгэл үнэмшилгүй, нэгдсэн зохион байгуулалтгүй зэвсэгт бүлэглэл юм шиг. “Foreign Policy”- д Ренад Мансур гэгчийн бичсэнээр Иракаас “Лалын улс” хөөгдөн гарсны дараа энэ бүлгийнхэн Иракийг түйвээж мэдэхээр юм. Харин эдэнтэй хэрхэн учраа олно доо гэх хүлээлт, бүр айдас Вашингтонд төлөвшин буй. Ирак нь лалын шашны хоёр том урсгалын хоорондын дайнд цаашаа автана. Иран нөлөөтэй болж ирнэ, Ирак Ираных болно гэхээс америкчууд голдоо ортол мэгдэн сандарч байх шиг. Иракт байлдаж явсан, эдүгээ Конгрессын гишүүн Сет Мултон энэ тухай зовинолтойгоор ярьжээ.

“Ардын дайчилгааны цэрэг”- ийг шашны нөлөөллөөс гаргая, суннитуудыг тийшээ түлхүү оруулъя, тэгэхгүй бол дарагдашгүй том дайснаа харсаар байж бэхжүүлчихнэ хэмээн тэрээр санууллаа. Улстөрч Мултоны үзэж байгаагаар, Мосулыг чөлөөлөх гэж яаравчлах хэрэггүй, Иракийн Засгийн газарт мөнгөөр туслахдаа “Ардын дайчилгааны цэрэг”-ийн нөмөр нөлөөнөөс сална гэсэн ам өчиг ав, армийг араб-суннитуудаар түлхүү удирдуул гэхчлэн уриалан дуудсан байх юм.

Гэтэл шиитийн сайн дурынхан өөдөөс нь “хуц” гэнэ. Шийддэгээ шийдчихсэн, хийдгээ хийчихсэн, америкчууд хориглоод нэмэргүй хэмээн ам таглав. “Америкчууд харин бидэнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид байгаагүй бол “Лалын улс”- ын довтолгооныг бид эхлэн няцаагаагүй бол яах байсан хэрэг вэ? Бид энд ганц Иракийг биш, бүх дэлхийг хамгаалж байна шүү дээ!”-шиитүүдийн дайчин цогтой үгс энэ.

Явж явж Иракт Иран гэж нэг том ялагч гараад ирэхээр дүр зураглал бууж байна. Америкчууд Саддамыг зайлуулсныхаа дараа хүн амын олонх нь юм гэж тооцоолоод шиит Ерөнхийлөгч Иракт томилохыг оролдсон. Гэм нь теократ шиит Иран ихээхэн дургүйцсэн. Аятоллатай зэрэгцэх шиит Төрийн тэргүүн зэргэлдээх Арабын улсад гараад ирнэ гэдэг тэдний лалын хувьсгалын зарчимд нийцэхгүй. Тэгэхээр нь ардчилсан сонгууль явуулсан дүр эсгээд, шиит Ерөнхий сайд Нури аль-Малик гэгчийг гаргаад ирсэн. Иран тэр үед ундууцаагүй. Сирийн иргэний дайн дэгдсэний дараа Иракийн агаарын орон зайг Дамаск-Тегераны хооронд нээгээд өгчээ. Нэг талаас нь цэргийн зөвлөхүүд, зэр зэвсэг, сум агаараар зөөвөрлөсөн. Эргээд шархтанууд Ираны эмнэлгүүдийг дүүргэсэн юм.

Иракийн шиитийн шашны удирдагч Моктад ас-Садр Иранд ихэнх цагаа өнгөрөөсөн, тэнд суралцсан, дайчид нь Сирид одоо хүртэл байлдаж байна. Багдадын шиитийн хорооллуудад Ираны аятолла, Иракийн имам Садрын зураг зэрэгцэн өлгөөтэй өнөөг хүрлээ. Аль нь жинхэнэ удирдагч вэ? Ийм зураглал сүүлийн хэдэн жил нүднээ буулаа. Одоо Мосулыг чөлөөлж байна. Тэнд Ираны сайн дурынхан, шиитийн босогчид, курдууд, Америкийн хэдэн зуун цэрэг, Иракийн албан ёсны арми хамт очлоо.

Шиит Ерөнхий сайдын балгаар Ирак орон эхлээд хаост орсон. Суннитууд бүр ч хүнд байдалд орсон. Тэднийг хамгаалах нэрээр “Лалын улс” халифатаа байгуулж, аллага үйлдэж, бас газрын тосыг нь үлэмж цөлмөсөн. Гэтэл дэргэд нь Курдистан шиг цэцэглэн хөгжсөн бүс нутаг, тэндхийн диваажинг гэмгүй маш олон Иракийн суннит мөрөөдөн суугаа. Хэд хэдэн суннит омгууд Багдадын эрх баригчдын эсрэг бослого дэгдээхийн тулд дайчилгаа зарлаж үзэв. Обейд, Жабур хоёр омог зөвхөн зэвсэгт тэмцлийн зам сонгоно гэж заналхийлсэн. Цаашаа яах вэ? Гадаадын хэвлэл мэдээллийн үнэлэлт дүгнэлт бүр баргар төсөөллийг хэлээд байх шиг. Хоёр л зам Иракийг хүлээж байна. Шашин хоорондын сунжирсан цуст дайн бүр жинхэнээсээ дэгдэх; Ирак улс хэдэн хэсэг болж задрах. Энэ хоёроос гадна бүр хамгийн баргар гурав дахь зам байна. Дээрх хоёр замыг хослуулах буюу эртний, нөлөө бүхий, түүхт Ирак орон бүрэн дампууран нурж унах зам. Энд гарцын тухай биш сценар ярьж байна.

Иракийг тойрсон Баруун өмнөд Ази тэр чигтээ шиит, суннитуудын мөргөлдөөний хөлд дайрагдах цаг айсуй юм биш биз? Бүр 20-30 жил үргэлжлэх шашны дайны тухай ёрлон ярьдаг болжээ. Сектант дайны газрын зураг дээр бүлэг орнууд эчнээ зоогдоод байна. Иракаас эхэлсэн тогтворгүй байдал Сирид эргэж тархах, Ливаны хувь заяа буруугаар эргэх, Иордан, Иран, Ливи, Туркэд бужигнах нигуртай. Хэдийгээр айхтар цус урсгаж бужигнахгүй ч шашны мөргөлдөөн Бахрейн, Саудын Арабыг хөндөж мэднэ. Катарыг энэ жагсаалтад нэмж болно. Тэртэй тэргүй Йемен нураад уначихсан. Энэ мэтээр маш олон улс орон XXI зууны энэ торгон агшинд шашны цуст мөргөлдөөний гэрч болох юм биш байгаа?
САНАЛ БОЛГОХ