Төрийн "супермаркет"-ын эзгүйрэл

Сурвалжилга

Ингээд тооцохоор нийслэлийн төсвөөс сард 114 сая төгрөг гаргадаг

“Гадаад паспорт захиалахаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл экспо" дахь салбараар очив. Бэлдэц дууссан шалтгаанаар захиалга авсангүй. Нэгдсэн төвийн танхим саруулхан, том талбайтай, төрийн бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн байна лээ. Гэсэн ч төрийн албан хаагчдаас өөр хүн харагдсангүй. Хүмүүс мэдэхгүй болохоор очихгүй байгаа байх” хэмээн танил маань өгүүлэв. Тиймээс сүр дуулиантай эхэлсэн төрийн үйлчилгээний хамгийн том супермаркетын үйл ажиллагаа хэрхэн явж байгааг сурвалжлахаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл", "Дүнжингарав" дахь салбарыг зорьсон нь энэ.

"Мишээл" барилгын их дэлгүүр дотор байрлах нэг цэгийн үйлчилгээний салбараар 11.30 цагийн үед очлоо. Үүдээр нь ормогц мэдээллийн ажилтан угтан авч, ямар үйлчилгээ авах хүсэлтэй байгааг минь тодруулав. "Мишээл" салбар бусад хоёрыг бодвол зай талбай багатай, цомхон байлаа. Гаднах зогсоолд нь 10 гаруй машин харагдлаа. Ажлын өдөр төдийгүй үдээс өмнө гэхэд үйлчлүүлэгч олон байгаа бололтой гэсэн миний таамаг зөрлөө. Дотор нь ороход тав, зургаа орчим хүн л үйлчлүүлж байгаа харагдав. Тэд голдуу халамж, улсын бүртгэлийн хэсгээр үйлчлүүлж байв. Харин бусад 15 гаруй цонх нь ямар ч хүнгүй, ажилтнууд нь компьютерынхоо ард сууж байв. "Мишээл" салбарын менежер Д.Байгалмаа “Манайх өнгөрсөн тавдугаар сарын 28-наас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нутгийн захиргааны 24 байгууллагын 236 үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. 89 албан хаагч хоёр ээлжээр ажилладаг. Үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа” гэв. Тус салбарыг өдөрт 3000 гаруй хүнд үйлчилнэ гэсэн тооцоогоор байгуулсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 600 орчим хүнд үйлчилж байгаа аж. Мягмар гарагт гэхэд 400 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлжээ.

"Дүнжингарав" дахь салбарын хувьд арай өөр байв. Хэд гурван үйлчлүүлэгч явж байхтай таарвал ямартай ч хоосон биш байлаа. Тэд мөн л улсын бүртгэл, халамжийн үйлчилгээ, газрын харилцаа зэрэг өдөр тутам хүний амьдралд хэрэг болдог үйлчилгээ авахаар дугаарлажээ. Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдэх хугацааг богиносгож, иргэдэд учирдаг байсан хүндрэл, чирэгдлийг халах зорилготой байгуулсан тус төвийн зарим албан хаагчдын зан араншин өнөөх л хэвээрээ хүнд сурталтай “пээдгэр” зантай нь харагдав. Зүдрүүхэн амьдралтай болов уу гэмээр хөгшин эр оочер дугаар авдагийг нь мэдэхгүй мэдээллийн ажилтнаас хэрэгтэй мэдээллээ асуухад өнөөх залуу “Цаашаа сууж байна. Би энд хүнтэй байна” хэмээн чанга дуугаар хэлсэн нь өнөөх эрийг агшин зуур бөндөлзүүлээд авлаа.

Цааш явж ажиглатал нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын гурван цонхны ердөө нэгд нь мэдээлэл өгөх хүн сууж байгаа харагдав. Тойроод өөр ийм хэдэн газар байгаа эсэхийг харахад цөөнгүй хэсэг нь хоосон байв. Ийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр салбараар ороход харьцангуй хүн багатай, зарим газар нь хоосорч, эзгүйрсэн байсан юм. Уг нь төрийн ийм том хэмжээний супермаркетыг ажиллуулж эхэлсэн нь төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах, авлигыг зогсоох томоохон ач холбогдолтой. Өмнө нь иргэд хүнсний дэлгүүр байгуулах гэж мэргэжилтэн, дарга нарын үүдийг хэдэн өдөр сахиж, бичиг цаас бүрдүүлэх гэж нэг газраас нөгөө газар руу хоёроос доошгүй удаа явдаг байсан. Энэ үйлчилгээг эхлүүлэхийн өмнө нийслэлээс иргэд бичиг цаасны ажилд хэдий хэмжээний зардал гаргадаг болохыг судалж үзсэн байна. Ингэхэд нийслэлчүүд төрийн үйлчилгээг авах гэж шууд болон шууд бус зардалд 100 тэрбум төгрөг зарцуулдаг болохыг тогтоосон аж. Тиймээс энэ төвийг ажиллуулах шийдвэрийг нийслэлийн өмнөх удирдлагууд гаргаж, үүндээ бага биш мөнгө зарцуулжээ. Харамсалтай нь, нарийн тооцоо судалгаагүй хийсэн ажил өнөөдөр хэдэн зуун сая төгрөгийн үргүй зардал дагуулж буйг хатуухан хэлэх нь зүйтэй болов уу.

Иргэд төрийн үйлчилгээг авах гэж 100 тэрбум төгрөг зарцуулдаг байв
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл" дэх салбарын талбай 1336 ам метр. "Мишээл" мега молл компани талбайгаа сарын 24 сая төгрөгөөр түрээслүүлдэг. Харин "Дүнжингарав" салбар 2800 ам метр талбайтай. Сарын түрээсийн төлбөр нь 60 сая төгрөгийн өртөгтэй. 1558 ам метр талбайтай "Драгон" дахь салбарын хувьд сарын төлбөр 30 сая төгрөг. Ингээд тооцохоор нийслэлийн төсвөөс сард нийт 114 сая төгрөгийг гаргадаг болж таарах нь. Дээрээс нь гурван салбарын хоёр ээлжээр ажилладаг нийт 300 гаруй ажилтны цалин нэмэгдэнэ. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцвол 150 сая төгрөг нэмэгдэхээр байна.

Уг нь 10 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байсан газруудыг нэг дор нэгтгэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, хүртээмжтэй болгосон сайн ажлуудын нэг. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй гээд бүхий л салбарт хэмнэлт хийж байгаа энэ үед энэ мэт үргүй зардлаа эргэж нэг хармаар юм.


ЗГМ: ТОДРУУЛГА
Төрийн албан хаагчдын орон тоог цомхон болгоно
Энэ талаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргилоос тодрууллаа.
-Танай төвийн үйл ажиллагаа ямар байна вэ. Нэмээд хоёр салбартай болсон. Үйлчлүүлэгчдын тоо хэр их байна вэ?
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбар нэг, "Мишээл", "Драгон" салбарыг дөрөвдүгээр сард байгуулсан. Энэ сарын 15-ны байдлаар нийслэлийн 800 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс "Дүнжингарав" салбарт 550, "Мишээл"-д 73, "Драгон" салбараар 170 мянган иргэн үйлчлүүлжээ. Өдөрт дунджаар гурван салбар нийлээд 3000-4000 иргэнд үйлчилж байна. Улирлаас шалтгаалан иргэдийн хандалт харилцан адилгүй байна. Жишээлбэл, оны эхний хагас жилд татварын байгууллагын ажил үйлчилгээ эрчимждэг бол найм, есдүгээр сард боловсролын газрын үйлчилгээ авдаг. Мөн гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэг байсан ч бэлдэц дууссан шалтгаанаар түр зогсоогоод байна. Гэхдээ иргэд асууж, сураглаж байгаа учраас бэлдэц нь ирсэн даруйд уг үйлчилгээг сэргээнэ.

-Гурван салбараар үйлчлүүлэгчдийн тоо нэлээд буурсан харагдаж байна. Улс орон даяар бүсээ чангалж байгаа энэ үед ажлын нөхцөл байдалтайгаа уялдуулан танай байгууллага зардлаа хэмнэх ямар нэг арга хэмжээ авч байна уу?
-Үнэндээ бидний тооцоолж байсан хэмжээнд хүмүүс үйлчлүүлэхгүй байгаа учраас ойрын хугацаанд бүтцээ цомхотгож, нэг ээлжээр ажиллахаар төлөвлөсөн. Тодруулбал, бүтэн 12 цагаар ажиллах нь хүн хүч, хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал үүсгэж байна. Иймд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд зардлын үр ашгаа тооцож, ажлын найман цагаар нэг ээлжээр ажиллахаар боллоо.

-Нийслэлийн 27 байгууллага, иргэдэд үйлчилж байна. Эдгээр байгууллагын хандалт харилцан адилгүй байдаг байх. Цөөн иргэдэд үйлчилдэг газруудад ямар зохион байгуулалт хийх вэ?
-Улсын бүртгэл, газрын харилцаа, халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээг иргэд ихэвчлэн авдаг. Хандалт багатай ажил үйлчилгээ буюу өдөр тутам иргэдийн амьдралд хэрэг болдоггүй үйлчилгээнүүд мэдээж бий. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, худалдан авах ажиллагаа, даатгалын зарим үйлчилгээ багтана. Тиймээс ачаалал багатай байдаг 10 гаруй байгууллагын албан хаагчийг буцааж байна. Оронд нь буцаасан байгууллагын ажил үйлчилгээг өөр бусад газраар дамжуулан авдаг тогтолцоо руу шилжиж байгаа. Харин суларсан талбайд авто тээвэр, даатгал зэрэг иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудыг оруулна.
САНАЛ БОЛГОХ