Агуу Петрагийн эх нутаг Йордан
Петрагийн эх түүхийг ойлгохын тулд бараг хоёр өдөр энд өнжих хэрэг гарна
Ойрх дорнодын хамгийн тайван газрын нэг Йорданы Хашемын хаант улс нь археологийн дурсгалт газраар нэн баялаг. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 112 дугаарт ордог ч археологи болон жуулчлалын 100 мянга орчим дурсгалт газартай. Эдгээр газрыг үзэх л гэж жилд бараг найман сая хүн Йорданын халуун элсэн цөлийг зорьдог. Жуулчдын дийлэнх нь Европ, Арабаас ирдэг байна.
Йорданы археологийн дурсгалт газруудын ихэнх нь Христ болон исламын шашны эртний түүх, зан үйлтэй холбоотой. Тиймээс ч сүсэгтнүүд эндхийг ариун дагшин газар хэмээн үзэж, заавал очих газруудын жагсаалтдаа оруулдаг аж. Йордан голын зүүн эрэгт ариун дагшин гэгдэх Аль-Махтаст хэмээх газар бий. Библид гардгаар Есүс Христийг энд адислаж байсан түүхтэй. Византын эзэнт гүрний үеэс сүсэглэж ирсэн энэ газрыг хожим Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.
Йордан 1970-аад оноос бүс нутгийн эмчилгээний аялал жуулчлалын төв болжээ. Йорданы хувийн эмнэлгүүдийн нийгэмлэгийн тооцоогоор 2010 онд 102 улсаас 250 мянган эмчлүүлэгч ирж, нэг тэрбум гаруй ам.долларын эмчилгээ хийлгэсэн байна. Дэлхийн банкны тооцоогоор тус улс эмчилгээний жуулчлалаар бүс нутагтаа тэргүүлж, дэлхийн хэмжээнд тавдугаарт бичигддэг аж. Орчин үеийн анагаах ухаанаас гадна Хаммаматын халуун рашаан, Сөнөсөн тэнгист түшиглэсэн уламжлалт эмчилгээгээрээ иргэний дайны хөлд үрэгдэж байгаа олон мянган хүнд хүрч үйлчилдэг байна. 2010 онд аялал жуулчлалаас 4.4 тэрбум ам.долларын орлого тус улсын сан хөмрөгт орсон байна. Гэхдээ “Арабын хавар”- ын уршгаар сүүлийн таван жилд Йорданд жуулчлагчдын тоо 70 хувь буурсан гэх таагүй мэдээлэл бий.
Хэдий исламын шашинтнууд зонхилдог ч барууны хэв маягийг хамгийн их шингээсэн гэгдэх Йордан хөрш зэргэлдээх арван улсынхаа иргэдэд визгүй зорчих боломж олгосон. Бусад орны иргэдийн хувьд хоёр, гурав болон зургаан сарын виз олгоно. Визийн төлбөр хугацаанаас хамаарч 40- 120 Йорданы динар (JoD) байдаг. Нэг динар 1.41 ам.доллартай тэнцдэг. Улаанбаатараас нийслэл Амман хот руу “Turkish Airlines” шууд нислэг үйлддэг юм. Зардал нь хоёр талдаа 2500 орчим ам.доллар. Мөн хөрш зэргэлдээ орнуудаас такси, автобус, дарвуулт онгоцоор Йорданд зорчих боломжтой.
ӨРТӨГ
Жуулчдын хувьд Йорданд өнгөрүүлэх нэг өдрийн амьжиргааны зардал нь 15 динар орчим. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгөөр зочид буудал, угаалгын үйлчилгээнээс гадна өдөр бүр фалафель иднэ гэсэн үг. Фалафель гэдэг нь олон төрлийн шошийг нунтаглан шарж болгосон, арабын ертөнцийн уламжлалт хоол юм. Харин илүү тохилог, үндсэн хоол нь багтсан буудлын үйлчилгээ авахыг хүсвэл 10 динар нэмж төлөхөд хангалттай. Зарим буудлын үнэд шар айраг ч багтсан байдаг.
» Йордан 1970-аад оноос бүс нутгийн эмчилгээний аялал жуулчлалын төв болж эхэлжээ.
» Европ хоолны амт чанар, үйлчилгээгээр таван одтой, тансаг буудлуудыг гүйцэх газар үгүй.
» Археологи болон жуулчлалын 100 мянга орчим дурсгалт газартай
Зочид буудлаас гадуур 1-2 динарын үнэтэй фалафель болон шоштой бургер түгээмэл байдаг байна. Гэхдээ үндэсний хоол идэхийг хүсвэл зочид буудлаас ресторан арай дээр сонголт байх болно. Мөн европ хоолны амт чанар, үйлчилгээгээр таван одтой, тансаг буудлуудыг гүйцэх газар байдаггүй аж. Харин согтууруулах ундаа сонголт ихтэй ч харьцангуй өндөр үнэтэй.
Петра, Амман зэрэг томоохон хотод 4-5 одтой зочид буудлууд арай илүү үнэтэй. Гэхдээ гаднын жуулчид ихэвчлэн 2-3 одтой буудлуудад байрладаг. Харин нэг сараас дээш хугацаагаар амьдрах шаардлагатай бол сарын 200- 600 динарын үнэтэй орон сууц түрээсэлсэн нь дээр гэдгийг санахад илүүдэхгүй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй