“УЯХАН” араатан

Амьд ертөнц
Францын эрдэмтэд бяцхан матар өндгөө хагалахдаа эхдээ дохио өгдөгийг тогтоожээ

Харахад л айдас төрүүлэм хэвлээр явагч “хүйтэн цуст” энэ амьтны талаар бид тийм ч ихийг мэдэхгүй. Хэдийгээр матар хүмүүсийн хайрыг татдаггүй ч манай гарагийн бас нэг гайхамшиг, араатан амьтдын томоохон төлөөлөгч юм. Одоогоос 3000 жилийн өмнө матар хуурай газрын амьтан байжээ. Crocodile гэдэг үг нь “чулуун өт” гэсэн утга агуулдаг аж. Грек хэлнээс хөрвүүлбэл “кроко”-чулуу, “дило”-өт гэсэн үг. Матрын насыг түүний ясны бүтцээр тогтоодог байна. Модны насыг хэрхэн тогтоодог шиг ясан дахь дугуй цагиргуудыг тоолдог гэсэн үг. Тэд дунджаар 50 насалдаг хэмээн үздэг ч 100 хүрсэн матар цөөнгүй бүртгэгджээ.

Бороо орохын өмнө матрууд маш их дуу чимээ гаргадаг. Үүнийг хүмүүс “матрын дуу” гэж нэрлэх нь ч бий. Тэд барьсан “УЯХАН” араатан амьтнаа живүүлээд, эргийн ойролцоох газарт нуучихаад хэд хоногийн дараа, арьс нь зөөлрөхөөр иддэг. Учир нь матар олзоо хэзээ ч зажилдаггүй, залгидаг болохоор тэр. Бас хэлээ огт гаргаж чаддаггүй гэнэ.

Матрын нүдэнд хамгаалалтын хальс бий. Энэ хальсныхаа тусламжтайгаар усанд нүдээ хамгаалдаг бөгөөд харанхуйд ч бүх зүйлийг маш сайн харж, хянадаг амьтан. Тэр гэдсэндээ нэгэн төрлийн чулуу тээж явдаг. Энэ чулууг идсэн хоолоо “няцлах” болон хүндийн жингээ зохицуулахад ашигладаг юм байна. Түүнчлэн сүүлээрээ том амьтдыг ус руу өлхөөн түлхээд оруулчих хүчтэй. Жижиг завь руу дайрсан матар сүүлээрээ цохиод хөмрүүлсэн тохиолдол ч цөөнгүй.

Францын эрдэмтэд бяцхан матар өндгөө хагалахдаа эх матартаа дохио өгөн мэдэгддэгийг тогтоожээ. Тэд хальсаа хагалж байхдаа “ммк, ммк”, “умп, умп” “крак, крак” мэтийн онцгой авиа гаргадаг аж. Эх матар “хүүхдүүдийнхээ” чимээнээр өндөг рүүгээ ойртож, элс малтаж ус руу орох зам гаргаж өгнө. Ингэж тэднийг халамжилж, хамгаалалтандаа авахгүй бол дөнгөж мэндэлсэн зулзага бие гүйцсэн бусдынхаа зоог болох магадлалтай. Иймд эхтэйгээ “хэл авалцаж” өндөгнөөсөө гардаг юм байна.

“Чулуун өт”-нүүд 60 шүдтэй бөгөөд амьдралынх нь турш зуу орчим удаа шинээр солигдон ургана. Гэхдээ шүдгүй болсон хөгшин матар хамгийн аюултайд тооцогддог. Учир нь хөгшчүүлийн эрүүний хазалт хэдэн тоннын даацтай чанга, олзныхоо бүх ясыг хугалан хэмхэлж, жижиглэн залгидаг байна. Матар хэдийгээр махчин араатан ч огт юм идэхгүйгээр бүтэн жил амьдардаг гайхалтай тэвчээртэй амьтан. Өлсгөлөн байхдаа ч тэдний чадал хэвээр байдаг бөгөөд усан дотроос дээшээ хоёр метр өндөрт үсрэх хүчтэй. Түүнчлэн далайн усанд 600 км хүртэл сэлж чаддаг. Зарим хүний ярьснаар 1100 км сэлсэн аварга матар ч байдаг гэнэ.

ДҮНЗЭН МОД ГУМБАРАА

Хальт харвал, усан дотор хөвж буй асар том дүнзэн модыг санагдуулам зузаан арзгар хайрстай, сүрдмээр бүдүүн сүүлтэй амьтан бол матрын “хаан” гунбараа юм. 1950-иад оны үед энэ матрыг агнахыг хатуу хориглож, Дэлхийн “Улаан ном”-д оруулсан түүхтэй. Америкийн Флоридад гумбараа матар элбэг.

Гумбараагийн бусдаасаа ялгарах нэг онцлог нь шавар намаг, хэтэрхий булингартай усанд амьдардагт оршдог. Тэд шаварт дэндүү “хайртай”. Халуун гангаас хамаг амьтад дайжчихсан байхад хүртэл шавар дунд сүүлчийн амьсгалаа хураахаас ч буцахгүй. Гунбараагийн үржил хаврын дунд сард болдог бөгөөд эмэгчин нь шавар балчигтай газар өндөглөнө. Голдуу 30-60 өндөг гаргадаг ч заримдаа 90 шахах нь хэвийн үзэгдэл гэнэ. Хэрвээ амьдрах орчин нь таагүй байвал ганцхан өндөг гаргадаг айхтар “санаатай” амьтан. Эх нь өндгөө махчин амьтдаас хамгаалан өвсөөр далдлан нууцаг байна. Түүнчлэн аюул ойрхон байвал дэргэдээс нь холдолгүй хоёр cap орчим манахад бэлэн. Харин зулзаганууд эхийнх нь хайр халамж багасаж, сулартал дэргэдээс нь ер холдохгүй.


Барьсан идшээ хороож байгаадаа харамсаж буйн илрэл хэмээн үздэг байв


Бие даан амьдарч эхэлмэгцээ залуу матрууд шувуу, яст мэлхий, хөхтөн амьтан болон могойгоор хооллодог. Харин насанд хүрсэн гумбараа голдуу зээр гөрөөс болон ус уухаар ирсэн амьтдын хамгийн том руу дайрч, гуядаж унагаад ус руу зуун ордог байна. Тэд бусад матраас нэлээд урт насалдаг. Тиймдээ ч төрснөөсөө хойш 10 гаруй жилийн дараа үржилд ордог гэнэ. Мөн гумбарааг 65 сая жилийн өмнө Цэрдийн галавын төгсгөл үед мөхөж сөнөсөн динозаврын төрөл садан хэмээн үздэг.

МАТРЫН НУЛИМС ЯГ ХҮҮХДИЙНХ ШИГ УРСДАГ

Хүн төрөлхтний дунд олон зууны турш яригдсан нэгэн домог бий. Юу гэвэл, матар хооллож байхдаа уйлдаг нь барьсан идшээ хороож байгаадаа харамсаж буйн илрэл хэмээн үздэг байжээ. Ганц матар биш, зарим хэвлээр явагчид хооллож байхдаа уйлдаг шалтгааныг эрдэмтэд олж тогтоосон.

Матар судлаач Кент Влит “Матрын нулимс ерөнхийдөө хүнийхтэй ижилхэн. Хооллож байгаа матрын нүднээс нулимс хэрхэн урсаж байгааг түвэггүй олж харж болно. Тэр үед яг жаахан хүүхдийн нулимс хацар даган урсаж байгаа шиг сэтгэгдэл төрүүлдэг” хэмээн ярьсан байна. Угтаа бол матрын нулимс байнга хуримтлагдаж байдаг аж. Энэ нь тэдний гуравдагч зовхитой нь холбоотой гэнэ.

Мэдээж тэд усанд ихэнх цагаа өнгөрөөдөг болохоор нулимс байнга гардаг, эсэхийг тогтооход хэцүү. Гэхдээ энэ араатны хувьд тэдний нулимс үйл хөдлөлөөс нь бий болсон нэг төрлийн дайвар бүтээгдэхүүн юм байна. Өөрөөр хэлбэл, хоолоо зажилж байх үед эрүүнийх нь булчин хүчтэй ажиллаж эхэлснээр нулимс гарахад нөлөөлдөг гэж судлаачид үзжээ. Үүнтэй холбоотойгоор хуримтлагдсан нулимс нь матрыг зөвхөн хооллох үед ихээр гардаг гэсэн таамаг ч бий.

Тэрчлэн Америкийн эрдэмтэд матрын цуснаас гаргаж авсан эсийг шинэ төрлийн антибиотек бүтээхэд ашиглах санал тавьжээ. Тэд уг нээлтээ гүн түлэгдэлт, шарх эмчлэхэд ашиглах юм байна. Матрууд хоорондоо тулалдах үедээ нэлээд хүнд гэмтэл авдаг боловч шарх нь маш хурдан эдгэрдгийг эрдэмтэд тогтоожээ. Учир нь матар бактери болон нянг амархан дарах дархлааны тогтолцоотой. Иймд тэрхүү дархлааны тогтолцоог дэмждэг бодисыг матраас гаргаж авбал хүний цусан дахь эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг антибиотик бүтээх боломжтой хэмээн үзэж байгаа юм.






САНАЛ БОЛГОХ