Монгол ажилтнууд бүтээмжийн хомсдолд орсон
Хүний нөөцийн зөвлөх компани “NPC Мандал” сүүлийн гурван жилд Монголын 40 гаруй байгууллагын 3000 орчим ажилтны сэтгэл зүйд судалгаа хийжээ. Ингэхэд тэд бүтээмжийн дутагдалд орсон, нөөц бололцоогоо бүрэн ашигладаггүй болох нь тогтоогдсон байна. Энэ нь монгол ажилтнуудын дадал зуршил, сэтгэл зүйн байдал болоод сэтгэхүйн онцлогоос шалтгаалдаг аж. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг, татвар төлдөг 630 орчим мянган хүн бий. Өөрөөр хэлбэл, нэг хүн дунджаар таван хүнийг тэжээдэг гэсэн ерөнхий дүр зураг гарна. Харин идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 мянган аж ахуйн нэгж байгаа. Харамсалтай нь, эдгээр байгууллага ажилтнуудынхаа сэтгэл зүйн байр байдал, ур чадварыг төдийлэн чухалчилж үздэггүй аж.
Улмаар ажил олгогчид сүүлийн үед аливаад сэтгэл гаргадаг, зөв хандлагатай хүмүүсийг ажилд авахыг эрмэлзэх болжээ. “NPC Мандал” компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал “Захирлууд, хүний нөөцүүд “Ажилтнууддаа техникийн ур чадварыг явцын дунд зааж сургаж болно оо. Гэвч сэтгэл, ёс суртахуун, багаараа ажиллах төлөвшилтийг суулгаж чадахгүй байна. Ийм хүн хаанаас олох вэ” гэж халагладаг болсон” гэв.
Дийлэнх компани ажилтан шалгаруулж авахдаа IQ-г нь чухалчилдаг. Үнэн хэрэгтээ IQ өндөртэй ажилтнууд 2-3 жилийн дараа ажлаас халширч, бүтээмж нь 60 хувь хүртэл буурдаг гэсэн судалгаа бий. Энэ нь ажилтны оюун ухааны чадвараас илүүтэй ажиллах дадалд суурилсан чадвар илүү чухал гэсэн үг юм байна.
Сэтгэл хөдлөлийн удирдах чадвар буюу EQ-г IQ-Оюун ухааны чадвараас илүү гэж сүүлийн үед эрдэмтэд дуу нэгтэйгээр хэлэх болов. Учир нь EQ өндөртэй ажилтнуудын өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвар бусдаас гурав дахин өндөр. Багийн гишүүдтэй эерэг харилцаатай, эхний жилдээ ажлаас гарах магадлал IQ өндөртэй хүмүүсээс 63 хувиар бага байдаг. Мөн бусдаасаа 139 хувиар илүү орлогыг байгууллагатаа оруулдаг гэж үзжээ.
“NPC Мандал” компанийн судалгаанаас үзвэл сэтгэл гутралд өртсөн монгол ажилтнуудын ердөө 12 хувь нь бусадтай ярилцах байдлаар сэтгэл зүйн дэмжлэг авдаг байна. Харин 88 хувь нь түр зуур “гал намжаах” арга хэмжээ авдгийг тогтоожээ. Үүнд, сөрөг бодлууд нь давамгайлж, идэвхгүй, дотогшоо болох, архи, тамхины хэрэглээ нэмэгдэх, бусдыг буруутгах, сөрөг үйлдлүүд хийх, гэртээ оройтож харих, маргалдах зэрэг багтана.
Хүн эрч хүчээ олон зүйлд тэгш хуваарилах ёстой байдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Монгол ажилтнууд өдөрт дунджаар 10 цаг ажилладаг бөгөөд 40 хувь нь дутуу нойртой явдаг юм байна. Мөн өглөө ажилдаа 100 хувийн эрч хүчтэй ирдэггүй. Үүнийг гар утасны цэнэгээр жишвэл 70-80 хувийн цэнэгтэй ирээд 10 цагийн дараа гэхэд тэг хувь болдог. Улмаар гэртээ очоод эхнэр, нөхөр, хүүхдүүддээ зарцуулах эрч хүчгүй болж, тэднээс дөлөх хандлагатай болно. Энэ нь уур бухимдал тайлагдахгүй байх бас нэг шалтгаан ажээ. Тиймээс өдөрт найман цаг унтаж, зөв хооллон, хөдөлгөөнөөр хичээллэвэл байгууллагын нийт ажилтнуудын бүтээмж сайжрахыг Ц.Энхжаргал зөвлөсөн юм.
Үүнээс гадна монгол ажилтнууд стресст орсон ч “Энэ миний л асуудал” гэж боддог учир бусадтай хуваалцдаггүй. Ц.Энхжаргал “Стрессээ тайлаагүйн улмаас хүн уур бухимдалтай болж, үүнийгээ зарим цаг үед, жишээ нь найр наадмаар “дэлбэлж” гаргадаг. Өнгөрсөн зүйл ярьж, тэсэрдэг гэсэн үг. Энэ нь цаг үеэ ч олдоггүй, үр ашиггүй үйлдэл болж хувирдаг” хэмээв. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дийлэнхийг 30-40 хүнтэй байгууллагууд эзэлдэг. Харамсалтай нь, компаниудын дийлэнхэд стрессийн орчин давамгайлдаг аж. Энэ нь сэтгэл гутралыг тайлах биш, улам өргөжүүлж буглуулж байдаг орчныг хэлнэ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд тэдний хийсэн судалгаагаар монгол хүн асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Түүнтэйгээ нүүр тулах дургүй, өөрийгөө сатааруулах замаар асуудлаас нүүр буруулдаг болохыг тогтоожээ. Ажилтнуудын энэ мэт сэтгэл зүйн асуудлуудыг шийдсэнээр байгууллагын ашиг орлого, насжилт нэмэгдэх, хүний нөөцийн зардлыг үр бүтээлтэй ашиглах зэрэг олон давуу талтай. “NPC & Мандал” компани ажилтнуудын сэтгэл зүйг засах, бэлдэх ажлыг гүйцэтгэн туршилтын шатандаа явж байна. Ц.Энхжаргал “Ажилтнуудынхаа сэтгэл зүйг хэрхэн удирдах, эсэх шийдвэр захирлуудад бий. Гэвч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс бид захирлууд, хүний нөөцийн менежерүүд, удирдах албан тушаалтнуудад зориулсан “Байгууллагын сэтгэл зүйн удирдлага” хэлэлцүүлгийг энэ сарын 22-нд хийх гэж байна” гэлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй