Мөнгөний бодлого эхний даваагаа давлаа

Нийтлэл

Төв банкны ерөнхийлөгч эдийн засгийн ойрын төлөв байдлыг тодотгов

Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Ингэснээр мөнгөний бодлого эхний даваагаа давж байгаа нь энэ. Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засгийн нөхцөл байдал тун амаргүй үед Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж байна. Хэдийгээр инфляцийн түвшин сүүлийн хоёр сар дараалан хасах утгатай байгаа ч, эдийн засгийн өсөлт сүүлийн долоон улирал дараалан буурлаа. Ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ” хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ дурдсан юм.

Тэрбээр “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшинд ирж буй дарамт хэвээр үргэлжилж гадаад валютын нөөцийн хэмжээ буурч, улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал, мөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн асуудал нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулахаар байна” гэв. Монголбанкны ерөнхийлөгчийн үг эдийн засгийн “эрүүл мэнд” ямар түвшинд ирээд байгааг илтгэх хангалттай баримт мөн. Энэ утгаараа олон хүний анхаарлыг татдаг. Тиймээс төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл, авч буй бодлогын арга хэмжээ нь эдийн засагт жин дарахуйц нөлөөтэй.

Монголбанкны ерөнхийлөгчийн чуулганы хуралдаанд хэлсэн үг бодит байдлыг илэн далангүй товч тайлбарласан нь цаг үеийн байдалд ч нийцсэн байх. Ирэх оны мөнгөний бодлогын “жор”-ыг танилцуулсан ноён ерөнхийлөгч эдийн засгийн ойрын төлөв байдлыг хэлсэн үгэндээ тодотгосон. Тэрбээр “Экспортын түүхий эд, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ цаашид мэдэгдэхүйц сайжрахааргүй, экспортын эрэлт бага байх, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт үргэлжлэх, дотоод, гадаад эрэлт бага байгаагаас эдийн засгийн өсөлт одоогийн түвшнээс саарч, ажилгүйдлийн түвшин өсөх эрсдэл өндөр байна” гэлээ.

Мөн төсвийн орлогын тасалдал үргэлжилж, түүнийг санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг өгүүлэв. Үүнээс гадна бодит секторын өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурахын хэрээр зээлийн чанар муудах, зээл олголт хумигдах, энэ нь эргээд бодит секторын уналтыг нэмэгдүүлж, санхүү, эдийн засгийн хямралт байдал руу шилжихэд хүргэхээр байгааг учирласан юм. Тиймээс эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болоод байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр “Цаашид төсвийн алдагдлыг бууруулж, Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих нь дунд хугацааны өрийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдийн итгэлийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс цаашид төсвийн сахилга батыг хангах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн дотогшлох урсгалыг сайжруулах нь чухал. Мөн экспортыг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэргээр бодлогын арга хэмжээг цаг алдалгүй, шат дараатай хэрэгжүүлэн учирч буй сорилтыг амжилттай даван туулах шаардлага тулгараад байна” гэсэн юм.

Мөнгөний бодлогыг үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж байгаа аж. Тиймээс бодлогын шаардлагатай өөрчлөлтийг хийх зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч энэ удаад цохон тэмдэглэв. Төв банк мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн зорилтыг найман хувь байхаар тусгасан.

Мөнгөний бодлогыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэнэ
Учир нь сүүлийн жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн шинж чанартай төслүүдэд санхүүжилт хийсэн. Энэ нь зах зээлийн зарчим дээр суурилсан хүүний тогтолцоог эвдэж, үнэ ханшийн тогтвортой байдлыг алдагдуулахад нөлөөлжээ. Иймд Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо хэрэгжүүлэхдээ цаашид зөвхөн олон улсын стандарт, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслүүдийг ашиглахаа тус банкны ерөнхийлөгч онцолсон юм.


Төв банк валютын захын дэд бүтцийг сайжруулж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлан ажиллах аж. Интервенци хийж валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзаж, гадаад валютын албан нөөцийг хамгаалах, сэргээхэд бодлогоо чиглүүлнэ гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч тодотгов. Энэ нь төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад шийдвэрлэх нөлөөтэй аж


САНАЛ БОЛГОХ