Хуванцарт хүлэгдсэн амьдрал

Нийтлэлчийн булан

Хуванцарыг гаргаж авахад химийн 4000 гаруй төрлийн бодис хольдог

Хөнгөн жинтэй хуванцар сав шилэн лонхыг орлох болсоор хэдэн арван жилийг үджээ. Анх 1907 онд Лео Баеклэнд гэдэг хүн хуванцарыг нээж байсан түүхтэй. Үүний дараа 1920-иод оны сүүлчээс АНУ хуванцарыг хэрэглээний зориулалтаар үйлдвэрлэх болов. Хүн төрөлхтөн хуванцар материалтай танилцсан түүх товчхондоо энэ. Харин өдгөө хуванцар материал дэлхий дахины түгээмэл хэрэглээ болсон. Тиймдээ ч цэвэрхэн, гоо зүйн хувьд таашаал өгөх хэрэглээ гэж дэлхий дахинд үнэлдэг байсан. Гэвч гялгар, хуванцар сав, баглаа, боодол нь цаг хугацааны явцад хүний эрүүл мэндэд хамгийн хортой зүйл болох нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсоор байна.

Ундаа, жүүс, сүү, тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүн савлахаас гадна хүүхдийн тоглоом, угжийг хүртэл хуванцàраар үйлдвэрлэх болсонд эрдэмтэд санаа зовж байна. Учир нь хуванцрыг гаргаж авахад химийн 4000 гаруй төрлийн бодис хольдог ажээ. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид энэ талаар мэдээлэхийг хүсэхгүй байна. Эдгээр бодис хүний биед хэрхэн нөлөөлдөг нь ч нууцлаг хэвээр. Жишээлбэл, хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд хар тугалгыг хуванцрын тогтворжуулагч болгон ашигладаг.

Хар тугалга нь хүүхдийн биед тодорхой хэмжээгээр шингэдэг аж. Мөн өөр нэг бодис нь хуванцар тоглоомд байдаг фталат пластификатор юм. Энэ нь хуванцрыг зөөлөн нугарамтгай болгох зориулалттай химийн бодис. Фталат нь дотоод шүүрлийн булчирхайг хямрааж, үр тогтолт, үр хөврөлийн хөгжилд нөлөөлдөг бөгөөд хавдар үүсгэх чанартай болохыг Швед улсын Химийн бодисын агентлаг тогтоожээ.

Хоолны зөөврийн сав хэрэглэхийг хориглов
Хүүхдийн тэжээлийн болон хоолны зөөврийн сав үйлдвэрлэхэд хорт хавдар үүсгэгч бисфенол А хэмээх бодисыг өргөн ашиглах болжээ. Үүнийг АНУ болон Канадын эрдэмтэд баталж, хоол хүнсэнд ашиглахыг хориглох хүсэлт гаргаж байв. Мөн хуванцрын найрлагад ордог поливинилхлорида гэх бодис нь хлор агуулдаг аж. Үүнийг вакуум цонх үйлдвэрлэхэд хэрэглэдэг агаад энэ нь битүү орчинд нэлээд хортой байдаг гэж эрдэмтэд үзсэн байна.


Хүрээлэн буй орчныг бохирдуулагч 1000 гаруй органик бодис XX зуунд бий болсноос тэн хагас нь бүтэцдээ хлор агуулдаг талаар ОХУ- ын эрдэмтэн М.Ю.Климова тодорхойлжээ. Үүнд, төрөл бүрийн ариутгалын бодис, хортон шавж, хог ургамал устгах бодис, металл органик нэгдлүүд болон хуванцар эдлэл үйлдвэрлэхэд хэрэглэдэг органик бодисууд багтана гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Хлор нь байгаль дээр цэвэр байдлаар тохиолддоггүй хэдий ч олон тооны нийлэг бодисыг гарган авах үндсэн түүхий эд болдог. Хлор агуулсан органик нэгдэл нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой. Учир нь органик бодисын бүтцэд байх хлор нь бие махбодид хуримтлал үүсгэдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.

Хуванцар материалтай сав, баглаа, боодол нь байгальд шингэдэггүй хог хаягдал төдийгүй хүний эрүүл мэндэд хортой тул өндөр хөгжилтэй зарим улс орон татгалзахыг уриалж эхэллээ.

Хохирлын зардал 340 тэрбум ам.доллар
Бидний хэрэглэж заншсан ундны ус хадгалдаг хуванцар сав төдийгүй хүүхдийн тоглоом, гал унтраагч, угаагч бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт дааврын зохицуулалтыг алдагдуулдаг химийн бодис агуулдаг байна. Ийн дааврын зохицуулалт алдагдсанаас хорт хавдраас эхлээд чихрийн шижин, аутизм зэрэг өвчин үүсгэх шалтгаан болдог гэж эрдэмтэд үзэв. Түүнчлэн дам байдлаар таргалалт, чихрийн шижин, хорт хавдар болон эрчүүдийн үргүйдэл үүсэхэд нөлөөлдөг аж.

Хуванцар сав хийгээд бусад зүйлийн хэрэглээтэй холбоотой хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зардлыг ойролцоогоор тооцоход л жилд 340 тэрбум ам.доллартай тэнцдэг байна. Хуванцар сав, баглаа, боодлын хэрэглээг хязгаарлах санаачилга гаргасан хүн бүр хатуухан эсэргүүцэлтэй тулгарсаар иржээ. Нэгэнтээ АНУ-ын Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг (Michael Bloomberg) баар, цэнгээний газруудад том савлагаатай чихэрлэг ундаа зарахыг хориглох гэж оролдсон удаатай. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөг дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтсэн түүх бий.

Хуванцрын найрлагад ордог поливинилхлорида гэх бодис нь хлор агуулдаг
Манай урд хөршид л гэхэд хуванцар савны хаягдал бүхэл бүтэн уул овоо шиг болжээ. Иймээс сүүлийн жилүүдэд урд хөрш хуванцар савыг дахин боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Түүнчлэн Япон, АНУ-ын хуванцар хаягдал далай тэнгисийг хамгийн ихээр бохирдуулж буй бөгөөд амьтдыг үхэлд хүргэдэг нэг хүчин зүйл болоод байна.

Олон улсын хандлага монголчуудад дохио өглөө
Дэлхийн бусад орон бүх төрлийн сав, баглаа, боодлын хэрэглээнд хяналт тавьж эхэлсэн энэ үед Монгол Улс ч бас нэгийг бодох цаг болжээ. Харамсалтай нь, манай улсын сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийн талаар албан ёсны статистик мэдээлэл алга. Мэргэжлийн холбооноос хийсэн тойм судалгаагаар Монгол Улс жилд 500 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа, боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг тухай Сав, баглаа, боодлын үндэсний хөтөлбөрт дурджээ. Үүний 30 орчим хувь буюу 150 тэрбум төгрөгийн сав, баглаа ,боодлын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна. Сүүлийн таван жилд барагцаагаар 500 мянга гаруй хуванцар сав импортолжээ. Үүний 97 хувийг Хятадаас оруулж ирсэн гэсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас гаргаж байсан. Уг нь Сав, баглаа, боодлын стандартыг сайжруулах талаар цөөнгүй ярьж, үндэсний хөтөлбөр хүртэл баталсан. Гэвч хараахан хэрэгжиж эхлээгүй л байна.

Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, стандартûí шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй зориулалтын сав, баглаа, боодлыг хэрэглүүлэх талаар тусгасан. Энэ нь үндэсний хөтөлбөрт ч тусгалаа олоод байгаа юм. Харин одоо дэлхий нийтийн чиг хандлагыг анзаарч, сав, баглаа, боодлын талаар багагүй ажил хийх шаардлага тулгарч байна.


Сүүлийн үед эрүүл мэндэд ээлтэй сав, баглаа, боодол үйлдвэрлэх гэж чамгүй хичээж буй талаар салбарын мэргэжилтнүүд ярих болов. Тухайлбал, нэгэн компани модон торх үйлдвэрлэсэн тухайгаа олон нийтэд зарлажээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл төдий юм.

Зөвхөн хоол, ундаа, жүүсний хуванцар саваар тогтохгүй хүүхдийн тоглоомын импортод ч гэсэн хязгаар тавихыг дээрх судалгаа харуулж байна. Хуванцар сав байгальд шингэхэд 100-1000 жил болдог. Иймээс байгаль орчинд халгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сав, баглаа, боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал байгаа юм. Дэлхий дахинтай эн зэрэгцэхийн тулд ийм алхам хийхийг өнөөгийн хүмүүсийн өвчлөлийн байдал харуулж байна. Өнөөдрийн бидний хэрэглээний хор уршиг барагцаагаар 10 жилийн дараа мэдрэгдэнэ. Тиймээс ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө өнөөдөр бид хуванцар савнаас татгалзах учиртай.

ОХУ-ын М.Ю.Климовагийн илтгэлд хуванцар материалд удаан задардаг органик бодис агуулагддаг болохыг дурдсан байдаг. Ингэж удаан задардаг органик бодис нь хүнс, хүн, амьтдын биеэр дамжин байгальд тархдаг. Мөн удаан хугацааны турш задрахгүй байсаар элдэв төрлийн өвчин үүсэхэд нөлөөлдөг аж. Тиймээс дэлхий нийтийн хорт хаягдал болсон хуванцрыг хэрэглээнээс халах олон улсын уриалга монголчуудад том сануулга, дохио өгч байна.
САНАЛ БОЛГОХ