"Тайз, хөгжим бид гурвын жинхэнэ нөхөрлөл эхлээгүй"

Хүмүүс

Өөртөө байсан бүх мөнгөөр хэдэн том “хар авдар” авсан даа

Дэлхийд алдартай сонгодог хөгжмийн олон тайзан дээр хаан хуурыг эгшиглүүлсэн Монголын гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг БНХАУ руу ажлаар явахаас нь өмнө “Хүмүүс” буландаа урилаа. Монголын нэрт хөгжмийн зохиолч, УГЗ Ч.Сангидорж агсны ууган охин, олон улсад 200 гаруй тоглолт хийсэн тэрбээр мундаг багш нарынхаа дэмжлэгээр хурцлагдаж, өдий зэрэгт хүрснээ онцолж байсан юм.

-БНХАУ руу ажлаар явах гэж байгаа гэсэн. Энэ тоглолтынхоо талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Хөх хотын Төгөлдөр хуурчдын нийгэмлэгийн урилгаар явах гэж байна. Олон жилийн өмнө надаар хичээл заалгаж байсан төгөлдөр хуурчид тус нийгэмлэгт байдаг юм байна. Тэнд таван өдөр лекц уншиж, оюутнуудтай хичээллэнэ. Мөн манай ХБК- ийн 80 шахам жилийн түүхэнд төгөлдөр хуурын ангийг анх удаа гадаад оюутан төгсөж байгаа нь Хо гэх хятад хүү. Түүнтэй хамтарсан багш, шавийн бяцхан тоглолтоо мөн толилуулна.

Бид сонгодог хөгжмөөр гадаадад сурдаг байсан бол одоо гадныхныг сургаж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, Хятад улс төгөлдөр хуураар дэлхийд тэргүүлэх болсон. Хаана ч очсон Хятад, БНСУ-ын төгөлдөр хуурчид л хоорондоо өрсөлддөг. Ийм мундаг ард түмэн намайг тоож байхад би очилгүй л яах билээ.

-Хөх хотод таны шавь нараас олон байдаг уу?
-Хөх хотын урлагийн их сургууль 2001 онд дөнгөж нээгдсэний дараа урилгаар нэг жил хичээл заасан юм. Тухайн үед шилдэг 15 оюутан, 10 залуу багшийг надад даатгаж, би гар, хурууг нь чиглүүлж өгөөд буцаж байлаа. Мөн намайг хүндэтгэж, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн соёлын өдрүүд хэмээн таван өдрийн сайхан арга хэмжээ зохион байгуулсан. Маш их цэцэг авч байсан минь санаанаас огт гардаггүй. Унтлагын өрөөний тэн хагасыг эзэлсэн, тийм их цэцэгт бялуурч үзлээ шүү дээ.

-Та багаасаа л төгөлдөр хууртай амьдралаа холбосон. Харин хэзээнээс багшилж эхэлсэн бэ?
-Цолмон багш минь саяхан надад “Чиний багшлах чадвар багаасаа л суусан” гэж хэлсэн. Их сайхан үг байгаа биз. Багш маань энэ талаар надаас илүү мэддэг. Ний нуугүй хэлэхэд би бүр багаасаа багшилж эхэлсэн гээд онгирчих уу /инээв/. Гэхдээ дүү нартаа. Миний гурван дүү намайг дагаад ХБК-ийн төгөлдөр хуурын ангид орсон юм. Тэдэндээ багшилдаг байлаа. Их хөгжилтэй багш байсан шүү. Яагаад гэвэл манай багш нар их хатуу хүмүүс. Миний хор шарыг их малтдаг, би ч их уйлдаг байсан даа. Дүү нартаа ч яг багш нарынхаа арга барилаар төгөлдөр хуур заасан. Одоо ч гэсэн хөгжим ярихаар манай дүү нар надаас айдаг юм.


-Харин та өөрөө хэр олон багштай вэ?
-Аав маань миний анхны багш. Аав наанаа хөгжилтэй, хошин, хурц зан чанартай хүн. Гэвч тэрхүү хурц зан чанарын цаана нарийн зохион байгуулалт, хатуу сахилга бат байсан. Өөрөө оюутан байхдаа хөгжмийн ард олон цагаар суудаг байсан тэр хүмүүжил нь одоо ч миний нүдэнд харагддаг. Дүү нараа төрөөгүй байсан тэр үеэс л аавынхаа тоглодог аяыг би сонсож өссөн. Дараа нь ХБК-д орос багштай болж, дөрөвдүгээр ангидаа Цолмон багштайгаа холбогдсон. Түүнээс гадна Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд маш мундаг багштай байсан. Миний орос багш Дэлхийн II дайны үед дайны талбар дээр тоглож байсан хүн. Тэр зураг нь Москвагийн Хөгжмийн дээд сургуулийн өмнө самбар дээр одоог хүртэл байдаг юм. Надад хөгжмийн боловсрол олгосон таван мундаг багшаас гадна ажил мэргэжлийн шугамаар танилцсан 10 гаруй доктор, профессор, багш бий. Би өөрийгөө багшийн одтой хүн гэж хэлнэ. Миний хувьд бурхан гэдэг миний багш нар.

» Би авьяасгүй юм чинь гээд төгөлдөр хуураа өдөр, шөнөгүй балбадаг байлаа.
» Алдартай тоглогчид ч нас явах тусмаа тайзнаас айдаг.
» Хөгжим ч гэсэн хөгшрөхөөрөө хүнтэй адил халамж шаарддаг.
-Та дэлхийд нэр хүндтэй сонгодог урлагийн олон тайзан дээр тоглосон хүн. Харин тэнд Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэр тоглож байв? -Манай гэр бүлд хоёр хөгжмийн зохиолч бий. Мексик, Латин Америк, ОХУ, Испанид аавынхаа төгөлдөр хуурын хэд хэдэн “Прелюди”-г тоглосон юм. Мөн Шведэд амьдардаг морин хийлч Бэхбатыг Испанид урьж, аавынхаа морин хийл, төгөлдөр хуурт зориулсан сонатуудыг таван удаа тогложээ. Хоёр жилийн өмнө дүүгийнхээ төгөлдөр хуурт зориулсан “Байгаль ба хүн” зохиолыг филармони, дуурийн 100 хүний бүрэлдэхүүнтэй оркестртой амжилттай тоглосон. Дараа нь яг тэр хэвээр нь Латин Америкт Эквадорын Филармони оркестртой тоглож байв. Мөн багадаа С.Гончигсумлаа гуайн “Думка”, “Прелюди” зэргээс гадна аавынхаа зохиолуудыг тоглосон маань одоо Монголын радиогийн алтан сан хөмрөгт бий.

-Энэ олон тоглолт, уран бүтээлээ мөнхжүүлсэн үү?
-Толгойд минь олон л ажил байна. Нью-Йоркт хийсэн амьд тоглолтын бичлэг бас байгаа. Харамсалтай нь, зохиогчийн эрхтэй болохоор хуулаад хүмүүст тарааж чадахгүй байна. Бас 1990-ээд оны сүүлчээр дүүтэйгээ хамт “Чөтгөр” гэдэг DVD гаргасан. Үүнээс гадна, машинд сонсоход зориулан уянгын дуунуудын түүврээр ч CD бүтээлээ. Бичлэг, тоглолт гэвэл зөндөө бий. Даанч би энэ ажилдаа их муу, уран бүтээлүүдээ халамжилдаггүй. Харин саяхан “Youtube”-д хэдэн бичлэг зорьж байгаад тавьсан. Цаашдаа яаж ийгээд үргэлжлүүлнэ.

-Танд их олон төгөлдөр хуур байдаг байх. Харин амьдралаа холбосон гоц гойд төгөлдөр хуур гэж байдаг уу?
-Ёстой их баярлалаа. Нутагтаа ирээд дөрвөн жил болоход ийм гоё асуулт тавьсан анхны сэтгүүлч нь та болж байна. Хүн бүхнийг амжуулж чадахгүй. Зураг, бичлэг зэрэг зүйлсийг саяхнаас анхаарч байна. Гэр бүлдээ бол бүр цаг гаргаж чаддаггүй. Ингээд бодохоор хөгжимд бүхнээ зориулжээ, би. Миний хувьд хөгжим гэдэг үгийг зөвхөн тоглох, багшлах гэдгээр илэрхийлэхэд чамлалттай. Өөрийн гэсэн хаан хууртай болох юмсан гэж хар багаасаа л мөрөөдсөн. Аав маань тэр мөрөөдлийг биелүүлж, нэг орос хүнээс "Октябрь" гэдэг хөгжим авч өгч байлаа. Хожим нь Испанид тоглосон олон жилийн хөдөлмөрөөрөө өөрөө мөрөөдлөө биелүүлсэн.

Хошигнож хэлбэл, өөртөө байсан бүх мөнгөөр хэдэн том "хар авдар" авлаа даа. Тэнд хувийн сургуультай байхад хөгжмүүд маань багтдаг л байлаа. Харин Монголд ирээд нэгийг нь “BlueMon”-ий зааланд тавьсан. Энд ямар ч байсан дөрвөн том авдартай байгаа. Ээж минь аавынхаа хөгжмийг амьдруул гээд надад бас өгчихсөн. Бас нэг нь удахгүй Европоос ирнэ.

-Хамгийн ахмад нь хэдэн жилийн түүхтэй вэ?
-“Schiedmayer” гээд 110 жилийн настай хөгжим бий. Штутгартад хийсэн, Монголд байхгүй л хөгжмүүдийн нэг болов уу. П.И.Чайковский, Р.Шуман нар тоглож байсан гэж уншиж байсан. Уянгын аялгуу тоглоход их сайхан өнгө гардаг. Гэхдээ хөгшин хөгжим учраас хүнтэй адилхан халамж анхаарал шаарддаг юм шүү.

-Та тайзан дээр гарахын өмнө ба дараа хоёр өөр хүн болдог гэж байсан. Ийм олон жил тоглосон атлаа одоо хүртэл танд айдас байдаг гэж үү?
-Ер нь бүгд сандарна. Хөгжимчин хүн тоглох тусмаа л тайзнаас айдаг. Яагаад гэвэл хөгжмөө улам их мэдэрдэг учраас. Аав минь ч гэсэн “Нас 60 гарахаар улам ухаантай болж, тайзыг өөрөөр мэдэрдэг юм байна. Тиймээс тоглохоо зогсоож болохгүй шүү” гэж хэлж байсан. Би одоо 20-30 настай үеийн нэг тоглолтоо үзэхээр ямар мундаг, зоригтой байсан юм бэ гээд гайхдаг. 81 насандаа зодог тайлсан нэг багш маань ч гэсэн нас явах тусмаа тайзнаас ухаан алдталаа айдаг болсноо хэлж байсан юм. Ер нь л тоглогч бүхэн айдаг гэдгийг олон ном зохиолоос олж мэдсэн. Тиймээс иймэрхүү зүйлийн тухай унших, багш нартайгаа ярих дэмий юм байна гэж бодох боллоо. Би одоо ч гэсэн өөрийгөө сурагч гэж боддог. Саянцэцэг гэж ямар хөгжимчин бэ гэдгийг 60 гараад л мэдрэх болов уу.

-Зохиолуудаа яаж сонгодог вэ. Барьж авахаас эмээдэг, сүрддэг зохиолчид бий юу?
-Зүрх юу гэж хэлнэ, түүнийг л сонгож тоглодог. Бас надад мөрөөдөл бий. Сүрддэг зохиолч байлгүй яах вэ. Аавынхаа зохиолуудыг барьж авахаас айдаг. Зохиолуудыг нь тоглоход аав дандаа намайг голдог байсан. Энэ зохиол яг ийм байх ёстой хэмээн хэлж байснаар нь тайзан дээр тоглож чадахгүй бол яанаа гэж айдаг юм. Мөн сонгодгуудаас Орос, Испанийн зохиолчдынх их хурц. Мэргэжлийн хувьд сэрээж өгдөг зохиолууд. Цолмон багш хүртэл “Наад аяа ингээд өгөөч ээ” гээд л хуруугаа арзайлгаад хэлдэг байж билээ.

-Тоглолтын үзэгчдийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монголд заалаа түрээсэлж, тасалбараа өөрөө борлуулахаас эхлээд тоглолт хийх маш хүндрэлтэй. Ийм хүнд нөхцөлд надад төгөлдөр хуур тоглох дур хүсэл төрөхгүй. Сонгодог урлагийн гоцлол ийм байдлаар урагшлахгүй. Энд би жилд нэг л удаа тоглолт хийж байна. Гадаадад бол сард заавал нэг, жилдээ бараг 20-25 удаа тоглоно. Тэнд тоглолтын дараа хэвлэл мэдээллээр гарсан шүүмжүүд, бас үзээд тэсгэлгүй ирж тэвэрч авдаг, нулимсаа барьж дийлдэггүй үзэгчид надад асар их эрч хүч өгдөг. Манайд даанч ийм соёл дутуу байна.

-Тайзан дээр гарахын өмнө танд юу бодогддог вэ?
-Зохиолоо амьдруулья, зохиолчоо хүндэлье л гэж боддог. Би зохиолдоо орчихвол үзэгчид ч гэсэн дагаад л орчихно шүү дээ. Энэ хөгжмийн галт уулын оргилуур, дэлбэрэлт нь хаана байх уу, сөнөсөн ул мөр, үнс нурам нь хаана байна гэдэг мэдрэмж тоглох явцад гарч ирдэг. Тэр бүх мэдрэмжээ тайзан дээр сайхан гаргах юмсан гэж боддог. Үүнд мэргэжлийн туршлага их чухал. Энэ мэдрэмжийг гаргах ёстой гэж шавь нараасаа ч шаарддаг.

-Олон жилийн турш олон улсын хөгжмийн наадам зохион байгуулж байна. Залуу үедээ хийж өгч байгаа бас нэг том буян болов уу?
-Баярлалаа. Испанид миний амьдардаг хотын захиргаанаас тавьсан саналын дагуу Олон улсын төгөлдөр хуурын наадам 1999 оноос, мөн Цөөхүүл хөгжмийн олон улсын наадам 2009 оноос зохион байгуулж байна. Энэ бүхэн миний хөдөлмөр, ажлын амжилтыг үнэлж буйн нэг илрэл болов уу. Тиймээс энэхүү олон нийтийн ажлыг алгасалгүй яаж ийгээд үргэлжлүүлнэ гэсэн бодолтой явдаг. Жил бүр би нэг залуу хөгжимчнийг ивээн тэтгэж, авч явдаг. Өнгөрсөн жилийн наадамд эрдүү хийлч нэг залууг дагуулж явсан. Ирэх жил хоёр хүүхэд авч явахаар нүдлээд байна. Наадам дөхөхөөр аль нэгийг нь сонгоно доо. Мөн хүний нутагт байгаа монголчуудаас гадна, Герман, Испани, Армен зэрэг өөр орны авьяаслаг залуу хөгжимчдийг ч боломжоороо дэмждэг.

-Залуу хөгжимчдөд хандаж захимаар зүйл байдаг уу?
-ОХУ, Польш, АНУ зэрэг оронд суралцаж байсан ч гэсэн миний зохион байгуулдаг наадамд ирж оролцдог монгол хүүхдүүд олон бий. Хөгжимчин болох үүдийг нь нээж өгөхөд бага ч атугай хувь нэмэр оруулж өгсөн болов уу. Хэдий сургуулиа төгссөн ч хөгжмөө орхилгүй үргэлжлүүлэн тоглоорой. Хамгийн их тэсвэр шаардсан амьдралын нэг өнгө бол үргэлжлэл юм.
САНАЛ БОЛГОХ