Нэг л өдөр хамар нь мэдэгдэхүйц жижгэрч, агшсаныг анзаарчээ
25 настай С хүүхэд байхдаа хамартаа хөнгөн гэмтэл авч байжээ. Гэхдээ хүнд бэртэл байгаагүй тул тэгсхийгээд өнгөрөөсөн байна. Эхний шалтгаан нь энэ. Хоёрдугаарт, тэрбээр харшилтай болсноосоо хойш хамрын дусаагуур хэрэглэдэг болсоор 15 жил өнгөрчээ. Эхлээд зөвхөн зуны улиралд харшлын улмаас хамрын дусаалга хэрэглэдэг байсан ч яван явсаар дасал болж өвөл, зунгүй “нэхэх” болов. Хамрын дусаалга ийн “донтуулдаг” болохыг биеэрээ мэдэрсэн ч, тэгтлээ их санаа зовдоггүй байж. Гэтэл нэг л өдөр хамар нь мэдэгдэхүйц жижгэрч, агшсаныг анзаарчээ. Ийнхүү эмчид үзүүлтэл дээрх хоёр шалтгаанаас болоод хамрын мөгөөрс яс нь хайлчихсан байв.
Харин ингэж хамар нь агшиж, навтайсан өвчтөнд хийх хэд хэдэн төрлийн эмчилгээ байдгийн нэг нь гаднын биет суулгах. Мөн хавирганых нь яснаас хэсгийг авч орлуулж бас болдог байна. Эсвэл хамар доторх үйрсэн ясыг цуглуулж, эвлүүлэх. Эцэст нь чихний мөгөөрснөөс багахныг авч хамарт нь суулгах арга. Өвчтөн С эхний аргаар эмчилгээ хийлгэж, сүүлийн нэг жил хамрын дусаалга хэрэглээгүй байна.
Хамрын дусаалга судсыг маш богино хугацаанд агшааж амьсгалын замыг нээдэг. Эхэн үед үйлчилгээ нь хамгийн уртдаа 12 цаг байна. Гэвч тав хоногоос удаан хэрэглэхэд үйлчилгээ нь богиносч, донтох шинж тэмдэг илэрч эхэлдэг аж.
Бас нэгэн жишээ дурдахад, Б.Анар долоон настайдаа хатгаа тусч тарианд оржээ. Тухайн үед ээж нь мөн л хамрын дусаалга дусааж өгснөөс хойш байнга хэрэглэсээр 17 жил өнгөрсөн гэв. Харин одоо хамрын дусаалга Б.Анарын мөнхийн хэрэглээ болсон. Тэрбээр “Эхний хэрэглэж байсан дусаалгаа муу гэж сонсоод нэг хэсэг өөрийг хэрэглэж үзсэн. Гэхдээ хамрын дусаалгыг хоол шиг л хэрэглэдэг болохоор үнэтэйг нь байнга авч чаддаггүй” гэв.
Жоргүй олгодог хамрын дусаалгыг хүүхдэд хэрэглэж болохгүй гэж заавар дээр нь бичсэн байдаг. Учир нь Decongestant буюу агшаах үйлчилгээтэй хамрын дусаалга цусны даралт, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн нойргүйдэх, уцаарлах, толгой эргэх зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс ч бамбай булчирхай, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүнд хэрэглэхийг хориглодог аж.
Бамбай булчирхай, зүрх судас даралт ихтэй бол хэрэглэхийг хориглоно
Хамрын дусаалга дотроо хэд хэдэн төрөлтэй. Ямар ч эмийн бодис агуулаагүй давсны уусмалыг салин гэх ба гэртээ найруулаад хүссэн үедээ хэрэглэж болно. Манайд өргөн хэрэглэдэг нь Decongestant буюу самалдгийг агшаах үйлчилгээтэй нь. Энэ төрлийн дусаалга түргэн хугацаанд үр дүн өгдөг ч хэдэн цаг болоод үйлчилгээ нь гардаг. Тиймээс анагаах ухаан хөгжсөн орны эмч нар энэ төрлийн хамрын дусаалгыг гурав хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна.
Гэвч манайд ямар ч төрлийн хамрын дусаалгыг жороор олгодоггүй. Сонссон дуулснаараа дур мэдэн эм авах нь бидний хамгийн муу зуршил. Үүнээс болж эрүүл мэндээрээ хохирч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хамрын дусаалга мэтийг авах гэж бид эмчид хандах нь юу л бол. Хамар өөрөө жижиг эрхтэн болоод ч тэр үү “Нус гарч л байдаг” гэж бид боддог. Гэвч мэргэжилтнүүд долоо хоногоос урт хугацаанд хамар битүүрсэн л бол эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.
ЗГМ:Тодруулга
Хамар бол бичил лаборатори гэсэн үг
“Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн Чих, хамар, хоолойн тэргүүлэх зэргийн эмч Ю.Баянмөнхөөс хамрын дусаалгын сөрөг нөлөөний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хамрын дусаалга олон жил хэрэглэх нь хэр зөв бэ?
-Дусаалгыг долоо хоногоос урт хугацаанд хэрэглэж болохгүй. Хэрэв долоо хоног дусаагаад хамрын бөглөө арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй. Түүнээс урт хугацаанд, байнга хэрэглэхэд эмийн гаралтай ринит буюу салстын үрэвсэл гэж өвчин үүснэ. Резинээр төсөөлбөл, судас нь байнга агшсаар байгаад сунаж, агшихаа болих үзэгдэл юм. Салст томроод ирэхээр самалдгийн дотор талын яс томорч, хамрын нүхийг хааж эхэлдэг.
-Хамар битүүрэх өвчин үү?
-Хүмүүс хамрынхаа хоёр нүхээр зэрэг амьсгалдаг гэж боддог. Үнэндээ нэг нүхээр 2-4 цаг ээлжлэн амьсгалдаг. Тэгэхээр нэг нүх нь битүүрэхэд амар аргаар онгойлгох гэж дусаалга хэрэглэдэг л дээ. Үүнд ихэвчлэн хамрын самалдгийг агшаах үйлдэлтэй Отривин, Нафазолин зэрэг багтана. Эдгээр эмийг дээд тал нь долоо хоног л хэрэглэх учиртай. Ханиадны үед салст их ялгардаг ба үүнийг багасгах зорилгоор ханиад, харшлын үед л эмч нар зөвлөдөг юм. Харин хүмүүс үүнийг мэдэлгүй хоёр нүхэндээ хоёуланд нь хийсээр байгаад дасал болж байна.
-Олон жил дусаалга хэрэглэснээс болж хамар нь навтайсан нэг өвчтөн байна л даа. Та энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Хамрын голд таславч бий. Цохиулдаг ч юм уу, унаснаас үүдэн таславч мурийж, гэмтсэн тохиолдолд битүүрч эхэлдэг. Үүнийг дусаалгаар эмчлэх аргагүй. Гэвч хүмүүс үүнийг мэдэлгүй тогтмол хэрэглэсээр самалдгийн доод яс томорч, хамрын нуруу унахад хүрдэг. Тэгэхээр хоёр зүйл хавсарсан байх нь. Иймд хамраа гэмтээсэн ямар ч хүмүүс дусаалга хэрэглэхгүй байх нь зүйтэй.
-Хамрын дусаалга яагаад муу юм бэ?
-Хүн хамраараа амьсгалдаг. Харин таславч нь агаарыг чиглүүлэх үүрэгтэй. Хамрын дусаалга гол төлөв самалдагт сөрөг нөлөө үзүүлдэг юм. Самалдаг гаднаас орох агаарыг бүлээцүүлэн биеийн хэмд хүргээд, цааш дамжуулдаг. Түүнчлэн агаар дахь нянг шүүгээд нус болгон гаргадаг. Бичил лаборатори л гэсэн үг. Гэтэл хүмүүс дур мэдэн элдэв эм, дусаалга хэрэглэсээр байгаад самалдгийн үйл ажиллагааг гэмтээдэг. 10 гаруй жил хамрын дусаалга хэрэглэхэд эдийн өөрчлөлтөд орно шүү дээ. Ажиглаад байхад охид дусаалга их хэрэглэдэг.
-Хамрын дусаалгад дасал болсон тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?
-Дасал болж байгаа нь тархинд өгч байгаа мэдрэмжээс шалтгаалдаг. Хамар битүү байж байгаад агаар ороход тодорхой хэмжээний таашаал авдаг. Нэгэнт дасал болсон бол мэргэжлийн эмчээс тусламж авах хэрэгтэй. Гормон уух, хамраараа амьсгалж сурах дасгал хийх, зүү тавих, жижиг мэс ажилбар хийх, лазераар түлэх зэрэг эмчилгээ бий. Тухайлбал, зүү гэхэд л уламжлалт аргаар самалдгийн агших, тэлэх үйл ажиллагааг зохицуулж байгаа хэрэг. Энэ арга үр дүнтэй ч байнга зүү тавиулна гэдэг хүндрэлтэй шүү дээ. Харин яс нь хэт томорсон бол хагалгаа хийлгэхээс өөр замгүй. Хүмүүс хагалгаа гэхээр их хүндээр боддог. Угтаа томорсон ясыг салстаас нь салгах хөнгөхөн ажилбар юм даа.
-Хамрын дусаалгын сөрөг нөлөөнүүдээс дурдахгүй юу?
-Хараа муудах, уур уцаартай болох, толгой өвдөх, амаараа амьсгалснаас хоолой хатах зэргийг дурдаж болно.
-Нафазолин муу юу?
-Муу, сайн гэлтгүй ямар ч хамрын дусаалгыг долоо хоногоос удаан бүү хэрэглэ. Хүмүүс янз бүрийн дусаалга хэрэглэж байгаад эцэстээ Нафазолин дээр л буудаг. Нафазолин олон холимоггүй учир илүү сайн онгойлгодог. Гэхдээ хамрын дусаалга бол эхний сонголт биш. Хамар маш чухал эрхтэн. Зөв амьсгалж байж зөв амьдарна шүү дээ. Уушгинд дулаан агаар орно, уцаарлахгүй, толгой өвдөхгүй. Тиймээс нэг сараас удаан хугацаанд хамар чинь битүүрвэл зургийг нь авахуулж, эмчид үзүүлэх хэрэгтэй.
Зөвлөгөө
Жирэмсэн үеийн хамрын битүүг эмчлэх аргагүй
Жирэмсэн үед хамар битүүрэх нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог судасны үйл ажиллагаатай холбоотой эмгэгүүдийн нэг. Жирэмсэн үед дархлаа болон дааврын өөрчлөлт их явагддагтай холбоотой судас нэвчимтгий болж, цусны найрлага өөрчлөгдсөнөөс хамрын салст хавагнадаг ажээ. Энэ үед хамар битүүрэх, шингэн нус гарах, загатнах, найтаах, нулимс цийлгэнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эдгээр нь заримдаа эмчилгээ хийх шаардлагагүйгээр эдгэдэг. Жирэмсэн үеийн хамрын үрэвсэл амаржсаны дараах 7-10 хоног хүртэл үргэлжилж болно.
Мөн уг үрэвсэл эхийн эрүүл мэнд, жирэмсний явц, ургийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс хамрын дусаалга дасал болгодгийг бодолцож аль болох татгалзах нь зүйтэй юм. Хамар битүүрэх, шингэн нус гоожих нь халуурах, даардас хүрэх, хоолой хөндүүрлэх, бие тавгүйтэх гэх зэрэг шинж тэмдэгтэй хавсарч болно. Энэ тохиолдолд ханиад шуухинааны үеийн хамрын үрэвсэл гэж үзэн ханиадны эмчилгээ хийх хэрэгтэйг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд зөвлөлөө. Жирэмсний хамрын үрэвслийг эмчлэх арга ховор. Хэрвээ хамар битүүрснээс нойргүйдвэл:
• Дэрээ өндөрлөх,
• Тасалгааны агаарыг чийгшүүлэх,
• Үнэртэй лаа асаах,
• Хамраа угаах
• Аквамарис, Аквалор, Маример зэрэг далайн усны найрлагатай давсны уусмалуудаар хамраа угаах. Эдгээр нь хамрын салстын хаванг бага зэрэг бууруулж, амьсгалын замыг тодорхой хэмжээгээр нээдэг. • Гэрийн нөхцөлд давсны уусмал бэлтгэн угааж болно. Судас нарийсгах үйлчилгээтэй бэлдмэлүүд эхсийн дутмагшилд хүргэдэг учир жирэмсэн үед хориотой байдаг.