Намайг гэрэлтүүлдэг тайз, урам өгдөг үзэгчид миний үнэ цэнэ

Ярилцлага

Би Парист жинхэнэ хайртайгаа учирсан

Монголын уран нугаралтын гайхамшгийг Францад сурталчилж, Европоор аялан тоглолт хийж яваа залуухан уран бүтээлч бол Б.Пүрэвдулам. Тэрбээр Европын томоохон телевизийн олон шоунд оролцож, кабаре, циркт авьяасаа бишрүүлж яваа нэгэн. Тус улсын “Musеe Grеvin” лааны тосон музейн Канад дахь салбарт дүрээ мөнхөлсөн анхны Монгол уран бүтээлч Б.Пүрэвдуламтай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Та хэдэн жил уран нугаралтаар хичээллэж байгаа вэ?

-Нийт 17 жил хичээллэсэн. Үүнээс 11 дэх жилээ тайзан дээр үдсэн байна.

-Францад уран бүтээлээ толилуулж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?

-Би Монголд байхдаа л уран нугаралтаар хичээллэдэг байсан. Анх гэрийнхэнтэйгээ Франц улсад амьдарч, боловсрол эзэмшихээр ирсэн юм. Гэвч дуртай зүйлээ орхиж чадаагүй. Энэ орны хэлийг сурахын хажуугаар уран нугаралтын бэлтгэлээ хувиараа хийж, формоо барьж эхэлсэн. Эцэст нь хүссэн зүйлээ хийж, тайзан дээр өөрийгөө илэрхийлэх л надад дутагдаж байсныг ойлгосон юм. Тухайн үед гэрийнхэн маань ч надад дэмжлэг үзүүлж, урлагийн гараагаа дахин эхлүүлэхэд тусалсан даа. Төд удалгүй Парист хайртайгаа учирсан. Одоо ч энэ урлагтаа хүчин зүтгэж байна.

-Францад амьдраад хэдэн жил болж байна?

-Ирээд зургаан жил боллоо. Харин дөрвөн жилийн өмнөөс уран нугараачаар ажилласан.

-Монгол болон Францад уран нугараачаар ажиллахад ямар нэгэн ялгаа байдаг уу?

-Уран нугаралт Монголд эрт дээр үеэс уламжилж ирсэн урлаг. Тиймээс үзүүлбэрт маань анхаарч, хянах, алдааг нь засах, тусалж дэмжих туршлагатай нугараач Монголд олон бий. Харин эндээс нугаралтын техникийн мэдлэгтэй, дэмжиж зааварлах хүн олоход хүндрэлтэй байдаг юм.

-Урт хугацааны мөрөөдлөө хуваалцаач?

-Бүх хүн элэг бүтэн гэр бүлтэй болж, амар амгалан, инээд хөөртэй амьдрахыг хүсдэг. Энэ л миний урт хугацааны мөрөөдөл юм даа.

-Хувийн амьдралдаа анхаарах цаг танд гардаг уу. Ойрын жилүүдэд хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?

-Эмэгтэй хүн хүүхэдтэй болох цаг нь ирэхээр андашгүй байдаг гэдэг. Хүүхэд үгүйлээд л. Одоогоор өөртөө, ажилдаа цаг гаргаж, амьдралаа төвхнүүлэх бодолтой явна. Хүсэл мөрөөдөлдөө умбаж яваа болохоор ээж болох арай л эрт санагддаг. Гэхдээ хань ижил минь байхад цаг нь болохоор бүх зүйл ирэх байх аа.

-Б.Пүрэвдуламын амьдралын үнэ цэнэ юу вэ?

-Хайртай бүхэн минь миний үнэ цэнэ. Бас намайг гэрэлтүүлдэг тайз, урам өгдөг үзэгчид минь байна.

-Таны лааны тосон баримлыг хийж Канадын “Musее Grеvin” музейд байрлуулсан гэдэг. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-“Musеe Grеvin” бол 1882 онд байгуулагдсан музей. Тус музейн Канад дахь салбарт миний баримал байдаг. Тухайн үед уран бүтээлчид нь Нарны циркийн жүжигчин хайж байсан юм билээ. Гайхалтай нь би ганцаараа л тэдний тавьсан шалгуур, сэдэвт нь тохирсон гэсэн. Энэ нь надад их сонирхолтой туршлага болж үлдсэн. Нэг талаараа үхэшгүй мөнх болсондоо баяртай байгаа шүү.

Францад надаас өөр мэргэжлийн монгол уран нугараач байхгүй байх.

-Францад уран нугараачаар ажиллахдаа гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Европ даяар аялан тоглолт хийхээс гадна кино урлагт хүчээ сорьж хэд хэдэн дүр бүтээсэн. Надад ганцаарчилсан үзүүлбэр нэлээн бий. Франц, Унгарын Олон улсын циркчдийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож таван медальтай болжээ. Тус үзүүлбэрээрээ Францад эхнээсээ гуравт ордог кабаред тоглож байна. Хоёр дахь үзүүлбэр маань ч захиалга олонтой байгаа. Тэмдэглэлийн дэвтэр минь 2018 оны гуравдугаар сар хүртэл ажлын төлөвлөгөөгөөр дүүрч, уйдах завгүй л хөдөлмөрлөж байна. Саяхан Францын “Дэлхийн хамгийн том кабаре” гэдэг телевизийн нэвтрүүлэгт амжилттай оролцсон. Ирэх арванхоёрдугаар сард мөн Бельгийн алдартай телевизийн шоунд оролцох гэж байгаагаа хэлэхэд таатай байна.


-Франц болон Монголын циркийн ялгаа юу вэ. Монголын циркийн урлагийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол циркчид үндэсний хэв маягаа урлагт шингээж, өдийг хүртэл хадгалж яваа. Харин энд илүү орчин үеийн хэв маяг, хандлагад анхаарч, театрчилсан жүжиглэлт, бүжгийн хөдөлгөөнөөр баяжуулдаг. Франц циркчдийн давуу тал гэвэл урлаг, соёлын төрөл ихтэй. Магадгүй Европын улс орнуудын хооронд хил хязгаар гэж байдаггүйтэй холбоотой байх. Эндхийн циркийн сургуулийн сурагчид урлагийн олон төрлөөр хичээллээд зогсохгүй театрчилсан жүжиглэлт, бүжиг, акробат зэргээр давхар сургуулилдаг. Ингэснээр уран бүтээлчид шинэлэг сэтгэлгээтэй, мэргэжлийн, бүтээлч болоход дэм болдог болов уу. Монголд төв цирк ганц байдаг ч уран нугаралтын хувийн сургалт, студи олон нээгдсэнээс харвал хөгжил нь урагшилж байна. Нэмж хэлэхэд, манай улс уран нугаралт, шидэлтийн банзнаас үсрэлт, хүндийн өргөлт зэрэг циркийн үзүүлбэрээрээ дэлхийд өндөр зэрэглэлд багтдаг.

-Урлагийн хүн хэрхэн биеэ авч явах ёстой гэж боддог вэ?

-Энэ бол хүсэл мөрөөдөлдөө үнэнч байхаас үүдэлтэй. Талхчин, автобусны жолооч гээд хэн бүхэнд урлагийн хүн байх боломж нээлттэй шүү дээ. Урлагийн хүнд гагцхүү хэн байхыг хүсдэг, ямар мөрөөдөлтэй вэ гэдэг л чухал. Тиймээс зүрх сэтгэлээ сонсож, бусдад нээлттэй байх хэрэгтэй. Зах зухаас нь дурдвал, аливаад тууштай, хичээл зүтгэлтэй байж түүнийг нь үнэлдэг хүмүүст талархан инээмсэглэж явах ёстой юм.

-Хэзээ Монголдоо ирэх төлөвлөгөөтэй байна?

-Би төрсөн нутгаа маш их үгүйлдэг. Гэвч миний гэр бүл, хүсэл сонирхол, хайр сэтгэл бүгд Парист бий. Би энд өөрийгөө маш том үүрэг даалгавар хүлээсэн гэж боддог. Францад надаас өөр мэргэжлийн монгол уран нугараач байхгүй байх. Тиймээс үндэсний урлаг, өв соёлоо илүү их таниулах нь миний үүрэг, бас бахархал. Харин хуримаа Монголдоо хийх юмсан гэж боддог шүү.

САНАЛ БОЛГОХ