Мэдээлэл солилцоо дутмагаас шилдэг бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй
НҮБ-ын харъяа олон улсын 17 байгууллагаас өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг цорын ганц нь Дэлхийн оюуны өмчийн байгууллага. 1967 онд эх сууриа тавьсан тус байгууллагын 2014, 2015 оны нийт орлого 739.5 сая ам.доллар байв. Энэ нь төсвийн батлагдсан орлогоос 4.5 хувиар өндөр байжээ. Харин нийт зардал нь 698.7 сая ам.доллар буюу тус байгууллага ашигтай ажилладаг гэсэн үг. 2008 оноос хойш Дэлхийн оюуны өмчийн байгууллагын орлого огцом нэмэгдэх болжээ. Үүний гол шалтгаан нь хөгжиж буй орнууд, тэр дундаа Хятад улсаас өргөн мэдүүлж байгаа патентын тоо огцом өссөнд байгаа юм. Тэрчлэн Япон, Америк, Европын холбооны орнуудаас мэдүүлж буй патентын өргөдлийн тоо бас өндөр дүн үзүүлж байна. Сүүлийн таван жил дараалан Хятад улс ДОӨБ-д мэдүүлж буй патентын өргөдлийн тоогоороо тэргүүлж буй. Жилээс жилд тус улсаас мэдүүлэх өргөдөл 12.5 хувиар өсдөг бөгөөд 2014 оны байдлаар нийт 928 мянгад хүрчээ. Үүнээс 230 мянгад нь гэрчилгээ авсан гээд бод доо. Харин ДОӨБ-д Патентын хамтын ажиллагааны гэрээ, Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр зэрэг хэд хэдэн эрх зүйн баримт бичгийн шугамаар жилд 2.3 сая өргөдөл хүлээн авдаг байна. Үүнээс 1.2 саяд нь гэрчилгээ олгодог аж.
Тэгвэл хятадууд оюуны ямар өмчөө түлхүү баталгаажуулахыг хүсдэгюм бол? Задлаад харвал нийт өргөдлийн 60 орчим хувь нь дэд бүтэц, 4G сүлжээний технологи, цөмийн эрчим хүч, хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах технологид суурилж байгааг Хятадын аж ахуйнуудын холбооны тэргүүн Ванг Жонгию мэдээлсэн байна. Манай өмнөд хөрш Патентын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдээс олон улсад буюу хоёроос дээш улсад патентаа мэдүүлэх хүсэлт 26 мянгыг 2014 онд хүлээн авчээ. Үлдсэнийг нь улсын мэдлийн байгууллагууд бүрдүүлдэг байна.
Харин манай улсын хувьд 2015 онд Оюуны өмчийн газарт аж үйлдвэрийн өмчөөр ойролцоогоор 2200 патентын өргөдөл мэдүүлснээс 1800 орчимд нь гэрчилгээ олгожээ. Түүнчлэн олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 1700 орчим өргөдөл мэдүүлсэний ихэнх нь барааны тэмдэг юм. Салбарын хувьд авч үзвэл голдуу эмийн бүтээгдэхүүн байдаг аж. ДОӨБ-аас гаргасан гишүүн орнуудын нэгдэн орсон эрх зүйн баримт бичгийн хүрээнд хоёр буюу түүнээс дээш улсын оюуны өмчийн байгууллагад оюуны бүтээлээ бүртгүүлж, патент авах юм бол олон улсад бүртгүүлсэнд тооцдог. Гэхдээ одоогоор ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэмтэн л олон улсад гэрчилгээ авсан тухай оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл сонирхуулав.
Монгол Улс Патентын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус гэрээнд нэгдсэн орнуудын аль нэгд нь оюуны өмчийн эрх авахад бүртгэлийн төлбөрөөс 90 хүртэлх хувиар хөнгөлөх нөхцөл 2015 оны долдугаар сараас үйлчлэх болжээ. Энэхүү хөнгөлөлтийг олгохдоо сүүлийн арван жилийн дунджаар тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ нь 25 мянган ам.доллар хүрэхгүй, жилд олон улсад мэдүүлж буй патентын өргөдөл нь 10-аас цөөн зэрэг хүчин зүйлийг харгалздаг байна.
Үлийн цагаан оготныг бага зардлаар устгах тоног төхөөрөмжийг өнөөг хэр нь ашиглаагүй байна
Гэхдээ олон улсад өргөдөл мэдүүлэхэд орчуулга, хайлт, бүртгэл, тэмдэгтийн хураамж гээд олон төлбөр төлдөг. Харин хөнгөлөлт нь хайлтын болон бүртгэлийн хураамжид үйлчилдэг аж. Гэтэл орчуулгын төлбөр нь тусгай, нарийн техникийн үг хэллэг шаарддагаас маш өндөр гардаг. Энэ бүхэн Монголын оюун бүтээлүүд олон улсад гарч чаддаггүйн нэг шалтгаан болдгийг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл учирласан юм.
Хүн төрөлхтний түүхийн сүүлчийн 300 жилд гарсан технологийн гайхам ололт амжилтаас бараг хүн бүр хүртэх болсон. Улс орнуудын эдийн засаг ч шинэ бүтээлийн нээлт, инноваци, бүтээгдэхүүний загварыг хэрхэн сайжруулах уу гэдэгт чиглэж байна. Эдийн засгийн хөгжлийг аж үйлдвэрийн өмчийн бүтээлүүдээс ангид авч үзэх боломжгүй. Сод ухаантны, гарамгай зохион бүтээгч, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг бүрдүүлж, үр шимийг нь хүртэх ажил хөгжингүй орнуудын засаглалын гол зорилго гэдгийг ДОӨБ- ын өмнөтгөлд онцолжээ. Аж үйлдвэрийн өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гол тогтолцоо нь Засгийн газар шинжлэх ухааны байгууллага, судлаачдыг дэмжих замаар лабораторийн түвшинд байгаа ажлыг үйлдвэрлэлийн талбарт нэвтрүүлдэг. Харин бизнесийн байгууллагуудыг шинэ нээлт, судалгаа шинжилгээг дэмжих хөшүүрэг болдог зах зээлийн өрсөлдөөн, эрх зүйн орчин нь олон нийтийн болон хувийн инновацийг хооронд нь холбох чөлөөт урсгал болдог байна.
"Монголд инноваци, шинэ бүтээлд их мөнгө зардаг компани цөөхөн. Эдгээрийг одоогоор үндэсний эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэргүүлдэг. Тус компани жилд инновацид 800 саяас нэг тэрбум төгрөг зарцуулдаг. Ингэж зарахаас ч өөр аргагүй. Аливаа бизнесийн байгууллага зах зээлд тэргүүлэхэд дунд хугацааны бодлогоо тодорхойлох гол хүчин зүйл нь өрсөлдөгчид нь болдог байна.
Харин инноваци урт хугацааны стратегийг нөхцөлдүүлдэг. Монголын Оюуны өмчийн газарт дотоодоос болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд бүртгүүлж буй шинэ бүтээл, ашигтай загварын харьцаа 60:40, зарим жил эн тэнцүү байна. Тэр дундаа гаднаас мэдүүлж буй өргөдлийн ихэнхийг эм үйлдвэрлэгчид бүрдүүлдэг" хэмээн Оюуны өмчийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Сарнай хэлсэн юм.
Монголын оюуны өмчийн газрын цахим хуудсын статистик мэдээлэлд аж үйлдвэрийн өмчийн дөрвөн төрлөөр эрхээ хамгаалуулсан хуулийн этгээдийн тоо 2012 оноос хойш эрс нэмэгджээ. Дэлхийн инновацийн жишгийг даган манайд Шинжлэх ухаан, технологийн сан, их сургуулиудын хооронд мөн Технологи, инновацийг дэмжих төвүүдийн нэгдсэн сүлжээг байгуулсан аж. Ийнхүү өнгөрсөн онд Оюуны өмчийн стратеги гэдгийг баталжээ. Энэ бүхнийг шинэ бүтээл, ашигтай загвар, инновацийг бий болгох суурь судалгааны дэд бүтэц үүссэн гэж харж болохоор.
Хятадууд патентын өргөдлийн тоогоор сүүлийн таван жил бусад улсаас илүүрхэж байна
Харин амьдралд нэвтрүүлж, үйлдвэрлэгчидтэй холбохын тулд мэдээллийн суваг хангалтгүй байна. Өнөө цагт хэн нэг инженерийн гайхамшигтай шинэ бүтээлийн үр шимийг хүртэж, эдийн засгийн эргэлтэд цол хэргэм, мөнгөн урамшуулал олгох ажил идэвхижсэн нь сайшаалтай. Харамсалтай нь, дэвшилт бүтээлийг амьдралд нэвтрүүлэх мэдээлэл солилцооны тогтолцоо дутмаг хэвээр. “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаан өнгөрсөн онд хоёр түвшинд явагдсан. Нэгдүгээр байрт дунд сургуулийн бүлгийн Завхан аймгийн Тэлмэн сумын дунд сургуулийн сурагчид үлийн цагаан оготны тоо хэмжээг байгалийн тэнцвэрт байдалд тохируулах арга, түүнийг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр шалгарсан билээ. Гэсэн ч өнөөг хэр нь Хөдөө аж ахуйн яам болон холбогдох байгууллагуудаас нэг ч хүн ирж сонирхоогүй гэх аж. Гэтэл үлийн цагаан оготны устгалд жил бүр улсын төсвөөс нэг тэрбум хол давсан төгрөг сумдад тараан хуваарилдаг. Энэ нь хаанаа ч хүрдэггүй талаар ярьснаар өнөөг хүрч байна.
Монголд бүртгэлтэй бүтээлүүдийг ДОӨБ-ын мэдээллийн санд бүртгүүлэх ажил эхлүүлсэнийг Оюуны өмчийн газрын эх сурвалж мэдээлсэн юм. Техникийн томоохон бэрхшээлүүдээ амжилттай шийдээд явбал энэ оны төгсгөл гэхэд дэлхийн 188 орны нэгдсэн санд монголчуудын оюуны бүтээл албан ёсны данстай болох нь. Ингэснээр гаднын үйлдвэрлэгчдэд бүтээлээ бойжуулах боломж бололцоо нэг шат ахих юм.
ЗГМ: ТОДРУУЛГА
ПАТЕНТ БОЛ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ МАШ ОНЦГОЙ ЭРХ
Монголын оюуны өмчийн газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Сарнайгаас монгол хүний оюуны бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд орох боломж бололцоо хэр байгаа талаар тодрууллаа.
- Инноваци бүтээсэн монгол хүн бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулаад, үр өгөөжөө хүртэх боломж хэр байдаг вэ?
- Инноваци гэдэг зүйл зүгээр гараад ирэхгүй. Асар их судалгаа, хөдөлмөрийн үр дүнд гарч ирсэн бүтээл оюуны өмчийн эрх зүйн дагуу хамгаалагдана. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд орох үүд хаалга нь нээгддэг. Ер нь дэлхийд гарах чадвар тухайн улс инноваци, патентын мэдээллийг хэр зэрэг ашиглаж, боловсруулж чадаж байна вэ гэдгээр л хэмжигддэг.
- Патентын судалгааг хэрхэн хийвэл оновчтой вэ?
- Патентын судалгааг хэн ч хийж болно. Бүгдэд нээлттэй. Харин хэрхэн хийх вэ гэдэг дээр дараагийн таван жилд аль салбарт ямар чиг хандлага ирээдүйтэй байна вэ гэдэгт үндэслэж хийвэл зүгээр. Санхүүжилтыг нь ч гэсэн үүний үндсэн дээр тооцоолох нь чухал зөв. Тиймээс хүн бүрт тус тусдаа бус, нэгдсэн зохион байгуулалтад орж хийвэл илүү үр дүн гарна. Өнгөрсөн жил “Оюуны өмчийн үндэсний стратеги” гэж батлагдсан. Энэ стратегид инновацийг хэрхэн дэмжих талаар тусгаж өгсөн.
- Ганц хүн бүтээл гаргаад амжилт олж чадахгүй юм байна гэж ойлголоо?
-Тийм. Чи мундаг зүйл зохион бүтээлээ ч бизнесийн сэтгэлгээ байхгүй бол эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй. Тиймээс бүтээл, технологи маань сайн байж, хүн олж авахыг хүсдэг байх ёстой. Харин Оюуны өмчийн байгууллага энэ технологийг нь хамгаалсан байх ёстой. Хамгаалахгүй орхичихвол тэр сайн технологийг хүн хэрэглээд эхэлбэл бас л эдийн засгийн эргэлтэд ороод ашгаа өгөхгүй. Сайн бүтээл гаргахын тулд урьд өмнө гарсан ижил төстэй бүтээгдэхүүн, технологийг сайн судлах л учиртай. Тухайлбал, тооны машиныг яаж шинэчилж хийвэл хүмүүс авах вэ гэдгийг өмнө нь хийж байсан зүйлсийг харж байж л буулгана. Их сургууль, судалгааны байгууллага, бизнесийнхэн, төрийн байгууллагын түншлэл дээр л үр дүн тогтоно. Тэрнээс сайн технологитой, эрхээ хамгаалуулчихсан боловч эдийн засгийн эргэлтэд ороогүй, хананд өлгөчихсөн, бэлгэдлээс хэтрэхгүй л зүйл болно. Гэтэл нөгөө талд бизнесийнхэн Дорж юу зохион бүтээв гээд хайгаад явахгүй. Тиймээс хоорондоо мэдээллээ сайн солилцдог тогтолцоо үгйүлэгдээд байгаа юм.
- Ийм ямар тогтолцоо манайд байна вэ?
- Сайн гээд хэлчихээр зүйл алга. Ийм тогтолцоог бий болгох шаардлагатай. Байгууллагуудын инноваци бүтээх чадавхийг сайжруулж, хийсэн нээлт, гаргасан бүтээлийнх нь мэдээлэл хангалттай хүрэх, хоорондын маргааныг нь эрх зүйн зохицуулалтаар шийдсэн гэх мэт цогц тогтолцоо хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудын туршлага ч тийм л байдаг. Шинэ зүйл бүтээснийх нь төлөө урамшуулж, мэдээлэл ашиглах боломжийг нь нэмэгдүүлдэг.
- Монголд шинийг санаачлагч, зохион бүтээгчдийг хэрхэн урамшуулдаг вэ. 1990-ээд оноос өмнө ШБОС- ын гэрчилгээ авдаг, бага зэрэг мөнгө дагалддаг байсан гэсэн үү?
- Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит “Шинийг санаачлагч”, “Шилдэг зохион бүтээгч” гэсэн цолыг олгодог. Манай байгууллагын зүгээс мөн энэ үйл явцад дэмжлэг үзүүлэх үүднээс “Инновацийн шийдэл-бидний амьдралд” гэсэн уралдаант шалгаруулалтыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар зарлах гэж байна. Гол чиглэл нь улс орон, тухайн орон нутагт ямар бэрхшээл байна вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт суурилан шалгаруулж, тодорхой шагнал урамшуулал олгодог юм.
- Аж үйлдвэрийн өмчийн бүтээлүүдийг эзэмших эрх тодорхой хугацаатай байдаг. Хугацаа нь дуусвал нийтийн өмч болно гэсэн заалттай. Үнэхээр бүтээл гаргачихаад эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсаар хугацаагаа дуусгачихвал харамсалтай санагдаж байна?
- Патентын системийг маш сайн ойлгох хэрэгтэй. Патент бол нууц зүйл, би зохион бүтээсэн зүйлээ патентжуулсан бол нууцлах ёстой гэсэн ойлголттой хүмүүс бий. Дэлхий нийтэд патентын систем нь тухайн зохион бүтээгч бус нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэж үүссэн. Тиймээс тухайн шинэ зүйлийг бүтээхэд гаргасан мөнгө, хөрөнгө хүчээ тодорхой хугацаанд олж авах боломжийг эрх зүйн зохицуулалтаар зохицуулж өгчээ. Аливаа шинэ зүйл, мэдлэг мэдээллийг хуваалцаж байж л шинжлэх ухаан, технологи цаашдаа хөгжинө.
Нөгөө талаар патент бол зохион бүтээгчдэд төрөөс олгож буй маш онцгой эрх. Минийхтэй яг адил зүйл өнөөдөр өөр аймагт өөр хүн зохион бүтээжээ. Бид хоёр бие биенээсээ хуулаагүй, яг адилхан сэтгээд бүтээсэн гэж бодъё. Гэтэл би түрүүлээд Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлчихсэн байвал тэр хүн өөрийнхөө бүтээлийг ашиглах боломжгүй л гэсэн үг. Харин төр энэ монополь эрхийг олгосны хариуд зохион бүтээгчээс бүтээлээ хэрхэн бүтээсэн талаарх техникийн мэдээллийг нэгд нэгэнгүй өгөхийг шаарддаг. Ингэснээр энэхүү мэдээлэл нь дараагийн шинэ бүтээл төрөх үндэс суурь нь болдог.