Түншлэлийн талаарх түгшүүр
Живан Васагар, Жамил Андерлини
Номхон далайн түншлэлийн гэрээ балран унавал бүс нутаг дахь Америкийн стратегид хөнөөлтэй. Мөн энэ гэрээг батлуулж чадахгүй бол Ази дахь АНУ-ын байр суурьт томоохон ухралт болно хэмээн Сингапурын Ерөнхий сайдын орлогч Тарман Шанмугаратнам мэдэгдсэн. Энэ нь тус бүс нутаг руу хандах Вашингтоны бодлогод түгшсэнийг харуулав.
Ази дахь Америкийн холбоотнууд гэрээ цуцлагдвал Вашингтон Номхон далайн бүсээс татгалзаж буйн бэлгэдэл болно хэмээн үзэж байгаа аж.
Азид Хятадын нөлөө эрс өсөж буй үед Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Бээжинд айлчлахдаа АНУ-аас тусгаарлаж, Хятадтай ойрын харилцаа тогтоохоо мэдэгдлээ. 12 улсын багтаасан Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны гэрээ даяарчлалыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийн бай, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх маргааны гол сэдэв болжээ. Хоёр нэр дэвшигч ноён Трамп, хатагтай Клинтон нар хоёулаа уг хэлцлийг эсэргүүцэж байгаа юм. Уг гэрээг АНУ-ын Конгрессоор батлуулах найдвар бараг тасарчээ.
Сингапурын шадар сайд Шанмугаратнам “Номхон далайн түншлэл эдийн засгийн шууд ашиг өгөхгүй. Харин нээлттэй байдал, харилцан ашигтай гүнзгий холбоо тогтоох эрмэлзлийн тухай асуудал юм” гэжээ. Тэрбээр АНУ-д өрнөж буй сонгуулийн сурталчилгааны талаар зовнилоо илэрхийлэн “Сонгуулийн дараа хүмүүс голдуу тайвширдаг. Гэхдээ энэ удаад тийм биш гэж айж байна” хэмээн ярьсан байна.
Сингапур бол гадаад худалдаанд түшиглэсэн жижиг эдийн засаг бөгөөд Номхон далайн түншлэлийг анх эхлүүлсэн дөрвөн улсын нэг. Тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лунг уг гэрээг АНУ-ын тал итгэлтэй байдлаа харуулах сорилт хэмээн тайлбарлаж байсан. Ноён Шанмугаратнам манай сонинд ярилцлага өгөхдөө “Зүүний болон барууны популизм аль ч талдаа өслөө. Гол намууд популизмын хойноос хөөцөлдөж байна. Дундаж баримтлалтай удирдагчид дахин сонгогдохын тулд одоо хэт үзлийн хэлээр ярьдаг боллоо” хэмээн шүүмжиллээ. Шадар сайд эрх баригч Ардын үйл хэргийн намын гишүүн бөгөөд энэ албан тушаалдаа 2011 оноос хойш ажиллаж байгаа улстөрч. Тэрбээр өөрийнх нь нам Сингапурт төр барьж байгаа нь хот улсын ирээдүйг төлөвлөхөд шууд оролцох давуу талтай хэмээн үздэг аж. Тус намыг Сингапурын домогт Ерөнхий сайд асан Ли Куан Ю анх үндэслэсэн юм. Улмаар Ардын үйл хэргийн гишүүн нам өнгөрсөн оны сонгуульд ялж, засаглалын эрхээ баталгаажуулсан билээ. Ноён Шанмугаратнам хэлэхдээ “Сингапурчуудад биднийг сонгох учир шалтгаан бий. Ихэнх оронд дараагийн сонгуулиар хэн гарч ирэх нь тодорхойгүй байдаг. Ямар хүмүүс улс орныг удирдах нь мэдэгддэггүй. Харин манай улсын хувьд дараагийн сонгуульд эрх баригч нам ялахыг би лавтай мэдэж байна” гэжээ. Түүний хэлснээр АНУ дэлхийн өрсөлдөөний ард үлдсэн орнуудад туслахын тулд хангалттай хүчин чармайлт тавьж чадаагүй аж. Сингапурын шадар сайд “Хэн ч технологийг буруутгадаггүй. Ийм хандлага байхгүй. Гэтэл өөр улсыг, эсвэл дэлхийн элитүүдийг даяарчлалд буруутгаж байна. Уг шүүмжлэл асуудлын мөн чанараас анхаарлыг хөндийрүүлж байна. Үнэндээ гол асуудал нь та нарын дотоод бодлого шүү дээ” хэмээн өгүүлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй