Монгол эрдэмтдийн нандин брэндүүд
Ган, хүйтэнд тэсвэртэй өндөр ургац авдаг дархан 144 сортыг гаргаж авсан нь том дэвшил
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, профессор Ж.Ганболдтой улаанбуудайн шинэ сортуудын талаар ярилцлаа.
-Монгол эрдэмтэд хэзээнээс шинэ сортын улаанбуудай гаргах судалгаа хийж эхэлсэн бэ?
-Манай оронд шинэ сортын таримал ургамал гаргах судалгааны ажил 1950-иад оноос эхэлсэн. Тэр үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний туслах станцыг анх байгуулсан. Энэ станц мал аж ахуй болон газар тариалан гэсэн хоёр тасагтай байлаа. Тэгэхээр шинэ сорт тарих, нутагшуулах ажлыг нэлээд эртнээс эхлүүлсэн гэж болно. Үүний дараа 1963 онд тухайн үеийн Зүүнхараа хотод Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнг байгуулсан. Энэ үеэс шинэ сорт гаргах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн. 1960-аад оноос хойш үр тарианы 100 орчим сорт гаргаад байна. Үүний 70 гаруй нь улаанбуудайн сорт. Судалгааны эхний жилүүдэд ОХУ хийгээд бусад орны буудайн сортыг Монголдоо туршиж, нутагшуулах боломжийг судалсан. Мөн ОХУ- ын хатуу буудайн Харьков-46, зөөлөн буудайн Саратов-99, Скала зэрэг сортыг тарьсан. Анх улаанбуудайн шинэ сорт гаргаж авахад Монгол Улсын төрийн шагналт Х.Зундуйжанцан, М.Өлзий гуай нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хоёр эрдэмтэн АНУ-ын Вашингтон сортоос сонгож Орхон сортыг гаргасан юм. Орхон сортыг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь шинэ дэвшил байсан. Тухайн үед манай хөдөө аж ахуйн салбар улаанбуудайн Орхон сорт, нарийн ноостой Орхон үүлдрийн хонь гэсэн шинэ брэндтэй болж билээ.
-Бусад улс орны улаанбуудайн сортоос манай эрдэмтэд хэр олон шинэ сорт гаргасан бэ?
-Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай хамтраад өөр шинэ сорт оруулж ирж судлахын зэрэгцээ селекцийн янз бүрийн аргаар туршилт хийж байсан. Анхны селекцийн арга бол эрлийзжүүлэх. Энэ аргаар хоёр сортыг хооронд нь эвцэлдүүлж ган болон хүйтэнд тэсвэртэй шинэ сорт гаргах туршилтыг манай эрдэмтэд амжилттай нэвтрүүлсэн. Түүнчлэн 1970-аад онд шинжлэх ухаанд нэвтрүүлсэн шинэ арга бол мутагенез байсан юм. Энэ нь физик, химийн хүчин зүйлийн нөлөөгөөр ургамалд ашигтай шинж чанар бий болгодог арга л даа. Ингэж мутагенезийн аргаар гаргаж авсан анхны сорт бол Орхон-85. Улаанбуудайн шинэ сорт гаргах ажлын бас нэгэн ололт нь өвөлжих буудайг зусах болгож хувиргасан явдал. Энэ аргыг хэрэглэсний дүнд эрт болцтой, налдаггүй, хүйтэнд тэсвэртэй сортуудыг гаргаж авсан. Өвөлжих буудайг зусах болгон хувиргаж гаргасан сорт бол Халх гол-1 юм. Эдгээр шинэ сортын улаанбуудай нь эрдэмтэн Ч.Хүчит, Н.Алтансүх, Ж.Сэржмаа нарын бүтээл.
-Манай орон эрс тэс уур амьсгалтай тул хэр баргийн ургамлыг нутагшуулахад амаргүй байдаг болов уу?
-Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай, ган элбэг тохиолддог, намар эрт хүйтэрдэг учраас нэлээд тэсвэртэй сорт гаргах нь эрдэмтдийн зорилт. Манай эрдэмтдийн гаргаж авсан үнэт брэнд бол Дархан-74 сортын улаанбуудай. Ган болон хүйтэнд тэсвэртэй, ургац өндөртэй энэ сортыг Бурятская- 34, Грекум-114 гэсэн хоёр сортыг хооронд нь эвцэлдүүлж гаргаж авсан. Бурятская-34 өндөр ургадаг онцлогтой. Харин Грекум-114 бол үр тарианы өвөг болох хиагтай цус холилдсон сорт л доо. Энэ хоёрын дундаас элит үр Дархан-74 сортыг гаргаж авсан нь том амжилт. Дунд болцтой Дархан-74 сортыг цөөнгүй компани тарьж байгаа.
Мөн хяруу эрт унадаг, өндөрлөг бүс нутгуудад зориулсан эрт болцтой сорттой болохоор зорьж Дархан-131-ийг гаргаад, Сэлэнгийн Хушаатад хэд хэдэн газар тарьсан. Үүнээс гадна өндөр ургадаг Дархан-144 сортыг гаргаж, нэлээд өргөн тарьж байгаа. Энэ сорт дунд оройн болцтойгоороо бусдаас илүү давуу чанартай. Дархан-144 сортын удаанбуудайг тарьсан тариаланчид га-гаас 20 гаруй центнер ургац хураасан гээд ам сайтай байна.
Мутагенезийн аргаар гаргаж авсан анхны сорт Орхон-85
-Дархан-144 сорт өндөр ургадаг, ган, хүйтэнд тэсвэртэй, эрт болцтой гээд олон давуу чанартай юм байна. Харин цавуулаг нь хэр бол?
-Бүх үзүүлэлтийг нь үнэлж үзээд шинэ сорт гаргадаг. Зөвхөн ган, хүйтэнд тэсвэртэйг нь шалгадаггүй. Шинэ сорт гаргаж авахад анхаардаг нэг үзүүлэлт нь гурил хийхэд технологийн чанар сайн байх ёстой. Гурилын цавуулгийн хэмжээ, талхны чанарт тэнцэж байна уу гэдгийг нарийн шинжилдэг учраас бүх шаардлагыг хангадаг.
-Улаанбуудайн шинээр гаргасан сортуудыг хэр хэмжээгээр тарьж байгаа вэ? -Одоогоор Дархан-144 сортыг 50-60 мянган га-д тариад байна. Нэг аж ахуйн нэгж дунджаар 2-3 мянган га-д тарьдаг. Зах зээлд орсноос хойш үрийн бодлого алдагдсан. Мөн үр сортын бодлого ч сайн биш байна. Үүнээс болоод гаднаас оруулж ирсэн үрийг элбэг тарьдаг болсон. Тодруулбал, Төв аймгийн Цээл, Жаргалант, Угтаал зэрэг суманд Алтай сортын улаанбуудайг элбэг тарьж байгаа. Энэ бол манайд албан ёсоор нутагшуулаагүй сорт л доо. Харин сүүлийн үед манай эрдэмтдийн нутагшуулсан сортын тариалалтыг нэлээд өргөжүүллээ.
-Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмж сайн биш байгаа. Шинэ сортоо патентжуулж амжсан уу?
-Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс гаргаж байгаа шинэ сортууд учраас тэд патентаа эзэмшдэг. Шинэ сорт гаргахад олон хүн оролцдог учраас секторынхны бүтээл гэсэн үг.
Шинэ сортын үр гаргах судалгаа, туршилт хийхэд доод тал нь найман жил зарцуулдаг. Цаашлаад 15 жил зарцуулах тохиолдол ч бий.
-Хоёр өөр сортыг эвцэлдүүлж сайн чанарын сорт гаргасан гэлээ. Энэ туршилт генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг ангилалд хамаарахгүй биз дээ? -Эрлийзжүүлнэ гэдэг нь хоёр өөр сортын дундаас нэг сайн чанарын бүтээгдэхүүн гаргаад цэврээр нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг хэлдэг. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол өөр. Тухайлбал, шар буурцагт өмнө нь байгаагүй ген хүчээр хийхийг хэлж байгаа юм. Ийм генийн өөрчлөлттэй ургамлын сорт гаргасан компанийнх нь өмч болдог. Дахиад тэр үрийг сэргээж үржүүлэх боломжгүй. Тарих үрээ нөгөө ген гаргасан компаниасаа л авах хэрэгтэй болдог. Нэг үгээр хэлбэл, хараат байдалд ордог. Бидний гаргасан бүтээл бол тийм, биш эрлийз сорт.
-Тэгэхээр Дархан-144 сортыг хэр удаан жил тарих боломжтой вэ?
-Нэг сортын үрийг 5-8 жил тарих боломжтой. Олон жил тариад ирэхээр нарны хэт ягаан туяа, механик ажиллагаанаас болж үр бохирддог. Түүнчлэн цэвэрлэгээний явцад өөр үртэй холилдоод Дархан-144 гэсэн чанараа алдах тохиолдол бий. Үрийн чанар мууддаг учраас эрдэм шинжилгээний байгууллага элит үрийг нь байнга гаргаж байх ёстой. Үр, сортын тухай хуульд нэг аж ахуйн нэгж таван жил болоод үрээ солих ёстой гэж заасан байдаг. Үүнийг л мөрдөх хэрэгтэй.
-Шинэ үр гаргаж авахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Шинэ сортын үр гаргах судалгаа, туршилт хийхэд доод тал нь найман жил зарцуулдаг. Цаашлаад 15 жил зарцуулах тохиолдол ч бий. Нөгөөтэйгүүр хөрөнгө санхүүгийн асуудал хүрэлцээтэй биш. Эрдэм шинжилгээний байгууллагууд голдуу төслөөр л судалгааны ажлаа хийж байна. Бид хямд төсөр аргаар, хурдан хугацаанд шинэ сорт гаргахыг л хичээдэг. -Өөр шинэ сортын судалгаа хийж байгаа юу? -Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бидний судалгааны ажилд ч гэсэн ахиц, дэвшил гарч байдаг. Ганд тэсвэртэй хэрнээ өвчинд тэсвэргүй сорт бий. Тиймээс сайн чанартай сорт гаргахын тулд доголдолтой талыг нь засаж сайжруулдаг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй