Сам хорхойн хөнөөл ба ойн устгал
Сенегалийн өмнөд хэсгийн үндэст мод сөөгт ой бүрэн устсан гэх гашуун түүх бичигдэв
Үндэст мод сөөгт ой хуурай газрын ойгоос дөрөв дахин хурдан устаж байна хэмээн судлаачид тогтоолоо. Тодорхой хэлбэл, үндэст ой XX зуунд хамгийн ихээр бохирдож, багассан экосистемийн нэг болоод байгаа гэнэ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан мэдээгээр үндэст мод сөөгийн гадаргуугийн талбай 1980 онд 18.8 сая га байжээ. Харин 2005 онд 15.2 сая га болж багассаныг тогтоосон байна. Угтаа бол 25-хан жилийн дотор бараг 20 хувиар багассан нь энэ.
Үндэст модот ой нь илжирч мууддаггүй, шавж үүрлэдэггүйгээрээ онцлог. Харамсалтай нь, энэ ой хуурай газар, далайн хооронд эргийн дагуу байрладгаасаа болж ийнхүү хоёр, гуравхан аравны дотор устаж үгүй болж эхэлсэн байна. Түүнчлэн хүмүүс хоол хүнс, амьдрал ахуй гээд маш олон шалтгаанаар энэ бүсэд шигүү суурьшин амьдарсаар ирлээ.
Хүмүүс хэдхэн арван жилийн дотор энэ гайхалтай экосистемийн бүсэд хөдөө аж ахуй эрхэлж, байшин барилга барьж, далайн хоол хүнсний аварга том боомтын дэд бүтцийг бий болгосон байна. Нутгийн иргэд ийнхүү үндэст модыг ихээр ашиглаж эхэлснээр Сенегалийн өмнөд хэсгийн үндэст мод сөөгт ой бүрэн устсан гэх гашуун түүх бичигдэв.
Биологийн тоолж баршгүй олон янз байдлын талаас илүү хувь нь өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний бүрэн судалж чадаагүй ойд амьдарч байна. Тэр дундаа халуун бүсийн ой нь биологийн гайхамшигтай олон амьдралыг өөртөө агуулдгаараа онцлог. Гэтэл халуун бүсийн орнуудад их байдаг сам хорхойн аж ахуй нь энэ ойд үхлийн цохилт болж байна хэмээн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн Сайн санааны элч, эрдэмтэн судлаач Ян Артус Бэртранд “Ой бас хүн” номдоо дүгнэн бичжээ.
Гэвч энэ сүйрлийг хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй аж. Зүүн өмнөд Ази, Латин Америк, Зүүн Африкт өнөөдөр хэдэн га газрын үндэст модыг хүчирхэг техникээр түрж хусан тэгшилж байна. Ингэж зассан талбайгаа тэд далайн хоол хүнсний болон аж ахуйн бизнес эрхлэх газар болгон хувиргах болжээ. Харин фермерүүд энэ газраа ердөө л 3- 5 жил ашиглаад орхин явдаг. Тэд дахиад өөр нэг газрыг сонгон сүйтгэхдээ хуучин бууринаасаа нэлээд зайтай байхаар тооцож авдаг гэнэ. Ингэж хол суурьшиж, дайжиж дүрвэдэг шалтгаан нь сам хорхойнууд элдэв өвчин тусахаас сэргийлж байгаа нь энэ.
Учир нь энэ чиглэлийн аж ахуйнууд сам хорхойгоо хурдан үржүүлж өсгөхийн тулд, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн химийн бодис, бордоог их хэмжээгээр хэрэглэдэг юм байна. Үүнтэй холбоотойгоор гурваас дээш жил ашигласан талбайн эрүүл чанар алдагдаж, хорхойнууд нь өвчилж эхэлдэг аж.
Сам хорхойгоо хурдан үржүүлж өсгөхийн тулд янз бүрийн химийн бодис, бордоог их хэмжээгээр хэрэглэдэг
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй