Италийн хөлбөмбөгийн шинэ найдвар
Ийм цаг үед тодрон гарсан нь Белоттигийн хувьд завшаан ч байж мэднэ
Багийнх нь тоглогч Италийн шигшээгийн төлөө гоол оруулах мөчийг “Торино”-гийн фанатууд 35 жилийн турш хүлээжээ. Хамгийн сүүлд 1981 онд Жузеппе Доссена гэгч залуу Италийн өмсгөлтэйгөөр гоол хийсэн байна. Гэхдээ тэр нь Болгартай хийсэн нөхөрсөг тоглолт байсан. Тэгээд ч тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон үед буюу цаг дуусах мөчид талбайд гарч, азаар шахуу гоол оруулсан. Тэгэхээр ач холбогдол багатай гоол гэсэн үг. Харин “Торино”-гийн балиашгууд энэ жил найдвар тавьж харуулдах нэгэн сайн тоглогчтой болжээ. Түүнийг Андреа Белотти гэдэг. Италийн шигшээд хийсэн гурав дахь тоглолтдоо л Македонийн хаалгыг мялааж, өөрийгөө хэн болохыг харуулав. Энэ нь түүний хувьд шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд багтсан анхны тоглолт байлаа. Тоглолт эхлэхийн өмнө Италийн дасгалжуулагч Ж.Вентура түүнд “Энэ бол чиний боломж. Боломжоо бүрэн дүүрэн ашиглаарай” гэж хэлээд талбайд гаргасан гэдэг. Залуу довтлогч ч дасгалжуулагчийнхаа захиасыг сайн биелүүлж, тоглолтын эхний бөмбөгийг хийсэн юм. Түүний сайн тоглолт багт нь нөлөөлж, чухал тулаанд 3:2-оор ялалт байгуулсан билээ.
Хөлбөмбөгийн шинэ улирал эхэлснээс хойш Андреа 59 минут тутамд гоолдож байна. Энэ нь Европын шилдэг лигүүдийн бүх довтлогчийг давж гарах үзүүлэлт юм. “Белоттигүй бол манай баг хагас хүчээрээ тоглож буй мэт л байдаг” хэмээн ToroNews-ийн спортын тоймч К.Равиола бичжээ. Энэ нь түүний багт үзүүлдэг нөлөөг тун оновчтой тодорхойлсон хэрэг юм.
Үнэндээ сүүлийн 10 жил Италийн хөлбөмбөгт янз бүрийн довтлогч авьяас чадвараараа тодрон гарч ирсэн. Гэвч тэдний ихэнх нь ганц улирал сайн тоглоод л дараа жилээс нь мартагдаж эхэлдэг. Боррьелло, Борини, Дестро, Паволтетти гээд хоромхон зуур мандаад өнгөрсөн оддын жагсаалт үргэлжилнэ. Белотти тэдний нэг юм биш биз. Түүний сайн тоглолт ганцхан жилийн настай юу. Энэ асуултад хөлбөмбөгийн ихэнх мэргэжилтэн “Үгүй” гэж хариулж байна. Учрыг нь мэдмээр байвал үргэлжлүүлэн уншина уу.
Тэрбээр одоогийн буюу төвийн довтлогчийн байрлалдаа тоглож эхлэхдээ 17 настай байв. Ер нь итали хөвгүүд ихэнхдээ өдий хэрийн насандаа үндсэн байрлалаа олсон байдаг. Ж.Буффон л гэхэд эхэндээ хагас хамгаалагчийн байрлалд тоглож байгаад яваандаа хаалгач болсон түүх бий. Харин Белоттигийн хувьд довтлогчоор сонгогдсон нь өсвөрийн багийн дасгалжуулагч А.Палагийн шийдвэртэй холбоотой. Хашир мэргэжилтэн хүүгийн гоол оруулах онцгой авьяасыг олж харж, довтолгооны тэргүүн эгнээнд илгээсэн нь тун зөв шийдвэр болжээ. Тэрбээр Белоттигийн талаар нэлээд хэдэн жилийн өмнө ийн ярьж байв. “Залуу хөлбөмбөгчидтэй ажиллах нь их тэвчээр шаарддаг гэж би үргэлж хэлдэг. Андреа биеийн хүчний хувьд хэнээс ч дутахгүй гэдэг нь харахад л андашгүй. Харин техник, ур чадварын хувьд жаахан “түүхий” байна. Тиймээс цаашид ур чадвараа дээшлүүлэх тал дээр их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэдий тийм ч Андреа сэтгэл санаагаар унадаггүй, үргэлж цовоо сэргэлэн байдаг. Энэ зан чанар нь надад Жанлука Виаллиг санагдуулдаг юм. Эрт, орой хэзээ нэгэн цагт түүний ур чадварыг зүй ёсоор нь ашиглах дасгалжуулагч олдоно гэдэгт би итгэлтэй байдаг”.
“Энэ бол чиний боломж. Бүрэн дүүрэн ашиглаарай” гээд талбайд гаргав
Үнэхээр түүний хэлсэн удалгүй биеллээ олж, Андреа 2013 онд 20 настайдаа Италийн алдартай багуудын нэг “Палермо”-д уригджээ. Тухайн үед “Палермо” хоёрдугаар дивизионд тоглож байсан бөгөөд Андреа эхний улиралдаа 10 гоол оруулж, багаа дээд лигт дэвшихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Улмаар өнгөрсөн жил “Торино” клуб түүнийг 7.5 сая еврогоор худалдан авч, дөрвөн жилийн гэрээ үзэглэсэн. Тэрбээр “Торино”-д тоглосон эхний жилдээ 12 бөмбөг хийсэн. Харин шинэ улирал эхэлснээс хойш зургаан тоглолтод таван гоолоор учраагийнхаа хаалгыг мялаажээ. Түүний гайхалтай тоглолтын ачаар “Торино” хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байгаа юм.
Нэгэн цагт Италийн шигшээд тоглож явсан Виалли хүчтэй довтлогч байгаагүй. Бас түүнээс элдэв чамин хууралт хийхийг нь хүлээгээд нэмэргүй. Огцом хурдаар хамгаалагчаасаа сугарч, хүчтэй цохилтоор гоол хийх довтлогчийн үндсэн техникийг ч тэр эзэмшээгүй. Тэгсэн хэрнээ л гоолыг тогтмол оруулна. Учир нь тэр багийн андуудтайгаа маш сайн ойлголцож, тоглолтын хэмнэлийг урьдчилан харж чаддаг байв. Мөн бөмбөггүй хэрнээ үр ашигтай тоглолт хийдэг нь дасгалжуулагчдын хамгийн дуртай зүйл. Энэ бүх чанар нь Андреа Белоттигийн тоглолтын арга барилтай яв цав таардаг. Тиймдээ ч Белоттиг Виаллигийн нэгэн адил өндөр түвшинд олон жил сайн тоглоно гэж итгэдэг хүн олон.
Өдгөө Италийн шигшээд байр сууриа баттай олж, дархлагдсан довтлогч гэж алга. Р.Бажо, К.Вьери, Ф.Инзаги, А.Дель Пьеро, Ф.Тотти зэрэг луугаруудыг залгаж гарах супер од дутагдаж байгаа гэсэн үг. Ийм цаг үед тодрон гарсан нь Белоттигийн хувьд завшаан ч байж мэднэ. Нэг ёсондоо түүнд шигшээгийн сольшгүй лидер болох сайхан боломж бүрджээ.
“Торино” бол 110 жилийн баялаг түүхтэй баг. Гэвч нэгэн зууны түүхэндээ гаргасан том амжилт цөөн. Италийн аваргаар долоон удаа тодорсон намтартай ч хамгийн сүүлийн түрүүгээ 1976 онд хүртсэн юм. Тэд нэг хотын “Ювентус”-ын сүүдэрт дарагдсаар өдийг хүрчээ. Энэ багаас шигшээд данстай том довтлогч төрөн гарах нь өдрийн од мэт цөөн. Тиймээс Белоттигийн цаашдын ирээдүй бүгдийн анхаарлыг татаж байна. Магадгүй хоёр жилийн дараа болох ДАШТ-д энэ залуу Италийн багийн тэргүүн сонголт болж, талбайд гялалзахыг үгүйсгэх аргагүй юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй