БНХАУ-ын зах зээлд бүх төрлийн нүүрсний үнэ өсөөд байна

Мэдээ

БНХАУ-ын зах зээлд сайн чанарын коксжих нүүрсний импортын үнэ ханш 2016 он гарсаар гурав дахин өсөж, дунджаар 240 ам.долларыг даваад байна. Мөн эрчим хүчний нүүрсний үнийн өсөлт он гарсаар хэдийн "нэг зуун хувь"-д хүрчээ. Үндсэндээ 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2011 онд Австралид болсон үер болон Фукушимад болсон ослын дараа нүүрсний зах зээлд үүсэж, байсантай ижил хэмжээний огцом өсөлт 2016 он гарсаар бий болоод байна гэсэн үг юм. Хэдий тийм боловч энэхүү өсөлт ямар хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь шинжээчдийн хувьд гол асуулт болж эхлээд байна. Үүнд нэг талаас БНХАУ-ын Засгийн газрын бодлого нүүрсний зах зээлд гол нөлөө үзүүлэх нь гарцаагүй аж. БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн хороо мягмар гарагт дотоодын нүүрс олборлогчдоо хүлээн авч уулзан, гарцаа дээд хэмжээнд нь тултал нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна.

Ингэснээр хүйтний улирал ойртож, эрэлт өсөж буй энэ үед нийлүүлэлтийг дэмжиж, эрчим хүчний нүүрсний ханшийн өсөлтийг зарим байдлаар хязгаарлах зорилготой алхам хийлээ. Томоохон компаниудын хувьд үнэ өсөж байгаа энэ үеийг ашиглан олборлолтоо нэмэгдүүлж, ашгаа сайжруулах боломжийг эрэлхийлсээр байна. Тухайлбал, “Glencore” компани өнгөрсөн долоо хоногт Австрали дахь “Collinsville” уурхайдаа 200 ажилтан нэмж авахаар болсноо зарласан нь үүний тод жишээ болж байгаа юм. Үүнээс гадна “BHP Billiton”, “Anglo American” зэрэг салбартаа тэргүүлэгчид эргээд нүүрсний уурхайнууддаа хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх алхмуудыг хийж байна. Энэ нь эдгээр компаниудын хувьцааны ханшид дэмжлэг болж байгаа юм. Ази даяар IV улирлын коксжих нүүрс нийлүүлэх гэрээний дундаж үнийг өсгөх дүр зураг ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна. Сүүлд Австрали дахь “Peabody Energy”, Японы “Nippon Steel” тонн нь 200 ам.долларт гэрээлсэн гэх мэдээлэл гарсан юм. Энэ нь одоогоос нэг сарын өмнөх таамагтай харьцуулахад 20-50 ам.доллароор өссөн дүн болжээ.

Үүнтэй холбоотойгоор шинжээчид 2017 онд ган боловсруулагчид, нүүрс олборлогчид гэрээний үнээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй гэж таамаглаж байна. Харин гол хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээг хангаж байгаа Австрали, Монгол, Индонез зэрэг олборлогч улс орнуудын хувьд зах зээлийн сэргэлтээс харилцан адилгүй ашиг хүртэж байгаа аж. Тухайлбал, БНХАУ-д нийлүүлж байгаа Австрали коксжих нүүрсний импортын дундаж ханш наймдугаар сард 94 ам.доллар байсан нь он гарсаар 20 хувиар өссөн дүн болжээ. Харин Монголын хил дээр коксжих нүүрсний импортын дундаж ханш наймдугаар сард ердөө 34 ам.доллар байгаа нь он гарсаар бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна.

Статистик мэдээллийг харвал оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс нийт 509.7 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Энэ нь үнийн дүнгээр жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ биет хэмжээ нь 16.2 сая тонн болж, 55 орчим хувиар нэмэгдсэнтэй харьцуулбал хангалтгүй дүн ажээ. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд нүүрсний ханш тасралтгүй нэмэгдэж байгаа ч өрсөлдөх чадвар харьцангуй сул байгаагийн улмаас Монголын компаниуд гэрээний хямд нөхцөлөөр нүүрсээ нийлүүлж, олон сая ам.долларын экспортын боломжоо хаасаар байна.



САНАЛ БОЛГОХ