Зээлийн батлан даалтын сан: 430 ААН-д 37 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан

Мэдээ

Жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэхэд хангалттай урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт дутмаг байна гэж шүүмжилдэг. Гэхдээ зээлжих чадвартай, хөгжих боломжтой төсөлд олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх төслийн санхүүжилтийг санал болгоход бэлэн байгааг олон улсын болон төрийн байгууллагууд онцолж байна. Бизнес эрхлэгчдийн техникийн мэдлэг дутмаг, бизнесийн төлөвлөгөө тодорхойгүй байдаг нь санхүүжилт авах боломжийг хязгаарладаг талаар "Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд засгийн газрын агентлаг, банкуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. "Reach" төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1.1 тэрбум ам.долларын зээлийн зуучлалыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зарцуулсан байна.

2018 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд 500 гаруй ААН-д 50 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилтийн зуучлалын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Японы "Jica", Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Азийн сан зэрэг байгууллага жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх, чадавхижуулах төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа санхүүжилт банкны эх үүсвэрээр олгох зээлээс харьцангуй таатай нөхцөлтэй байгаа юм. Харин барьцаа хөрөнгийн хүрэлцээ дутагдалтай компаниуд хүссэн зээлийнхээ 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжтой байдаг.

Зээлийн батлан даалтын сан байгуулагдсанаасаа хойш гурван жилд 430 ААН-д 37 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, 90 гаруй тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнээс 10 тэрбум нь эргэн төлөгдөж, одоогоор дахин 23 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах боломж нээлттэй байгааг онцоллоо. Гэхдээ Зээлийн батлан даалтын сангийн эрсдэлийг давхар даатгах шаардлага байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ