Эрдэнийн гурван сахиус
Шүтээн зурагт муу муухай шингээхээс сэргийлж эрдэнийн зүйлсээр дүүргэдэг
Бурхны шашны “Арван хангал”-ын хилэнт дүртэй бурхад болох Жамсран, Намсрай болон эдийн тэнгэр Гонгор бурхны шүтээн зургууд, шавар цутгуур, модон, гуулин болон хув сийлбэр, баримлуудыг Занабазарын дүрслэх урлагийн музейн Барлах урлагийн танхимд дэлгэжээ. Эдгээр сахиус нь сүр хүчинд хувирч, хүний нүдэнд үл үзэгдэх хийгээд үзэгдэх хортон бүгдийг айлган сүрдүүлж, устган тонилгох тангарагтай байдаг. Иймд шүтээн зурагт хүнд, хурц өнгөөр дүрсэлдэг байна.
XVIII-XIX зуунд хамаарах үзмэрүүдэд Гонгор бурхныг дөрвөн янзаар дүрсэлсэн бол Намсрай бурхны төрхөөс гадна зүрхэн тарни, мандлыг хэд хэдэн янзаар урласан байна. Мандал гэдэг нь нөхөр сэлт, дагуул, уналага гээд тухайн бурхны хэрэгтэй бүхий л зүйлсийг багтаасан, дөрвөлжин буюу сүм хийд хэлбэртэй зургуудыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, бурхны орон гэр аж. Мандлыг шүтээн зураг, сийлбэр, зээгт наамал, өнгө өнгийн элсээр гээд хэд хэдэн янзаар хийдэг.
Шүтээн зургийн нэг онцлог нь сахиусын багш, лам нарыг дээд хэсэгт нь залдаг бол зарлиг биелүүлэгчдийг доор нь дүрсэлдэг байна. Мөн зургийн сул орон зайд муу муухай зүйл шингэж орохоос сэргийлж, эрдэнэ дүүргэж зохиомжилдог аж.
Догшин Жамсран
Гонгор сахиус
Эдийн тэнгэр Гонгор бурхныг урлагт ихэвчлэн цагаан дүртэй, зургаан гартайгаар дүрсэлдэг. Үзмэрүүдийн дотор нэр нь үл мэдэгдэх нэгэн бүтээгчийн алтан хүрээтэй шүтээн зураг бий. Үүнийг музейн урын сан дахь Гонгор сахиусын эртний уран зурагт тооцдог аж. Уг бүтээлд Гонгор сахиусын дээр Манзушир бурхан, тойроод Рэнцэнханд, Доржханд зэрэг таван дагинаар нь хүрээлүүлжээ.
Харин доороо заан толгойтой, хүн биетэй ганеш буюу чуулганы эзнийг дүрсэлсэн байна. Ганеш бол сахиусын зарлиг биелүүлэгч бөгөөд мөн л эрдэнийн бурхан юм. Гонгорын зургаан мутарт гурван хорыг дарах сэрээ, муу зүйлээс хамгаалагч гох, эрдэнийг бэлгэдсэн гавал аяга буюу бумба, гурван орныг эрхэндээ хураах дамар, муу бодлуудыг тасдан хаях махих хутга, зэндмэнэ эрдэнэ бариулсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй