Хагас өдрийн ээж

Сурвалжилга

“Хишиг өдөр”-т ирсэн эцэг, эхчүүд багшийн ажлыг ойлгоод буцдаг

Хоёр настнууд ээжийнхээ өврөөс салж, цэцэрлэгийн албандаа яваад хоёр сарыг үджээ. Гэсэн ч нойрмоглон уурлах, ээж, аавынхаа хүзүүгээр тас тэврэх бяцхан жаалууд цэцэрлэгийн хаалгаар орохдоо уйлсаар л. Ажилдаа яарсан эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувцсыг хам хум тайлаад багшид нь хүлээлгэж өгөв. Ингэж цэцэрлэгийн багшийн “ээж”-ийн ажил эхэлдэг.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн бага ангийн багш Ү.Цэнгэлмаа хүүхдүүдээ бүртгэж, туслах багш И.Отгонхишиг заримыг нь шээлгэж, уйлж халтартсаных нь нүүрийг арчиж өгөв. Тэдний анги 47 “сурагч”-тай. Энэ өдөр 16 хүүхэд ханиад хүрсэн тул “алба”-ндаа ирсэнгүй.

Гэсэн ч 31 хүүхэд гэдэг бага тоо биш. Зарим нь тоглоомоор тоглож саатаж байхад зарим нь зүгээр л газар өнхөрнө. Бас нэг хэсэг нь хөөцөлдөн гүйж байхад нөгөө хэсэг нь багшийнхаа араас уйлагнан чаргууцалдана.

“ХОЁР НАСНЫ СИНДРОМ”

09.00 цаг. Цэцэрлэгийн багшийн нэг өдрийг сурвалжлахаар ирсэн би хүүхдүүдийг шээлгэх даалгавраас ажлаа эхэллээ. Хоёр настай хүүхдүүд хэдийгээр өөрөө бие засч чаддаг ч зарим нь тэсч чадалгүй өмдөндөө гаргачихна, охидууд нь хормойгоо норгочихно. Хүүхдүүд биеийнх нь өндөрт таарсан суултуур дээр ээлжлэн бие засч дууссаны дараа өглөөний дасгалаа хийх болов. Тэднийг жагсааж зогсооно гэдэг салаа цэрэг удирдахаас бэрх ажил аж. Арай гэж бүгдийг нь зогсоохоор нэг нь тоглоом руу гүйгээд явчихна. Эсвэл зогсохгүй гэж уйлна. Гэхдээ бас багшийнхаа хэлснийг яг цав хийдэг хүүхдүүд ч байна.

Цэцэрлэгийн бага анги буюу хоёр, гурван настангууд бол өөрөө чадахгүй байж бүхнийг “Би өөрөө” гэдэг “синдром”-той улс. Хүссэн юмаа авч, бусдыг өөрийнхөөрөө байлгах хүслийг нь “хоёр насны синдром” гэж ярьдаг. Харин энд л, цэцэрлэгийн багшийн гарт тэр “синдром”-ууд хэсэгтээ намждаг юм байна. Ү.Цэнгэлмаа, И.Отгонхишиг багш хоёул чанга дуутай. Зарим хүүхдийг чанга дуугаар зандарч байгаа хэрнээ нүүр нь огт уурласан шинжгүй харагдана.

Ер нь ийм насныхныг эрхлүүлээд байвал бараг л толгой дээр гарчихдаг. Би л гэхэд нусаа гоожуулан уйлах бяцхан охиныг тайвшруулах гэж тэврэхэд бумбагар жаахан гараараа тас тэврээд салдаггүй. Бүр энгэрт наалдаад хошуугаа унжуулаад эрхлэх нь тэр. Харин Ү.Цэнгэлмаа багш “Тэврээд байвал улам нялхраад байдаг юм. Энд тэнд хүүхдүүд зэрэг уйлалддаг учраас бүгдийг нь тэвэрнэ гэж байхгүй. Анхаарлыг нь өөр зүйлд хандуулж, сатааруулах хэрэгтэй” гэлээ.

09.30 цаг. Хүүхдүүд өглөөний цай уусны дараа 11.30-д жүүс уусдаг юм билээ. 12.30 цагт өдрийн хоолоо идээд 15.00 цаг хүртэл унтах нарийн хуваарьтай. Энэ бүгдийг яг цав тааруулах гэж хоёр багш суух завгүй өрөөгөө сүлжин нааш цааш явна. Ү.Цэнгэлмаа багш бүр хоолны өрөө анги хоёрын хооронд гүйж харагдана лээ. Хоёр багш цагийн хуваарийн дагуу ажлаа амжуулахын зэрэгцээ уйлсан хүүхдийг сатааруулна, нус нь гоожсоныг арчина, өмдөндөө шээснийх нь хувцсыг солино гээд жижиг сажиг ажил мундахгүй юм.

Хүүхдүүд дөрвөн удаа хооллодог тул туслах багш өдөрт 150 гаруй аяга угаах жишээтэй. Нэг жаал өмдөндөө дараалаад гурван удаа шээчихлээ. Багш нь “Яана аа, доороосоо даарчихжээ” гэж уулга алдаад өмдийг нь сольж өгөв. Үд дунд гэхэд угаалгын өрөөний пааран дээр нэлээн хэдэн угаасан өмд “бий болов”. Өдрийн унтлагын цагаар гурван хүүхэд орондоо дусааж, багшийн ажлыг бас л нэмлээ.

14.00 цаг. Хүүхдүүд бүүвэйн дуунд тайван нойрсож байлаа. Энэ бол бүтэн өдрийн турш хоёр багшид олддог амралтын цөөхөн хором. Ерөөс энэ хагас өдрийн хугацаанд хоёр багштай тухтай ярилцсан минь хоол идэх таван минут л байлаа. Хүүхдүүдийн өдрийн хоолноос аягалж тавьсан, идэж амжаагүй хоол минь ч хөрчихөж. Багш нар ажлаа амжуулах гэж халуун хоол идэж чаддаггүй тул шарах шүүгээнд хоолоо халаадаг байжээ. Харин одоо бол нэгэн ээжийн бэлэглэсэн халуун саванд хоолоо хадгалдаг болсон байна.

Ү.Цэнгэлмаа багш “Манайх эцэг, эхчүүдийг хүүхэдтэй нь хамт нэг өдөр цэцэрлэг дээр өнжүүлдэг “Хишиг өдөр”-тэй. “Хишиг өдөр”-т ирсэн эцэг, эхчүүд багшийн ажил ямар байдгийг ойлгоод буцдаг, тэр хэрээрээ хандлага нь өөрчлөгдөг” гэв. И.Отгонхишиг багш “Намайг ямар хурдан иддэг юм бэ гээд гайхдаг. Ажлаа амжуулах гэсээр ийм хурдан хэмнэлд орчихдог юм. Заримдаа бид хоёр бусад багш нартай юм ярих завгүй орчноосоо “тасарчихсан” явж байдаг. Хов жив ярих цаг байхгүй шүү дээ” гээд инээв.

15.00 цаг. Жаалууд эхнээсээ сэрсэн тул ор хураах, цай өгөх гээд багшийн ажил ахин хөвөрлөө. Хүүхдүүд энд, тэндгүй уйлалдаж, эсвэл ноцолдож байхад багшийг нь олон асуултаар ”уяж” чадсангүй. Хоолоо хам хум идсний дараа туслах багш И.Отгонхишиг цэцэрлэгийн захиргаанд ажлаа шалгуулах болсон тул бүгдийг жин тан байлгахаар тун шаргуу ажиллах хэрэгтэй болсон юм. Тэрбээр энэ зуур “Өмдөө яагаад татаагүй вэ, үр минь” гэх зэргээр хүүхэд болгоныг дотночлон дуудах аж.

ФЭЙСБҮҮКЭЭР ЭЦЭГ, ЭХЧҮҮДТЭЙ ХАРИЛЦАХ НЬ БАГШИЙН АЖЛЫГ ХӨНГӨЛДӨГ

Ер нь цэцэрлэгийн багш гэдэг бүтээлч сэтгэхүйтэй байхыг шаарддаг ажил юм. Хоёр настнуудын хэл яриа, бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх шинэ санаа олох нь багш нарын байнга ярьдаг сэдэв. Хүүхдүүдийн сонирхохоо больсон лего тоглоом дээр зураг нааж, эвлүүлдэг тоглоом болгох гэнэ. Ү.Цэнгэлмээ багш “Уйдсан тоглоомыг нь нэг хэсэг далд хийж байгаад гаргахад хүүхдүүд ихэд сонирхон тоглодог” гэлээ. Энэ жил ангиа шинээр тохижуулсан тул цөөхөн тоглоомтой. Тиймээс багш нар өөрсдийн гараар тоглоомын булангаа баяжуулахыг хичээж байгаа юм билээ.

Анги тохижуулах, хичээлийн хөтөлбөр, тайлан гаргах гээд ажлууд ар араасаа гарч ирсээр. Гэхдээ сүүлийн үед эцэг, эхчүүд ангийн ажилд идэвхтэй оролцдог болсон гэнэ. Ангийн фэйсбүүк хуудаст хүүхдүүдийнхээ талаар санал солилцож, зохион байгуулах ажлынхаа зарыг тавьдаг болсон нь багшийн ажлыг бага ч гэсэн хөнгөлсөн байна. Саяхан нэг “сурагч” ангийнхаа охины нүүрийг маажсан тул хүүхдийнхээ хумсыг ургасан, эсэхийг байнга шалгахыг эцэг, эхчүүдэд хатуу анхааруулсан зар тавьсан нь үр дүнгээ өгчээ.

Ү.Цэнгэлмаа багш өөрөө дөрвөн хүүхдийн ээж. Хэдийгээр 10 гаруй жил багшилж байгаа ч дундуур нь дөрвөн хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхлээд амжжээ. Гэсэн ч дуртай багшийн ажилдаа эргээд орсон байна. Түүний том охин нь наймдугаар ангид сурдаг бөгөөд хичээл нь эрт тарвал ээжийнхээ ажилд тусална. Харин И.Отгонхишиг багш гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь дөрвөн настай “дайсны цэрэг” байдаг гэнэ. Тэд анги дээрээ ч, гэртээ ч хүүхэдтэй “зууралддаг”. Нэг залуухан багшаас эмч “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэхэд “38” гэж ангийнхаа хүүхдийн тоог хэлсэн хөгжилтэй яриа байдаг. Үүн шиг л тэд хаана ч явсан хүүхдүүдийнхээ тухай боддог нь илт. Ангид ханиадтай хүүхэд цөөнгүй байсан тул багш нар ярих зав гарах бүрт “Тэрний ханиад хүндэрчихлээ. Зүгээр байсан хүүхдийг ханиад хүргээд ирлээ” гэх зэргээр халаглана.

» Цэцэрлэгийн багш гэдэг ёстой л ажилдаа дуртай хүний хийх ажил.
» Багш нар ажлаа амжуулах гэж халуун хоол идэж чаддаггүй тул шарах шүүгээнд хоолоо халаадаг байжээ.
» Гэртээ харихад нь тэднийг дахиад л ээжийн, эзэгтэйн ажил угтана.
16.30 цаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ авч эхэлсэн тул Ү.Цэнгэлмаа багш компьютерийн ард сууж тайлан, төлөвлөгөөгөө хийж эхлэв. Дөрөвдүгээр цэцэрлэгийн захиргаа эцэг, эхчүүдтэй хийсэн гэрээнд 17.45 цагаас хойш хүүхдээ авбал цагийн 3000-3500 төгрөг төлнө гэж заасан байдаг. Гэвч энэ мөнгө багш нарын цалин дээр нэмэгддэггүй. “Эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдээ 18.00 цагаас өмнө авчихдаг. 10-20 минут хоцорлоо гээд мөнгө нэхээд байж чаддаггүй. Тэгээд ч бидний ажил 18.00 цагт дуусна гэж байхгүй. Заримдаа ангиа тохижуулж, бичиг цаасны ажил хийгээд 23.00 цаг хүргэнэ шүү дээ” гэв.

Хоёр настнууд хэдийгээр арчилгаа ихтэй байдаг ч гэнэн цагаан, үгэнд оромтгой, юмыг хурдан сурдаг гэж багш нар ярьж байсан. Саяхан цэцэрлэгийн босгоор алхсан жаалууд хоёр сарын хугацаанд машин, туулай, цэцэг гээд янз бүрийн тэмдэгтэй сандлаа бусдаас нь ялгаж сурчээ. Зарим нь амны цаас аваад өөрөө нусаа арчина, нэгнийхээ гутлыг өмсүүлнэ, өөрийнхөө хэмжээнд зураг зурна. Өөрөө өөдөсхөн хэрнээ уйлсан нэгийнхээ толгойг илж аргадах нь өхөөрдмөөр. Магадгүй энэ л багш нарыг өглөө ажилд нь яаруулж, ангид нь орой хүртэл уяатай суулгадаг биз.

Сүүлийн үед зарим нэг хүний болчимгүй үйлдлээс болж цэцэрлэгийн багш нарын нэр хүнд унаад байгаа. Гэсэн ч хүүхдийг хайрлах сэтгэлтэй, амьдралаа ажилдаа зориулсан багш нар тэднээс олон бий. Бага насны хоёр, гуравхан хүүхдийг л өдөржин харна гэдэг ямар хэцүүг эцэг, эхчүүд мэднэ. Гэтэл түүнээс 10 дахин олон хүүхдийг халамжлах амаргүй. Цэцэрлэгийн багш гэдэг ёстой л ажилдаа дуртай хүний хийх ажил юм гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Миний хүүхдүүд дунд бужигнасан завгүй “Хишиг өдөр” дуусав. Харин багш нарын ажил ид дундаа орж байлаа. Гэртээ харихад нь тэднийг дахиад л ээжийн, эзэгтэйн ажил угтана.

САНАЛ БОЛГОХ