Хэмнэлтээс үүдэлтэй ашиг

Экологи

Бага зардлаар нөөцөө хэмнэх боломжоо ашигладаггүй

Монголчууд ДНБ-ийхээ нэг ам.долларыг бий болгохын тулд байгалийн 17 кг нөөц ашигладаг. Энэ нь бид байгалийн нөөцдөө Японоос 56 дахин их үрэлгэн хандаж буйг илтгэнэ. Харин хүлэмжийн хий үйлдвэрлэгч томоохон улс болох Энэтхэгээс 4.2, Хятадаас 2.8 дахин илүү үрэлгэн болохыг НҮБ-ын Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээний тухай гарын авлагад дурджээ.

Тиймээс ч манай эдийн засгийг хүрэн хэмээн тодорхойлж буй. Үнэхээр ч тийм аж. Монгол Улсад бүртгэлтэй нийт 55632 аж ахуйн нэгжийг төлөөлөхүйц үндэсний хэмжээний суурь судалгаагаар компаниудын 86 хувь нь бид ирээдүй хойчоо бодохгүй, дэндүү харалган үйлдвэрлэл явуулж байна гэдэгтэй санал нэгдлээ. БОАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн захиалгаар хийсэн уг судалгаанд нийслэлээс гадна найман аймгийн 75 сумын 800 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна.

Гэтэл олон улсад бизнес эрхлэгчид байгаль орчны сэдвээр брэндинг хийж, нэр хүндээ амжилттай холбож байна. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Tesla”-гийн тансаг зэрэглэлийн “Tesla Model S” автомашин 2015 онд BMW, “Jaguar”, “Mercedes Benz”, “Audi” зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө борлуулалтаараа хол хаяв. Мөн P&G компани 2008 онд “Tide” угаалгын нунтгийн технологийг хүйтэн усанд угаах боломжтой болгосноор Голландын зах зээлийн 52, Английн 21 хувийг эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид ч байгальд ээлтэй сонголтыг таашааж эхэлсэн нь энэ. Яг адилхан хоёр бүтээгдэхүүнийг сонгохдоо хүмүүс үр хүүхдэд нь ямар байгаль дэлхий үлдэх гэж байна вэ гэдгийг боддог гэсэн үг. “Tide” угаалгын нунтгийн инновацийн хүрээлэн буй орчинд үзүүлсэн эерэг нөлөө нь эрчим хүчийг 80 тэрбум кВт цагаар хэмнэж, хүлэмжийн хийг 34 сая тонноор бууруулсан байна.

Энэ бүхэнтэй эн зэрэгцэх жишээ олон бий. Өдгөө үндэстэн дамнасан 250 орчим компани үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хэрхэн чиглэж буйг жил бүр тайлагнадаг болжээ. Үүнээс гадна “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн шилдэг 100 компанийн жагсаалт ойрын 20 жилд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаар бүрэн шинэчлэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

ISO 14000 тогтолцоог Монголын 14 компани л нэвтрүүлсэн
Харин манай улсад байгаль орчны чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 14000- ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон улстай хөл нийлүүлэхүйц хэмнэлт хийж чадсан компани тоотой хэд л байна. Судалгаагаар уг стандартыг хэрэгжүүлэх сонирхол төрж байна, хэрэгжүүлэх болно гэсэн компани 17 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Дэд бүтцийн байгууламж үйлдвэрлэгч “Гүнгэрваа” ХХК ISO 14000-ын салбар тогтолцоо болох Материалын урсгал зардлын тооцоолол ISO 14051 стандартыг нэвтрүүлснээр жилд 39 сая төгрөг хэмнэжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд “Арматур төмрийн хаягдлаа дахин боловсруулснаар импортоор авах байсан төмөр торон хаашаагаа эндээ үйлдвэрлэж 14 сая төгрөг хэмнэсэн. Мөн тохижилтын явган замын хавтан, бродюр зэргээ зуурмагийн илүүдэл ашиглан хийснээр жилд 5.5 сая төгрөг хэмнэж чадсан” хэмээв.


Ер нь багахан зардлаар нөөцөө хэмнэх боломж маш их байдаг аж. Гэвч үүнийг ашигладаггүй гэдгээ үндэсний компаниудын 79 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна. Харин үүний гол шалтгаан нь бизнес эрхлэгчид байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн талаарх мэдлэг дутмаг байгаатай холбоотой гэдгийг судалгааны MMCG ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэлсэн юм.

Нэгэнт таньж мэдвэл нөөцөө хэмнэх сонирхол бизнес эрхлэгч бүрт байгаа нь суурь судалгааны үр дүнгээс харагдаж буй аж. Тухайлбал, Өвөрхангай аймагт талх, нарийн боов үйлдвэрлэдэг нэгэн үйлдвэрлэгч анх ISO 14000 тогтолцооны ач холбогдлыг ойлгодоггүй байв. Харин үүнийг хэрэгжүүлснээр ус, цахилгаанаа хэмнэн, зардлаа бууруулж, дээрээс нь хэрэглэгчдийн хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ойлгосны дараа хандлага нь 180 хэм өөрчлөгдсөн аж. “Би эко болохын төлөө явж байгаа. Ядаж ус их хэрэглэдэг энэ машинаа сольчихмоор байна” гээд явж байсан хэмээн БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг хэлэв. Тэрбээр ISO 14000 тогтолцоо нь одоохондоо сайн дураар хамрагдах боловч тун удалгүй бизнесээ ногооруулах нь зайлшгүй шаардлага болно гэдгийг тодотгосон.

Монголын банкны холбоо ч мөн байгаль орчинд ээлтэй бизнесийг санхүүжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулаад байна.
САНАЛ БОЛГОХ