Нүүрсний жишиг үнэ 90 ам.долларыг давав

Түүхий эд

БНХАУ-ын Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний жишиг үнэ хоёр жилийн дээд цэгтээ хүрлээ. Тонн нүүрсний үнэ 90 ам.долларыг даваад байна. БНХАУ-ын Засгийн газар дотоодын нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ч ханш үргэлжлэн өсөх төлөвтэй. Шинэ бодлогын хүрээнд нүүрсний нийлүүлэлт сард 10 хувиар өснө гэж шинжээчид тооцоолжээ. Гэхдээ цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас төмөр замын тээвэрлэлтэд саад учирч, нийлүүлэлт доголдоод байна.

“Хятадын төмөр зам” компани өнгөрсөн долоо хоногоос тээвэрлэлтэд илүү анхаарч эхэлсэн нь бага зэрэг дэм болсон. Гэхдээ өсөн нэмэгдэж буй эрэлтийн улмаас зах зээлд нүүрсний үнэ үргэлжлэн чангарч магадгүйг шинжээчид онцолж байгаа юм. Мөн энэ жил эль нино үзэгдлийн улмаас БНХАУ-ын хойд бүс нутгуудад хүйтрэх төлөвтэй байгаа. Иймд эрэлт өмнөх жилүүдийнхээс өндөр байна гэсэн хүлээлт бий болжээ.

Тиймээс боомтууд болон нийлүүлэлтийн гол төвүүдэд эрчим хүчний нүүрсний үнэ өссөөр байна. БНХАУ-ын төв хэсгийн Женжоугийн биржид эрчим хүчний нүүрсний ханш түүхэн дээд түвшин болох 95 ам.долларыг давлаа. Ийм нүүрснээс гадна коксжих нүүрсний ханш энэ онд эрчимтэй өсөж байна. 2016 он гарсаар БНХАУ-ын зах зээлд дундаж ханш нь бараг гурав дахин нэмэгдэж, 250 ам.долларыг даваад байна.

САНАЛ БОЛГОХ