Утасны “даашинз”

Залуус

Гар утасныхаа гэрийг солиход л шинийг авсан юм шиг санагдаж, сэтгэл сэргэдэг

Утасны гэр хүмүүсийг илэрхийлэх нэг хэлбэр болж, загварын ертөнцийн шинэхэн гишүүн болов.

Louis Vuitton, Kate Spade New York, Moschino, Marc Jacobs, Michael Kors тэргүүтэй загварын төлөөллүүд арьсан, үнэт чулуутай гар утасны гоёмсог гэр үйлдвэрлэж эхэллээ. Энэ сарын 6-нд болсон Louis Vuitton-ы 2017 оны хаврын шоуны эхний загвар өмсөгч тайзнаа гарах үед хүн бүр мэл гайхсан гэж болно. Тэрбээр гартаа тус брэндийн 5500 ам.долларын үнэтэй, алдарт Petite Malle цүнхний загвар бүхий утасны гэр барьсан байлаа. Тус компанийн Бүтээлч албаны дарга Николя Гескьер алт, мөнгөн лого, чимэглэлтэй, матрын арьсан гэрийг шоу эхлэхийн өмнөх өдөр инстаграмм хуудастаа тавьж, багахан төсөөлөл өгөөд байсан юм. Louis Vuitton брэндийн утасны гэр 295-445 ам.долларын үнэтэй байдаг. Харин Petite Malle загварын гэр 1000 ам.доллар хүрэх магадлалтайг загварын ертөнцийн мэргэжилтнүүд хэллээ.

Гар утасны гэр хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй байна гэдэг таны санаанд буухгүй байж мэдэх юм. Гэхдээ л үүнд ач холбогдол өгдөг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Монголд ч мөн адил. Тэр дундаа охид, бүсгүйчүүд. 25 настай Золоо “Утаснаасаа уйдах үе олон бий. Тэр үед гэрийг нь солиход шинэ утастай болчихсон мэт санагддаг” гэв. Эндээс харахад утасны гэр гэдэг зүйл сэтгэл санааг хувиргаж, уйдахаас сэргийлдэг байх нь. Эмэгтэйчүүд үсээ засуулах, шинэ уруулын будаг авах, маникюрт орох гээд л жижиг зүйлд баярлаж, сэтгэлийн таашаал авдаг хойно аргагүй ч биз дээ.

Дээр дурдсан алдартай брэндүүдийн утасны гэр дунджаар 100-150 ам.доллар байдаг.

"Louis Vuitton"- ы шинэ загварын утасны гэр 1000 ам.доллар шүргэж магадгүй гэв
Харин манайд чамин хийцтэй ч, хямд үнэтэй нь голдуу зарагддаг. Гар утас, сэлбэг хэрэгслийн худалдааны газруудаас 10-35 мянган төгрөгийн хооронд төрөл бүрийн гэр авч болно. Хавтастай, шигтгээтэй, цэнэглэдэг, гэрэлтдэг, доргионы хамгаалалттай гээд л “ид шид” түүнд олон бий. “Гар утас Гангараа” дэлгүүрийн эзэн Б.Ангир “Манайд ихэвчлэн 18-30 насны хүмүүс үйлчлүүлдэг. 30- 40 насныхан ч мэр сэр харагдана. Утасны шинэ загварын гэр ирсэн тухай фэйсбүүк хуудсаараа мэдээлэхэд л хүмүүс цаг алдалгүй ирдэг” гэлээ. Тэгэхээр хүмүүс гар утсандаа шинэ загварын “даашинз” өмсгөх хүсэлтэй болсон нь илт. Б.Ангирын хэлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гялалздаг, хүүхэлдэйн киноны баатартай, саатай, ус урсдаг гэрт илүү дуртай. Харин 25-аас дээш насныхан илүү хөнгөн, гоёл чимэглэл багатай, хамгаалалттайг нь авдаг байна.

Та хүсвэл утасны гэр дээрээ хайртай хүнийхээ зургийг хэвлүүлж, хүссэн үгээ бичүүлж болно. Охид утасныхаа гэртэй хослуулан хувцаслаж, хумсаа ижил өнгөөр будах болжээ. Энэ бүгдээс харахад хувцас загварын ертөнцөд түүний үзүүлэх нөлөө нэгэнт тогтсон гэж болохоор. Хэрэглэгчдэд ч илүү ойр болсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Дэлгүүрүүд фэйсбүүкт хуудас нээж, загваруудаа байршуулж, шинэ загвар ирэх тухай мэдээлж, зарим нь хүргэлтээр худалдаж байгаа юм.
САНАЛ БОЛГОХ