"Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг"

Ярилцлага

Жүжигт Д.Нацагдорж Германд сурч эхлээд насан эцэслэх хүртэлх үеийг нь онцолсон

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар” жүжиг маргааш нээлтээ хийнэ. Олон хүний зүрх сэтгэлд үгээ сийлсэн нэрт яруу найрагчийн амьдралаас сэдэвлэсэн энэхүү жүжгийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн юм. Түүхэн үйл явдлыг угтан түүнтэй цөөн хором ярилцлаа.

-”Жаргаагүй нар” гэж та юуг хэлээ вэ?
-Энэ жүжигт туульсын сэтгэлгээг барьсан өнгө аяс бий. Агуу их гэгээрлийг олж, гэгээрлийн оронд очвол тэнд нар жаргадаггүй юм гэдэг эртний домог байдаг. “Рашааны дусал” гэж. Цаад санаа нь Д.Нацагдорж жаргаагүй нар юм гэдгээс илүү замбуулинд гэгээрлийн орон гэж байдаг бол тэнд хүрсэн хүн юм шүү гэсэн утгатай. Харин наанаа бол агуу их найрагч, түүний суут бүтээлүүд нь жаргаагүй нар юм даа.

-Их зохиолч Д.Нацагдорж 31 насандаа хорвоог орхисон. Хойдын ажлыг нь ч зүй ёсоор үйлдээгүй гээд их эмгэнэлт хувь тавилантай байсан гэдэг. “Жаргаагүй нар” жүжиг түүний амьдрал шиг эмгэнэлт үү?
-Энэ бол яахын аргагүй эмгэнэлт жүжиг. Гэхдээ бид жүжгээр түүхийн таамгуудыг тайлбарлахыг зориогүй. Д.Нацагдоржийн үхлийн тухай хоёр, гурван таамаг бий. Түүний гэргий Д.Пагмадулам хятад хороололд очиж Цагаан гэдэг хятад хүнтэй гэрлэсэн үү үгүй юу, эсвэл хар тамхинд орсон, үгүйг чухалчлах гэсэнгүй. Д.Нацагдоржийн амьдрал өөрөө хүссэн хүсээгүй драм. Маргаан ч их бий. Тэр бүрийн зангилааг Гүрбазар тайлах гэж байгаа юм биш. Энэ жил түүний амьдралын тухай найраглал, жүжиг, кино гарах сурагтай байгаа. “Жаргаагүй нар” бол миний л харсан өнцөг. Түүхэн дүгнэлтийг шинжлэх ухаан хийнэ. Урлаг бол урлаг.

Д.Нацагдоржийн амьдрал өөрөө драм

-Жаргаагүй нар жүжигт түүний амьдралын түүхийг бүхэлд нь багтаав уу. Эсвэл тодорхой нэг үеийг онцолж харуулах уу?
-Бид түүнийг ХБНГУ руу сургуульд явснаас хойших үеийг онцолсон. Д.Нацагдорж түүнээс өмнө дөрвөн засагт ажиллаж байсан. Богдхаант, Барон Унгерны, Ардын засгийн гэдэг ч юм уу. Тэр бүгд рүү нь орвол их өөр түүх бий болно. Бид Төв хорооны нарийн бичгийн дарга, жанжин Сүхбаатарын ойрын нөхөр, Цэргийн зөвлөлийн дарга байсан үеэс зориг гарган Германд сурч, эргэн ирээд насан эцэслэх хүртэлх үеийг нь онцолсон. Түүний амьдралын алхам тутам нь адармаатай байжээ. Зөвхөн Германд сурсан талаар нь дахиад нэг жүжиг хийж болохоор. Тэр л агшинд гэхэд бага сургууль төгссөн тухай бичиг нь Монголоос ирээгүй. Тийм болохоор сайн дураараа мөнгө төлж хэл заалгасан, Д.Пагмадулам өвдсөн, мөнгөний хэрэгцээ маш их гарсан, бэтэг өвчин туссан гэх мэт. Үндсэндээ Д.Нацагдоржийн гунигт амьдрал Германд суралцахаар явсан үеэс эхэлж байгаа юм. Түүнээс биш зөвхөн бүтэлгүй хайр дурлалууд ч юм уу, хэлмэгдэлтэд нь хүч өгч, тэр хүний амьдралаар олон зохиол бичиж болно.

-Их зохиолчийн амьдрал олон түмэнд хэр нээлттэй байсан бэ. Германд байхдаа Монгол руу бичсэн захидлууд нь саяхан ил болсон шүү дээ. Жүжигт түүний амьдралын тухай бусдын мэдэхгүй шинэ зүйл гарах уу?
-Би харьцангуй удаан судалгаа хийлээ. Түүнтэй холбоотой ном зохиолуудыг гурван сарын турш уншиж, судалсан. Д.Нацагдоржийг судалдаг олон эрдэмтэн, судлаачтай уулзлаа. Тэгэхэд өөр, өөр таамаг гарч ирдэг. Өнөөгийн залуус зохиолчийн талаар аль хэр мэддэгийг би мэдэхгүй. Гэхдээ түүхэн товъёог нь нэг харж, ийм зүйл болсон юм аа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.

-Тэр олон адармаа дунд Д.Нацагдорж их өөрчлөгдсөн байх. “Жаргаагүй нар” жүжгээс бид аль Нацагдоржийг харах вэ?
-Түүхийн ном байсан бол ондоо хэрэг. Харин “Жаргаагүй нар” бол жүжиг учраас үзэгчдэд санаа өгөх ёстой. “Гүрбазар юу дуугарах гэсэн юм” хэмээх асуулт байх нь зүй. Тэр юу вэ гэвэл, хүний хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг юм. Хүсэл мөрөөдөл, эрмэлзэл дуусах нь өөрөө эмгэнэл. 20 настай байна уу, 80 настай байна уу хамаагүй. Түүнээс биш Д.Нацагдорж дахиж заяахгүй мундаг хүн, түүний энэ шүлэг нь гайхалтай шүү гэдэгтээ биш. Эсвэл хоёр эхнэртэй байсан, яагаад нэгийг нь гаргав. Гурван дагавар хүүхэдтэй байсан, тэд нь хаачив гэдэгтээ ч биш. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг ямар чухал зүйл вэ гэдэг л гол санаа байх болно.
» Д.Пагмадулам хятад хороололд очиж Цагаан гэдэг хятадтай гэрлэсэн үү үгүй юу, эсвэл хар тамхинд орсон, үгүйг чухалчлах гэсэнгүй.
» Яг бодит хүний амьдралаас сэдэвлэсэн нь Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар”. Анхны гэдэг утгаараа их хүнд байдаг юм байна.
» Зөвхөн бүтэлгүй хайр дурлалууд ч юм уу, хэлмэгдэлтэд нь хүч өгч, тэр хүний амьдралаар олон зохиол бичиж болно.
-Жүжгийн зохиолыг бичихэд хүндрэлтэй зүйл байв уу?
-Би домгийн сэтгэлгээний гурван жүжиг бичсэн. Түүхэн жүжиг гэвэл Ану хатан, Оролмаа эхийг нэрлэнэ. Яг бодит хүний амьдралаас сэдэвлэсэн нь Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар”. Анхны гэдэг утгаараа их хүнд байдаг юм байна. Одоо хүртэл санаа зовж, театраараа эргэлдсээр л байгаа. Тухайлбал, “Надаар тоглосон хайр” жүжгийг зохиох ямар амар, ямар жаргалтай байгаа вэ. Би л зохиолч нь шүү дээ. Тэр хоёрыг суух уу, салах уу гэдгийг би шийднэ. Харин энэ бол өөр. Монголчуудын бас л нэг хөндүүр сэдвээр жүжиг зохиолоо. Түүхэн гэлээ гээд тэр чигээр нь биччихэж болохгүй. Урлагийн бүтээл учир чимэг хэрэгтэй. Ингээд холихоор ёстой л давс нь таарсан уу, ихэдсэн үү гээд их бодлоо. Ямар ч байсан үзэгчид “Энэ сайхан хүний амьдралаар тоглоод хаячихжээ” гэж хэлэхгүй байх. Би муу зохиосон байлаа гэхэд түүх нь энэ юм шүү гэдгийг л бодоосой.

-Их зохиолч бараг 15 настайгаасаа л эхлэн хувьсгал, улс төрийн ажилд гар бие оролцсон юм билээ. “Жаргаагүй нар” жүжигт амьдралынх нь энэ үеийг хэрхэн харуулсан бэ?
-Бид тэр талыг нь хойш тавьсан. Түүнийг оруулбал түүхийн адармаа үүснэ. Д.Нацагдоржийг яагаад хардаж хэлмэгдүүлэх болов, үндэслэл нь юу байв гэдгийг дурдсан ч энэ бол түүхийн хичээл биш. Хэрэв тэр бүхнийг харуулаад байвал “Энэ чинь зүгээр түүх л байна” гэж хүмүүс хэлнэ. Тэглээ гээд бас их “фантазлаагүй”. Ямар ч байсан эхний ээлжид бодитой оршиж асан хүний бодит түүхийг өгүүлэх нь чухал гэж бодсон.

-Д.Пагмадуламыг та яаж дүрслэв?
-Д.Пагмадуламын амьдралыг судалсан их олон хүнтэй уулзсан. Өнөөдрийн өнцгөөс харахад монголчууд Д.Пагмадуламыгаа өмөөрөх нь зонхилдог юм билээ. Одоо ч Д.Пагмадуламыг цагаатгуулах гээд явдаг хүмүүс бий. Би ч тэдэнтэй санал нийлсэн. Тэр архинд түлэгдсэн, хятад гудамжинд очиж хар тамхинд орсон гэдэг нь сонин биш. Муу нь гарсангүй ээ гэж үзэгчид гомдолловол би “Боль оо” гэж хэлнэ. Энэ жүжгийг үзээд “Д.Пагмадулам ийм хүн биш байсан” гэх хүн байж болно. Түүний буруу биш. Д.Нацагдоржийг ч сайхнаар төсөөлдөг хүн бий. Архи уусаар архиндаа түлэгдэж үхсэн юм гэнэ билээ гэх хүн ч байна. Энэ бүхэн таарах албагүй.
САНАЛ БОЛГОХ