Газрын зургийн нууц
Роберт Берлогийн газрын зураг цуглуулах сонирхол нь бусад цуглуулагчаас огт өөр
Цаг хугацааны эрхээр аливаа газар нутаг хэрхэн өөрчлөгдөж буйг тайлахад Робертын газрын зурагны цуглуулга тусалж магадгүй юм.
Роберт Берло хар багаасаа л газрын зурагт татагджээ. Сан Францискогийн унаган иргэн тэрбээр машины арын суудал дээр газрын зургийг анхааралтай гэгч нь үзсээр аян замын уртыг бардаг байв. Энэхүү сонирхол нь түүнийг 11 нас хүрэхэд газрын зурагны цуглуулга болон өргөжжээ.
Робертын цуглуулга түүнийг 71 насандаа өөд болох хүртэл буюу 2012 он гэхэд 12 мянга хол давсан байв. Гэхдээ тэрбээр газрын зурагт дуртайдаа цуглуулаагүй аж. Харин доторхыг нь “ухаж төнхөх” дуртай байсан юм. Тоолж баршгүй олон цагийг газрын зургийн өгөгдөл, мэдээлэл бүрийг хүснэгт, график, диаграмм болгон нэгтгэхэд зарцуулсаар олон арван жилийг үдэв.
Роберт Берло авто замын сүлжээнээс эхлээд жижигхэн хотуудын хүн амын нягтаршил гээд өгөгдөл бүрийг “голохгүй” цуглуулдаг нэгэн байв. Одоо тэрхүү бүх цуглуулга өмнө нь ил болоогүй байсан олон мэдээллийн эх булаг болж хувирах нь тэр.
Берлогийн хүү Марк “Аав минь мэдлэгийн том уурхай байжээ” хэмээв. Маркийг бага байхад Берло аяллын турш буудаллах, шатахуун авах, цайлах хамгийн сайн гэсэн газруудыг сонгож, аяллын маршрутаа гаргадаг байжээ. Мөн “жолоо барьж явахдаа л хаагуур, аль замыг сонгож аяллаа үргэлжлүүлэхээ газрын зураг дээр сурамгай гэгч нь холбодог байсан” хэмээн эхнэр Жуанита нь дурсав. Оройн хоолны дараа ихэнх нь зурагт үзэж, тархиа амрахаар гардаг зуршилтай. Харин Берло л шөнө дунд хүртэл сонгодог хөгжим сонсонгоо газрын зураг дээрээ ажилладаг байжээ.
Жуанита нэгэн удаа томоо гэгч дугтуйнаас нөхрийнхөө газрын зураг, тэмдэглэлүүдийг гаргаж сонирхуулав. Нямбай гэгч нь эвхсэн тэдгээр тэмдэглэлээс Сан Францискогийн метро, автобус, таксины хуваарийн өөрчлөлтийг хэдэн арван жилээр тоймлон харж болохоор аж. Мөн төрөл бүрийн гар бичмэл, метроны удирдлагаас ирсэн захидал гээд зам болон нийтийн үйлчилгээний түүхэнд мэдээллийг хэрхэн үнэлж байсныг Берло тэр үед хэдийнэ ойлгосныг илтгэх олон баримт байв. Мөн хэд хэдэн жижиг хотыг өөрөө холбож дүрсэлсэн зурагнууд байжээ. Аав өөрийгөө хөгжөөхийн тулд л газрын зураг дээр ийн зурдаг байсан гэж боддог байснаа хүү Марк хуваалцав. “Тэр яг л хот байгуулалтын эрт үеийн “Sim- City” зэрэг видео тоглоомын харандаа, цаасан хувилбараар зугаацаж байгаа мэт санагддаг байлаа” хэмээн өгүүлнэ.
Тэрбээр мэдээллийг "ухаж төнхөх" дуртай байсан
Роберт Берло газрын зурагныхаа цуглуулгыг 2011 онд Стенфордын их сургуульд хандивласан аж. Стенфордын их сургуулийн номын санд Берлогийн бичиж, хэвлүүлсэн хэд хэдэн ном бас бий. Эдгээрийн нэг нь “Калифорни муж улсын хотуудын хүн амын түүх” хэмээх томоохон ном юм. Олон номын олон зуун хуудсанд Калифорни муж улсын хотуудын хүн амын түүхийг хүснэгт хэлбэрээр үзүүлсэн байдаг. Бүр Сан-Диего хотыг анх байгуулах испаничуудын суурьшил эхэлсэн 1769 оноос хойш шүү дээ. Харин номынхоо өмнөтгөлд Калифорни муж улсын нутаг дэвсгэрт хүн суурьшиж байсан газруудаас нэгийг нь ч орхигдуулалгүйгээр хүн амын түүхийг дахин бичихийг оролдсон гэдгээ Берло дурдсан байна. Тэрбээр АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллийг бүрэн гүйцэд болгоход өөрийнх нь ном ихээхэн тус болно хэмээн найдсан нь энэ аж. Берло эл номоо бичиж эхэлсэн 2000 оноос өмнө АНУ-ын Хүн амын тооллогын товчооны тооллогод газар нутгийнх нь хил хязгаарыг албан ёсоор хуульчилж өгөөгүй жижиг суурингуудын хүн ам орхигдох тохиолдол хэвийн үзэгдэл байжээ.
Харин түүний газрын зургийн цуглуулгыг Стенфордын их сургуулийн Улс төр судлаач Клейтон Нолл улс төрийн үүднээс судалж буй аж. Тодруулбал, АНУ-ын хурдны замын сүлжээний хөгжил тус улсын улс төрийн бодлоготой хэрхэн холбогдож буй уялдаа холбоог гаргах зорилготой аж. Түүнчлэн хурдны замын сүлжээг тэлснээр Америкийн улс төрд хот, хөдөөгийн зааг ялгаа хэрхэн үүссэнийг судлах юм байна. Судалгааны төслийн багийнхан Берлогийн цуглуулгыг эхний ээлжинд дижилтал хувилбарт оруулахаар ажиллаж буй аж. Хаа байсан 1926 оноос хойших авто замын сүлжээний зургуудыг дижитал хэлбэрт оруулах ажилдаа төслийнхөн одоогоор хэдийнэ 3000 цаг зарцуулаад байна. Гэхдээ нэгэнт дижитал хэлбэрт оруулж эхэлсэн л бол статистик шинжилгээг давхар хийгээд явдаг аж.
Роберт Берло бусад газрын зураг цуглуулагчдаас огт өөр. Цуглуулагчдын сонирхол ихэвчлэн түүхэн юм уу, хийц, хэвлэлт сайтай газрын зургаар хязгаарлагдах төдий. Марк Берло хааяа аавтайгаа хамт газрын зураг цуглуулагчдын арга хэмжээнд оролцдог байжээ. Гэвч тэнд ирсэн цуглуулагчид болон аавынх нь хооронд асар том ялгаа байгааг Марк ойлгосон байна. Тэрбээр “Аав тийшээ газрын зураг авах гэж очиж байгаагүй юм. Харин газрын зурагт байгаа статистик, жижиг гэлтгүй тоо баримт бүрийг хайж очдог байсан” хэмээв. Роберт Берло ийн мэдээллийг нь авсан газрын зураг дээрээ цэнхэр өнгөөр серийн дугаар тавьдаг зуршилтай аж. Үүгээрээ олон цуглуулагчийн цухлыг барсан гэдгийг хүү нь хожим дурссан билээ.
“Аав минь өнөөгийн ертөнцөд өөрчлөлт хийхийг хүссэн учраас л ийн ажилладаг байсан. Яагаад гэвэл, анхан шатны мэдээлэл цуглуулах нь түүний хамгийн сайн хийж чаддаг байсан ажил. Тэр зүгээр л мэдээлэл цуглуулж, эргээд түүнийгээ хүмүүс ашиглаж болох хэмжээнд гаргаж тавьсан” хэмээн Марк өгүүлэв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй