Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ хэрэгжиж эхэллээ

Экологи

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ энэ сарын дөрөвний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн удирдлагууд пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хурлын үеэр Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээний дэлхийн дулаарлыг бууруулах зорилгуудыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулжээ. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм “Улс орнуудын хандлагыг маш түргэн өөрчлөх шаардлагатай хар салхи, ган гачиг, цаг агаарын аюултай үзэгдлүүд нь хүмүүст ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа төдийгүй хамгийн чухал нь мянга мянган хүний амь нас үрэгдэж байна гэдгийг дэлхий нийтээрээ ойлгоосой гэж хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Гэрээг хэрэгжүүлснээр жилд ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 12-14 тэрбум тонноор бууруулж, 2030 он гэхэд дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээр бууруулах боломжтой болохыг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ