Буудайгаар баярхах жил

Хөдөө аж ахуй

Буудайгаар гачигдаж, гадаадыг царайчлахгүй

Амуу буудай арвин намрыг үдлээ, бид. Эх нутгийн шимт хөрсөнд торнисон ургацын хэмжээ ахижээ. Ирэх онд монголчууд гурилаар гачигдаж, гадаадыг царайчлахгүй. Учир нь буудайн ургац иргэдийн хэрэгцээг давсан таатай мэдээг дуулгая. Манай улс 460 мянган тонн улаанбуудай хураан авсан. Үүний 320 мянгыг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ. Бас 100 орчим тонн нь улсын нөөц, спиртийн үйлдвэрийг чиглэнэ. Тооцоод үзэхээр 30-40 мянган тонн буудай илүү гарч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд (ХХААХҮЯ) мэдээллээ.

Ургацынхаа ихэнхийг алдаж, бусдаас буудай гуйж явсан цаг бидэнд бий. Хэдхэн сарын өмнөх явдал. Ургац алдсан жилийн “амт”-ыг бид андахгүй. Харин энэ жил тэнгэр хураа хайрлаж, газар ч шимээ харамгүй дэлгэжээ. Үр тарианаас шаргал төмс ч дутахгүй ургасан байна. 153.7 мянган тонн төмс хураан авчихаж. Үр тариа шиг бас илүүдэхгүй, дотоодоо санаа амар хангачих дүн.

Лууван, байцай тэргүүтнээр харин хэрэгцээгээ хараахан хангаж чадахгүй гэдгийг салбарынхан хэлэв. Гэхдээ хүнсний ногооны эрэлтийн талаас илүүг дөнгөнө. Энэ онд 93 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр дотоодын хэрэгцээний 54 хувийг хангана гэсэн үг. Өмнөх жилүүдэд бид 40-50 хувийг арайхийн хангадаг байсныг санах хэрэгтэй. Зах зээл дэх монгол ногооны жин нэмэгдэж буй нь энэ.

Намар хураан авч, ууталсан ургацын хэмжээ өмнөх оноос ахисан. Улаанбуудай гэхэд 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсөж, үржсэн байна. Газрын гарц ч дээшилж, нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Тариалангийн бүс нутгийн нэгж талбайгаас энэ намар 13-17 центнер үр тариа хураан авсан мэдээтэй. Өмнөх онд улсын хэмжээнд 9.3 центнер авч байсныг бодоход хавьгүй өндөр үзүүлэлт.

Гэвч зуны турш зан сайтай байсан тэнгэр намрын сүүлээр аашаа хувиргасан. Ургац хурааж, уутаа дэлгэх үеэр зарим аймагт шагайгаар татсан цас орсон юм. Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим суманд цас унаж, мөндөр цохисон. Үүнээс үүдэн буудайгаа алдах аюул нүүрлээд байв. Буудайгаа цасанд даруулах нь гэж тариаланчид ч сандарч байлаа. Энэ үеэр ургац алджээ. ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр хохирлын хэмжээ 20 орчим мянган тоннд хүрсэн байна. Гэхдээ ургац алдсанд урвайх болоогүй. Учир нь бидэнд хүрэлцэхүйц буудай үлдсэн.

» Зах зээлийн хуулиар илүүдэл тэлэхийн хэрээр үнэ өсөх боломж хумигддаг.
» Улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангана.
» Улаанбуудайн ургац 2015 онтой харьцуулахад хоёр дахин өсөж, үржсэн байна.
Амаргүй байсан ч нийт нутгаар ургац хураалт бүрэн дууссан гэв. Агуулахад буй ургацаа харахад энэ онд бид навчит ногооны дээжээр гачигдахгүй аж. Хүн амаа эрүүл хүнсээр хангах төлөв энд харагдаж байна. Төмс, хүнсний ногооны ургац арвин байсан. Энэ хэрээр үнэ нь ч өмнөхөөс доогуур байв. Уг жишгийг харахад, улаанбуудайн нийлүүлэлт өндөр буйгаас гурилын үнэ тогтвортой байх дүр зураг ажиглагдаж байна. Ингэснээр иргэдийн амьжиргаанд ч дарамт болохгүй байх боломж бий. Дээрээс нь энэ жилийн буудайн чанар, цавуулаг тун сайн байгааг гурилын компанийн мэргэжилтнүүд магтаж байсныг дурдах хэрэгтэй.

Бас ирэх хаврыг мартаж болохгүй. Ирэх хаврын тариалалтад аж ахуйн нэгжүүд үр тариагаа нөөцөлсөн. Энэ жил 45.5 мянган тонн үрийн нөөц бэлтгэжээ. Өнгөрсөн намар зарим тариаланч үрээ голж, үймээн үүсгэж байсныг бид мэднэ. Харин энэ удаад хангалттай нөөц бэлтгэсэн тул асуудал үүсэхгүй гэж салбарын яамнаас үзэж байна. Онцгой байдлын ерөнхий газар 1300, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудай нөөцлөхөөр зэхжээ. Мөн аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га талбайд чанар сайтай уринш бэлтгэсэн. Сүүлийн жилүүдэд бичигдээгүй өндөр үзүүлэлт юм. Ирэх хаврын бэлтгэл ийм сайн байгаа нь намрын ургацад ч найдвар төрүүлж байна.

Үүнээс гадна буудайн борлуулалт шувтарч байгаа. “Алтантариа”, “Улаанбаатар гурил” тэргүүтэй компаниуд түүхий эдээ бэлтгээд дуусаж байгаа ажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан сайн чанарын буудайг 560 мянган төгрөгөөр худалдан авч байна. Бас II, III, IV зэргийн буудайн үнэ 500-540 мянган төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин гурилын үйлдвэрүүд тариаланчдаас тонн буудайг 380-440 төгрөгөөр худалдан авч байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч гэрээгээр ажилласан гэх статистик бий.

Монгол Улс улаанбуудай, төмснийхөө хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангаж байна. Одоо хүнсний ногоогоор хангах хүнд даваа үлдэж буй. Салбарын яамны хувьд монгол хүнсний ногоогоор дотоодоо бүрэн хангах бодлого эхлүүлсэн. Засгийн газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Монгол хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг шинэчилж эхэлсэн юм билээ. Ингэснээр манай орны цаг уурт тохирсон, эрт болцтой үр ч тархаад байна.
САНАЛ БОЛГОХ