Хүүхэдтэй "хүүхдүүд"

ЗГМ: Сэдэв

Охид өсвөр насандаа гэр бүл зохиож үрийн зулай үнэрлэх хүсэлтэйдээ жирэмсэлдэг юм биш

Өсвөр насныхны жирэмслэлт гэдэг зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт болчихжээ.

Дээрх дүгнэлтийг бататгах зарим статистик тоо дурдъя. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улсын 15-19 насны 1000 охин тутмын 40 нь төрж байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан уг тоог тогтож харсан зарим нь толгой сэгсэрч байгаа бол нөгөө хэсэг нь “Арай үгүй байлгүй” хэмээн үл итгэх сэтгэгдлүүд хөвөрч байлаа. Гэвч энэ тоо үнэн юм. Үнэнээр барахгүй, мөн насны охидын 14 хувь нь үр хөндүүлж байгаа талаарх бас нэгэн таагүй тоон үзүүлэлтийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн охидын бэлгийн бойжилт өмнө нь 12 наснаас эхэлдэг байсан бол одоо 9-10 болж урагшилжээ. Энэ бол дэлхий нийтээр ажиглагдаж буй шинэ хандлага юм.

Мэдээж хэт эрт жирэмслэх нь охид төдийгүй тэдний гэрийнхэнд таатай зүйл биш. Мөн тэд өөрт учирсан асуудлаа гэр бүлийнхэндээ илэн далангүй ярьдаггүй нь өсвөр үеийнхний жирэмслэлтийг ийн “өндөр авахуулах”-д хүргэдэг байна. Энэ нь голдуу эцэг, эхийн буруугаас болдог. Угтаа бол шүдээ зууж, нулимсаа залгиад ч болтугай алдаа оноог нь сонсоод сурчихвал хүүхэд цаашид нууцаа хуваалцдаг болохыг сэтгэлзүйчид зөвлөдөг. Гэтэл манайд энэ нь яг эсрэгээрээ байгаа юм.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо хэлэхдээ “Хүүхдүүд иймэрхүү нууцаа багшдаа ярих нь бий. Эцэг, эхдээ лав хэлдэггүй юм билээ. Урьд нь эмэгтэй нийгмийн ажилтантай байхад охид ханддаг байсан. Зөвхөн сурагчид гэлтгүй багш нар ч сэтгэлзүйчид хандахад их зүйл өөрчлөгддөг юм билээ. Сургуулийн орчинд байнга мэргэжлийн сэтгэл судлаач байх нь их тустай гэж боддог. Манай сургууль зургаагаас дээш ангийн охидыг жилд нэг удаа охидын үзлэгт хамруулж байна. Мөн эрүүл мэндийн хичээл орж, сургалт семинар, энэ сэдвийн хөгжөөнт тэмцээн явуулж байгаа ч төдийлэн үр дүн өгдөггүй мэт санагддаг. Ер нь бол эцэг, эхчүүдийн оролцоо л хамгийн чухал даа” хэмээсэн.
Эцэг, эхчүүд хүүхдээ сонсох хэрэгтэй
Энэ юуг харуулна вэ? Алдаж, онохын аль нь байсан ч хүүхдүүд ойр дотны ахмад хүмүүсээсээ зөвлөгөө авах нь хамгийн зөв. Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах сайн “найз”-ын үүргээ хангалттай биелүүлж чаддаггүйд хамаг учир байдаг юм.


Эерэг хандлагыг хаанаас хайх вэ
Энэ асуудлын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий мэргэжилтэн Н.Үнэгэнцагааны байр суурийг сонирхсон юм. Тэрбээр “Өсвөр үеийнхэнд үзүүлэх нээлттэй, ээлтэй тусламж үйлчилгээ маш дутмаг. Хөдөө орон нутгийн ч бай, захын дүүргүүдэд амьдардаг ч байсан өсвөр насны хүүхдүүдэд энэ төрлийн асуудал тохиолдоход тусламж үргэлж ойр байх хэрэгтэй юм. Харьцах утсаа мэддэг, яваад очиход клиник нь нээлттэй баймаар байна” гэв.

Өсвөр үеийнхнийг чиглэсэн ээлтэй тусламж үйлчилгээ аймаг, орон нутаг, нийслэл, дүүрэг гээд бүх л газарт дутагдалтай байдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсээр. Уг нь бол дүүргийн хэмжээнд нэг бус, хороо бүрт нэг байвал тустайсан. Баянгол дүүргийн хэмжээнд өсвөр үеийнхэнд туслах төв ганц бий. Хүрэлцээ бага ч тус төвөөс тусламж хүсч ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ахлах ангийн хүүхдүүд үерхэж нөхөрлөхөөрөө тус төвд ирж нээлттэй ярилцан зөвлөгөө авдаг болжээ. Нэгэнт л эцэг, эхтэйгээ ярилцаж зүрхлэхгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй. Үүнийг ч салбарынхан эерэг хандлага хэмээн тодорхойллоо.

Эхлэлийг энгийнээр тавь
Хүүхдийг багаас нь нээлттэй ярьж сургавал нэн чухал “ажил”- ын ард гарлаа л гэсэн үг. Тэр дундаа бэлгийн бойжилт эхлэх үеэс эцэг, эхчүүд бэлтгэлтэй байж, ярилцаж байх хэрэгтэй. Тухайлбал, охидын өндгөн эсийн үйл ажиллагаа идэвхжих үеэс ээж нар сарын тэмдэг, хөхний ургалтын талаар зөвлөгөө өгөх нь чухал. Энэ бол эцэг, эхийн үүрэг.

Н.Үнэгэнцагаан “Монгол аав, ээж нар яг л хуучин сэтгэлгээгээр байнга л болохгүй, буруу гэдэг. Гэтэл одооны хүүхдүүд нийгмийн байдлаас шалтгаалан тэс өөр сэтгэлгээтэй болсон. Эцэг, эхчүүдийн хуучинсаг байдалд бүх бурууг тохвол шударга бус хэрэг. Тиймээс л ээлтэй тусламж клиникийн үүд хаалга нээлттэй, хүртээмжтэй байх хэрэгтэй. Тэр тусмаа захын хороололд оршин суудаг өсвөр

насныхны дунд хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин их байна” хэмээлээ. Үүнийг тэрбээр төвийн бүсийн хүүхдүүд интернэтээс төрөл бүрийн мэдээлэл авах боломж бололцоо илүү байдагтай холбон тайлбарлав.

Хүүхдүүд байтугай насанд хүрсэн хүн ч эцэг, эхтэйгээ бэлгийн амьдралын тухай нээлттэй ярих нь юу л бол. Энд бидний байнга ярьдаг асуудал дахиад л гарч ирж байна. Юу вэ гэвэл, хүүхдүүд эцэг, эхдээ биш найз нөхдөдөө нууцаа ярьж, тэднээс зөвлөгөө авдаг. Зүй нь яг эсрэгээрээ байх учиртай юм.

Хүний дотоод сэтгэл рүү нэвтрэх тодорхой аргууд бий. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнгийн хэлснээр хүүхэдтэйгээ эхлээд тухайн өдөр идсэн хоолыг, уусан ундаа гэх мэт жижиг зүйлсээс ярилцах хэрэгтэй аж. Улмаар найз нөхдийнх нь тухай, тэдний хамт хийдэг зүйлсийг лавшруулан асууна. Чингэхдээ ширээний хоёр талд суучихаад дарга, цэрэг шиг, байцаагч, хэрэгтэн шиг хандлагатай байж болохгүй гэв.

Хүүхдийн сэтгэл нандин. Ганц хоёрхон зүйлийг буруу хийчихээд өөрөөс нь илүү муу хүн энэ хорвоод байхгүй мэт л санадаг. Энэ сэтгэлийг нь ойлгож, багахан алдаанд нь хүлээцтэй хандаж сурвал нууцаа дэлгэх эхлэл болно. Монгол Улсад 10 настай 25 мянга, 10-19 настай 220 мянга гаруй охин бий. Охидын сургуульд хамрагдах байдал өндөр болсон. Тухайлбал, охидын сургуульд хамрагдалт бага сургуульд 95, дунд сургуульд 88 хувь байна. Гэвч охидын жирэмслэлтийн үзүүлэлтээр бүс нутаг, хүн амаар ижил төстэй Турк, Maлайз, Сингапурыг бид ардаа орхичихоод буйд дүгнэлт хийх цаг болсон.

САНАЛ БОЛГОХ