Хоёр дахь удаагаа өнчрүүлмээргүй байна

Сурвалжилга

18 нас хүрээд асрамжийн газрын хүүхдүүд хаачих вэ

Дөч гаруй жилийн настай, хуучирч өмхөрсөн шалтай, чийг даасан байшинд манай улсын хамгийн эмзэг бүлгийнхэн амьдарч байна. Эцэг, эхээсээ өнчирсөн эсвэл гэр бүлийнхэн нь асарч хамгаалах боломжгүй болсон хүүхдүүд “Өнөр бүл” төвд ирдэг. Энд хана, шал, шүүгээ, ширээ, сандал гээд бүгд элэгдсэн нь сумын төвийн дотуур байрыг санагдуулна.

Хүүхдүүд хэчнээн эмх цэмцтэй байлгах гэж хичээгээд ч өнгө орохооргүй хуучирчээ. “Өнөр бүл” төвийн нэгдүгээр давхрын өрөөнүүдэд хөвгүүд гурав юм уу дөрвөөрөө амьдардаг бол дээд давхарт нь охид байрладаг. Багш нар нь хамгийн сайн тохижилттой өрөөг долоо хоног бүр шалгаруулж буй тул бүгд эрвийх дэрвийхээрээ цэвэрлэж, тохижуулжээ. Зарим нь зурсан зургаа ханандаа өлгөж, зарим нь өөрсдийн гараар чимэглэл хийсэн байна. Будаг нь халцарсан модон ширээн дээр цаасан хайрцаг, чихмэл тоглоом өрж гоёжээ. Гэсэн ч хуучин юм л хойно гаднын хүнд бол тордоод ч засраагүй харагдана.

Өдгөө “Өнөр бүл” төвд 2- 18 насны 154 хүүхэд амьдарч байна. Тэдний 50 нь бүтэн, 75 нь хагас өнчин. Харин 29 хүүхдийн эцэг эх нь асарч халамжлах чадваргүй тул тэд энд иржээ. Биднийг асрамжийн төвтэй танилцахаар ирэхэд нүд нь гялалзсан сэргэлэн хүүхдүүд энд тэндээс булталзан сониучирхаж байлаа. Ариунбүүвэй гэдэг найман настай хүү бидэнд хөтөч хийж “Энд гал тогоо байдаг. Энэ охин хичээлдээ сайн” гэх зэргээр өөриймсөг гэгч нь танилцуулав. Энэ хүү мэдээ орсон цагаасаа энд амьдарч, гэрээ болгожээ. Гаднын хүмүүсээс бишүүрхэх нь бүү хэл “аниа, агаа” гэж гүйсээр хэд гурван чихэртэй болоод амжив.

Асрамжийн төвийн хүүхдүүд бусад хүүхдүүдээс ялгагдахгүй ч тэдний ихэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй байдгийг тус төвийн сэтгэл зүйчид хэлж байлаа. Тэдний 52 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 10 хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй. Өөрийгөө хаягдсан гэж гутарч, хайраар дутаж явдаг учраас нэгнийхээ хувцсыг урах, шатнаас түлхэх зэргээр уур, бухимдлаа бусаддаа гаргах тохиолдол их байдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд энд бий. Тэднийг тусгай асрамжинд байлгах ёстой ч өнчин хүүхдүүдийг авах өөр газар байдаггүй аж. Тэд бүх хүүхэдтэй эцэг, эх шиг нь дотно байж чаддаггүй. Багш нар өглөө ирээд, орой явдаг учраас хүүхдүүд бие дааж амьдрах шаардлагатай байдаг. Тиймээс том нь багаа асарч, бие биенээ түшихээс өөр аргагүй. Мэдээж, хүүхэд юм хойно нэгнийгээ дээрэлхэх асуудал байдаг бололтой. Нэгэн хүүд чихэр авч идээрэй гээд 500 төгрөг өгөхөд бусдаасаа нууж оймсондоо хавчуулахыг хараад өөрийн эрхгүй өрөвдөв. “Өнөр бүл” төв 2013 оноос хойш хүүхэд үрчлүүлэхээ больсон. Учир нь үрчилж авсан айл нь хэдэн сар гэртээ байлгаж, хүүхдийг дасгачихаад эргүүлээд асрахад авчрах нь олон байжээ. Жишээ нь нэг эмэгтэй” Хонь жилтэй хоёр хүн таардаггүй юм байна” гэсэн хачин шалтгаанаар өргөж авсан охиноо хоёрхон сарын дараа буцаасан байна. Авсан ээждээ дассан охин хэсэгтээ ээжийгээ нэхэж, сэтгэл санаагаар унажээ. Харамсалтай нь, энэ хямрал түр зуурынх биш. “Би гологдсон” гэх сэтгэлийн шаналал нь насан туршид нь хүүхэд зовоож, өөртөө итгэх итгэл, бусдыг хайрлах сэтгэлийг нь харлуулж орхидог аж. Тиймээс хүүхэд үрчлүүлэх шаардлагыг илүү чангаруулах хэрэгтэйг удирдлагууд нь учирлаж байна билээ. Гэхдээ хүүхэд үрчлэх хүсэлт тэр болгон ирдэггүй бололтой.

20 хайрцаг хувцас өглөө гэхэд тал нь хэрэглэх боломжгүй байх жишээтэй

Саяхан тус төвийн захирал М.Өлзийчимэгтэй Анхаа гэдэг 40 орчим насны залуу ирж уулзжээ. Тэрбээр энэ төвд өсч, хүмүүжээд 18 настайдаа асрамжийн газраас явж, амьдралд хөлөө олж чадалгүй траншейнд хүртэл хонож байжээ. Харин түүнтэй хамт асрамжийн газарт өссөн танил ах нь гутал засахыг зааж өгч, өөд нь татсанаар өнөөдөр сайхан гэр бүлтэй, хүнээс дутахгүй амьдарч яваа аж. Тэрбээр “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Залуусын төв”-д амьдарч байгаа хүүхдийг байрнаас нь гаргахыг эсэргүүцжээ. М.Өлзийчимэг захирал ийн ярив. "Манай хашаанд байдаг барилгыг “Залуус төв” гэж нэрлээд 18 нас хүрсэн хэдэн хүүхдээ амьдруулж байгаа. Тэд өөрсдөө цахилгаан, дулаан, хоолныхоо мөнгийг олдог. Харин дөнгөж 18 нас хүрсэн хүүхдээ "Залуус" төв рүү шилжүүлж, тэнд удаан амьдарсныг нь байрнаас гаргахаас өөр арга алга. Насанд хүрээд асрамжийн хүүхдүүд хаачих талаар хуулийн зохицуулалт байдаггүй, бидэнд санхүүгийн чадал ч алга” гэв.

“Өнөр бүл” төвийн залуусын хамгийн том тулгамдсан асуудал нь ажлын байр. Ажилд орох гэхээр асрамжийн төвийнх гэж сонсонгуутаа нүүр буруулдаг гэнэ. Тиймээс хүүхдүүдийг 18 нас хүрэхээс нь өмнө мэргэжлийн чиг баримжаа, дөртэй болгохыг багш нар нь хичээж байгаа юм.

М.Өлзийчимэг захирал ажлаа хүлээж аваад хоёр сар гаруй болж байна. Энэ төвд шинэ бодлого, менежмент хэрэгтэй болсныг тэрбээр нуусангүй. “Өнөр бүл” төвийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг. "Ийм их төсөвтэй байж орчноо сайжруулахад яасан юм бэ гэж шүүмжилдэг. Би ч бас энд ажиллахаасаа өмнө тэгж бодож байлаа. Гэтэл яг дотор нь ороод ажиллахаар хаанаа ч хүрдэггүй юм байна” гэж учирлав. Тус төв 156 багш, ажилтантай. Энэ нь хүүхдийн тоотой харьцуулвал стандартаас бага тоо гэнэ. Ажилчдын цалинд жилд нэг тэрбум, урсгал зардалд 155.7 сая, хүүхдүүдийн хоол хүнс, унаа, хичээлийн хэрэгсэлд 839.1 сая, тэтгэвэр, тэтгэмжид 27.9 сая төгрөг зарцуулдаг байна. Тиймээс байрандаа засвар хийх, хүүхдүүдийн өрөөг тохижуулах боломжгүй байдаг аж.

“Мэдээж асрамжийн төвд хувь хүн, байгууллагууд их тусалдаг ч хүүхдүүдэд чихэр, жимс өгөхийг л боддог. 20 хайрцаг хувцас өглөө гэхэд тал нь хэрэглэх боломжгүй байх жишээтэй. Эсвэл нэг газраас ширээ, өөр газраас сандал хандивлахаар хоорондоо хэмжээ нь таардаггүй зовлон байдаг. Хүүхдүүдэд туслахыг үнэхээр хүсэж байвал орчныг нь тохижуулж өгөөч гэж байгууллагуудаас хүсч байгаа. Бид байраа тохижуулах төлөвлөгөө, саналаа бариад хүмүүстэй уулзаж байна. Хорин хүнтэй уулзахад нэг нь ч гэсэн нааштай хариу өгөх байх” гэж М.Өлзийчимэг захирал нэмж хэлэв.

“Өнөр бүл” төвийн удирдлагуудын хамгийн чухал асуудал нь тус төвийн цэцэрлэгийг ойртуулах. Одоогоор 2-8 насны 41 хүүхэд Сансарт байрлах цэцэрлэгт амьдардаг. Тэндээсээ цэцэрлэг, сургуульдаа явдаг. Харин есөн нас хүрээд Улиастайд байрлах “Өнөр бүл” төв рүү ирдэг аж. Бага балчраасаа дассан орчин, өсгөсөн багш нараа солигдоход хүүхдүүдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Тиймээс цэцэрлэгийн байрыг ойртуулах, эсвэл бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай байгаа аж. Эцэг эхээсээ салсан тэднийг өсгөсөн багш нараас нь салгана гэдэг хоёр дахин өнчрүүлж байгаатай адил юм.

Төсвөөс санхү үждэг ганц хүүхдийн асрамжийн төв эднийх. Гэтэл байдал ийм гандуу, гундуу байна. Үүнийг дагаад хамгийн эмзэг давхаргын өнчин хүүхдүүдийн ирээдүй бүүдийсээр. Гэхдээ энд гэрэл гэгээтэй зүйл бараанаасаа олон гэдгийг мартаж боломгүй. “Шинэ эрин” ахлах сургуульд сурдаг хүү сургуулийнхаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож алтан медаль авснаа багш нартаа үзүүлэв. Бас нэг хүү жүдо бөхөөр хичээллэж, ямар ч тамирчнаас дутахааргүй сайхан биетэй болжээ. Төвийн уран нугаралтын сургалтад 28 охин хамрагдаж байна. Энд бүгд л амьдралын төлөө эрвийх, дэрвийхээрээ тэмцдэг нь мэдрэгдэж байлаа.

Тус төвийн үүдээр ороход хайрцагтай баахан хуучин хувцас харагдсан. “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд хандивласан зүйлс байх гэж таамаглан бодсон минь ташаа байжээ. Харин ч эсрэгээрээ, тэд өөрсдийнхөө өмсдөггүй, хуучин хувцсаа “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдэд өгөхөөр зэхсэн нь энэ аж.

САНАЛ БОЛГОХ