"Чоно" хаалга тогшиж байна

Кино

Хүн бүр дадал зуршлаа багахан өөрчлөхөд байгальд ямар их тус үзүүлэхийг хүүрнэв

Америкийн кино академийн шагналт жүжигчин Леонардо Ди Каприо дэлхийн өнцөг булан бүрт гурван жилийн турш “аялж”, уур амьсгалын өөрчлөлт бол хэнээ биш бодит гэдгийг “Before the flood” баримтат кинонд хүүрнэлээ.

Хүн төрөлхтөн мэдсээр байж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй байгаа гол шалтгаан чухам юу вэ гэдгийг тус бүтээлд тов тодорхой харуулж буй.

Хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулагч олборлох түлшинд дэлхий дахин ямар их “донтож” буйг гэрчлэхээр Ди Каприо Канадын Альберта муж дахь битумын олборлолтын талбай дээгүүр нисдэг тэргээр тойрсон юм. Энэ талбайгаас уул уурхайн томоохон акулууд болох “Shell”, “Exon” групп олон зуун мянгаар баррель нефтийг өдөрт нь олборлодог аж.

Олборлох түлшний үе төгсгөл болж сэргээгдэх эрчим хүчний эрин айсуй. Эл чиглэлд хамгийн далайцтай алхмыг Энэтхэг Улс хийдэг байна. Тус улсын Шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны мэргэжилтэн Сунита Нарайн хүлэмжийн хийг бууруулах чиглэлд Энэтхэг АНУ-аас их хөрөнгө хаядаг гэдгийг онцолжээ. Улмаар хүч бололцоотой АНУ төдий л чармайлт гаргахгүй байгаад сэтгэл гутарч явдгаа “Before the flood”-ийн алтан хальснаа мөнхлөв. Киноны гол хүүрнэгч Ди Каприо ч өөрийнх нь эрчим хүчний хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг ул мөр олон хүнийхээс илүү гүн гүнзгий гэдэгт эргэлзэж буйгаа нуусангүй. Түүний эргэлзээ америкчууд эрчим хүчнийхээ хэрэглээг бууруулах сонирхолгүй байна уу гэсэн асуултад хариулт болох буй биз.

Дэлхийн дулаарлын улмаас туйлын мөс хайлж буй нь үнэн юм гэдгийг харуулахаар тэрбээр Умард туйлын цагирагт хүртэл очжээ. Түүнчлэн “Before the flood” киноноос түргэн хоолноос эхлээд гоо сайхны бүтээгдэхүүнд хүртэл өргөн хэрэглэдэг дал модны тосыг хямд олборлохын тулд Индонезийн Суматра арлын ширэнгэн ойг хэрхэн цөлмөж буйг тод томруун харуулах аж. Суматрагийн ой бол дэлхийд нэн ховордсон амьтан, ургамал зэрэгцэн оршдог хуруу дарам цөөхөн газрын нэг юм.

Тэднээс дэлхийн дулаарлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн хэрэг
2014 онд НҮБ-ын Энх тайвны илчээр томилогдсон Леонардо Ди Каприо уур амьгалын өөрчлөлт жирийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйг олж мэдэхээр Номхон далай дахь Кирибати арлын уугуул оршин суугчидтай мөн уулзсан байна. Түүгээр ч зогсохгүй Хятад, Энэтхэг, АНУ-ын Миами зэрэг газар нутагт болсон байгалийн гамшгийн халуун бүсүүдэд “зочилсон” байна. Байгалийн гамшиг ойр ойрхон нүүрлэдэг газруудад олон нийтийн эмх замбараагүй байдал, удирдагчдын эсрэг хөдөлгөөний гол өдөөгч нь уур амьсгалын өөрчлөлт болж буйг “Before the flood” гэрчлэх аж.

Леонардо Ди Каприотой хамт уг кинонд дэлхийн одоогийн удирдагчид болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Католикийн тэргүүн Францис, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Билл Клинтон, “Space X”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск нар тогложээ. Тэд бол дэлхийн дулаарлыг бууруулахад олон нийтийг урагшлуулах гол хүчин юм. Товчхондоо, тэднээс дэлхийн дулаарлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн хэрэг. Нөгөөтэйгүүр, уг өөрчлөлтийг эхлүүлэхэд зайлшгүй хийх ёстой алхмуудыг гаргаж тавьсан эрдэмтдийн байр суурийг ч гаргажээ. Олборлох түлшнээс сэргээгдэх эрчим хүчинд шилжихийн давуу талыг, нүүрстөрөгчийн ялгаралд татвар ногдуулах, олборлох түлшний татаасыг зогсоож, сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг судлаачид, эрдэмтдийн байр сууриар илэрхийлсэн байна.

Хувь хүмүүс ч байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлстэй дасан зохицохын тулд хэд хэдэн тодорхой зүйл хийхийг зөвлөсөн байна. Дал модны тосны найрлагатай бүтээгдэхүүн авахгүй байх, үхрийн махны хэрэглээгээ үлэмж бууруулах, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүхнийг хэнээ хэмээн үздэг улстөрчдөд саналаа өгөхгүй байхыг уриалжээ. Хувь хүн бүр дадал зуршлаа бага зэрэг өөрчлөхөд байгаль дэлхийдээ үзүүлэх тус ямар агуу байхыг “Before the flood” хүүрнэв.

Дэлхийн дулаарлын хор хохирол, түүнийг бууруулах шаардлагын тухай маш олон кино дэлгэцнээ гардаг. Гэвч тэр бүгд хүмүүст төдий л хүрэхгүй байна. Харин “Before the flood” бол Оскарын шагналт, царайлаг, орлого ихтэй, бүхний анхаарлын төвд байдаг холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон учраас хүмүүст хүрнэ гэдгийг кино шүүмжлэгчид онцолсон байна. Мөн түүнийг уг киногоо чин сэтгэлээсээ хийсэн, олон нийтэд мэдлэг өгөхүйц бүтээл болсон хэмээн шүүмжид дурджээ.

Тийм ээ, бид яагаад ч үл тоож болохгүй нэгэн "чоно" хүн төрөлхтний хаалгыг тогшиж буйг “Before the flood” сануулж байна.


САНАЛ БОЛГОХ