Б.Дуламсүрэн: Цасан бүрхүүл 11-28 см зузаан тогтсон байна

ЗГМ: Тодруулга

Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгууудын нутгаар цас ахиу орсон. Тэр тусмаа Хөвсгөл аймагт цас, бороо холилдож орсон учир байдал амаргүй байгаа тухай мэдээлэл ирж байна. Тиймээс орон нутагт ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ОБЕГ-ын Гамшигаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Баруун аймгуудийн нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам харгуй хаагдах тохиолдол гарч байна. Орон нутагт байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр Булган, Дархан-Уул, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим нутгаар цас орж, 11-28 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Одоогоор улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдсан зүйл алга. Хөвсгөл аймагт цас их орсны улмаас Улсын онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаанд зам хаагаад нээсэн. Одоо хөдөлгөөн хэвийн байгаа.

Ойрын гурав хоногт төв болон зүүн аймгийн нутгаар цас орно

-Цаашид хүйтний эрч чангарна гэж цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Танайх үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Ойрын гурав хоногийн хугацаанд төвийн болон зүүн аймгийн нутгаар цас орж, зарим үед салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэх төлөвтэй байгааг анхааруулсан. Энэ мэдээлэлд тулгуурлан төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагынханд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Юун түрүүнд цаг агаарын мэдээллийг иргэдэд хүргэх нь чухал учир байнга сэрэмжлүүлэг хүргэж байгаа.

-Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн. Хэр их дуудлага ирж байгаа вэ?

-Амралтын өдрүүдэд цасанд боогдсон, суусан зэрэг дуудлага иргэдээс цөөнгүй ирсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймагт таван иргэн цасанд суусан гэх мэдээллийн дагуу аймгийн онцгойгийнхон ажилласан. Мөн Ээж хаднаас хот руу явах замдаа дөрвөн иргэн төөрсөн тухай мэдээлэл аваад эрэн хайх ажиллагаа явуулсан. Аврагчдыг очиход автомашиных нь шатахуун дууссан байсан. Тиймээс аян замд гарахдаа шатахууны нөөцөө базааж, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.

САНАЛ БОЛГОХ