Импортын барааг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй
Юань “живж” байна. Ам.доллартай харьцах юанийн ханш уруудсаар, сүүлийн зургаан жилийн ёроолын цэгт туллаа. Зөвхөн ноён доллар ч биш. Голлох валютуудын эсрэг хүчгүйдэж, үнэ цэнэ нь доройтсоор. Харин Монголд эсрэгээрээ “хатагтай” ягааны ханш чангарсаар. Монгол төгрөгтэй харьцах юанийн ханш цойлж, бүх цаг үеийн дээд цэгт хүрлээ.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар төв банкны албан ханшаар төгрөгтэй харьцах юанийн ханш 355.89 төгрөг байна. Яг жилийн өмнө энэ хослол 314.1 төгрөгтэй тэнцэж байжээ. Жилийн дотор 15 орчим хувиар өсчихөөд байна. Сонирхолтой нь, юанийн энэ өсөлт бараг ам.долларынхтай зэрэгцсэн.
Жилийн өмнө 1992.09 төгрөг байсан “ноён” доллар өдгөө 2400-г давж байна. Өнгөрсөн нэг жилийн дотор төгрөгийн ханш 20 орчим хувиар үнэгүйдэж, ам.доллар төдий хэмжээгээр чангарчээ.
Юань ам.доллараас дутахааргүй төгрөгийн эсрэг хүчирхэгжсэн. Өдгөө үлгэр мэт сонсогдож мэдэх ч 2013 оны эхээр ам.долларын ханш 1390, юань 232 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш өдий болтол төгрөгтэй харьцах Америк, Хятадын валютын ханш бараг 70 орчим хувиар дээшилжээ.
Монголбанкнаас зарласан юань, ам.долларын ханшийн муруйд анхаарлаа хандуулна уу. Төгрөгтэй харьцах АНУ, БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшийн хөдөлгөөн ялгахын аргагүй адилхан байгаа биз. Гурван жилийн хугацаанд “ноён” ногооны ханш чангармагц, “хатагтай” ягаан дагаад өссөн байгаа юм.
Гэтэл бид энэ хугацаанд зөвхөн ам.долларыг л онилж байлаа. Ногоон өнгөтэй дэвсгэртийг “ноён” хэмээн өргөмжлөөд, ам.долларыг эдийн засгийн “дайсан” хэмээн зарласан юм. Төв банкны мөнгөний бодлого одоо ч долларыг дарахад чиглэж байгаа нь үнэн. Бас ам.долларын ханш чангарсныг хэн хүнгүй гайхаж, халагласаар сууна. Энэ завсар юанийн ханш чимээгүйхэн чангарч, хазааргүй мэт давхисаар.
Энэ онд юанийн ханшийн өсөлт илүү тод илэрч байгаа аж. Өвлийн хувцас, өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөнийг та анзаарав уу. Өмнөх жилүүдтэй харьцуулахад боломжийн чанар, үзэмжтэй гадуур хувцас өндөр үнэтэй байгааг иргэд хэлж байна.
Учрыг нь асуутал юанийн ханш чангарснаас үүдэлтэй болохыг худалдаачид тайлбарлав.
Юанийн ханш чимээгүйхэн чангарсаар байна
“Нарантуул” худалдааны төвд бараа зардаг танил маань өнгөрсөн сарын сүүлээр 248 төгрөгөөр юань авч урд хөршийг зорьжээ. Хоёр хоногийн дараа эх орондоо иртэл юанийн ханш 355 төгрөг болоод өсчихсөн байсан аж. Валютын ханш ийн хоногоор өсөж байгаа тул өнгөрсөн онд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байсан цамцаа 30-35 мянган төгрөгөөр зарах болсноо учирлав. Бас “Найман шарга” арилжааны төвд юанийн ханш хэдийнэ 360 төгрөг давсныг дуулгалаа.
Ер нь бидний дийлэнх нь урд хөршийн бэлэн хувцас хэрэглэдэг. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд ч хятад бараа багагүй жин дарна. Энэ хэрээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш болохыг зарим эдийн засагч хэлдэг. Энэ талаарх судалгаа ч бий. 2000 онд юань 132 төгрөгтэй тэнцэж байв. 16 жилийн дараа энэ валютын ханш 2.6 дахин өсчээ. Зэрэгцээд урд хөршөөс импортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ ч төдий хувиар чангарсан байна. Үүнээс үзэхэд юанийн ханш иргэдийн халаасанд илүү нөлөөлдгийг харж болно. Тиймээс юанийн өсөлт худалдаачид цаашлаад иргэдэд дарамт болдог.
Тэгвэл энэ валютын ханш хэтдээ хэрхэх бол. Юанийн ханш олон улсад сэргэх төлөвтэй байна. Хятадын төв банк зангаа хувиргаж буйг та анзаарав уу. Тус банк юанийн уналттай тэмцэхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлийн гол мэдээллийн нэг байлаа.
Дэлхийн санхүүгийн системд ягаан хувьсгал хийхийг Хятадын эрх баригчид хэзээнээс хүссэн. Энэ хүслээ гүйцээж, хувьсгалаа ч эхлүүлсэн. Юанийн ханшийг хүчээр бууруулж, хамрах хүрээг нь тэлэх арга ашиглан, довтолсон юм. Ингэснээр юанийн ханш үнэгүйдэж, голлох валютуудын өмнө хүчгүйдсэн. Ийм учраас юань олон улсын зах зээлд “живсэн”. Харин одоо Хятадын төв банк энэ бодлогоосоо ухарч, эргээд юанийн үнэ цэнийг хамгаалахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргэн харж байна.
Урд хөрш мөнгөний сул бодлого барьж, юанийн ханшаа хүчээр сулруулж байхад манайд үнэ өссөн. Тэгвэл хумиад эхлэхээр юанийн ханш унана гэдэг юу л бол. Үүнээс гадна Хятадын төв банкны энэ мэдэгдлийн араас биднийг тун сонирхолтой үйл явдлууд хүлээж буй. Импортын барааны эрэлтийг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй. Энэ бол урд хөршийг чиглэх мөнгөн урсгалыг дэмжиж, юанийн эрэлт өсдөг оргил үе. Өмнөх жилүүдийн жишгээр энэ үед юанийн ханш чангардаг зүй тогтол бий. Ам.доллар ярьж, айл хэсэх зуур юанийн ханш чимээгүйхэн өсөж, дуугүйхэн биднийг халаасыг тэмтрэхийг үгүйсгэхгүй.
Харин төв банк иргэдийн халаасыг хамгаалж, юанийн довтолгоог тогтоохын тулд ямар арга ашиглах бол.