Centerra Gold: Гацууртын ордтой холбоотой хэлцлээ үргэлжлүүлж байна
Торонтод бүртгэлтэй "Centerra Gold" компани Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой хэлцлээ үргэлжлүүлж байгаа талаар III улирлын тайландаа дурьдлаа. Компанийн хувьд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авсан. Мөн нэмэлт 50 сая ам.долларын зээлийг Гацууртын төсөлд зориулан зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ нэмэлт санхүүжилт нь Монголын Засгийн газартай эцсийн хэлцлээ 2018 оны хоёрдугаар сараас өмнө дуусгах нөхцөлийг шаардаж байгаа юм. Тайлант хугацаанд "Centerra Gold" Гацууртын хайгуулын өрөмдлөгөө үргэлжлүүлж байгаагаас гадна байгаль орчны үнэлгээг нь хийж дуусгасан юм. Монголын Засгийн газартай хийж байгаа хэлцлийнхээ хүрээнд Гацууртын ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа талаар өмнөх тайландаа дурьдаж байсан.
Нэмэлт ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулсан зардлын хэмжээгээ зургаан сая ам.доллар байсныг 10 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Ямартай ч хамгийн сүүлд Торонтогийн хөрөнгийн бирж дээр "Centerra Gold"-ийн хувьцааны ханш 5.53 хувиар буурч, 6.66 канад доллар болсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд компанийн хувьцааны ханш 10.6 хувиар буурсан. Хамгийн өндөр үнэ хүрсэн нь наймдугаар сард нэгж хувьцааны ханш нь найман канад доллар болж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй