Өвлийн олимпийн бэлтгэл 90 хувьтай

Спорт

Олимп зохион байгуулахын төлөө хамгийн уйгагүй тэмцсэн хотоор Пёнчаныг нэрлэж болно

Хоёр жилийн дараа БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам болно. Олимп эхэлтэл хугацаа бий ч нийт барилга байгууламж, спортын цогцолборын бүтээн байгуулалт 90 хувьд хүрчээ. Олон улсын олимпийн хорооны тусгай комиссын гишүүн Г.Линдберг тус улсад айлчилж, бэлтгэл ажилтай танилцсаны эцэст ийн мэдэгдсэн юм. “Олимпийн бүтээн байгуулалтын явцыг бид биечлэн анзаарч байгаа. Бүх цогцолбор хугацаандаа амжиж ашиглалтад орно гэдэгт эргэлзэхгүй байж болно. Тэд бүтээн байгуулалтын сүүлийн шатандаа оржээ. Солонгосчууд гайхалтай олимп зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Линдберг ярьсан байна.

Сүүлийн хоёр олимпийн бүтээн байгуулалт хугацаандаа амжихгүй удааширч, зохион байгуулагчдыг сандаргасан удаатай. Харин солонгосчууд угийн нямбай зангаараа бүгдийг эртнээс бэлджээ. Тиймдээ ч ОУОХ-ныхон тэдэнд магтаалын үгээ харамгүй хайрлаж байна.

Дашрамд сонирхуулахад, солонгосчууд өвлийн олимпийн наадмыг 13 цогцолборт явуулна. Зуныхыг бодвол спортын төрөл, оролцох тамирчны тоо харьцангуй цөөн учраас барилга байгууламжийн тоо бага байгаа хэрэг. Эдгээр 13 объектоос зургааг нь шинээр барьж, бусдыг нь сэргээн засварлаж байгаа юм. Харин олимп эхлэхээс жил гаруйн өмнө бүтээн байгуулалт 90 хувьтай байна гэдэг тун өндөр үзүүлэлт билээ.

Пёнчан бол БНСУ-ын зүүн хэсэгт орших жижигхэн хот. 1.4 мянган ам км газар нутагт 43 мянган хүн амьдарна. Цас их унадаг болохоор өвлийн аялал жуулчлал өндөр хөгжжээ. Цанын баазуудад нь солонгосчууд олноор ирж, чөлөөт цагаа өнгөрөөдөг байна. Мөн дэд бүтэц сайн хөгжсөн нь өвлийн олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тус хот нийслэлтэйгээ хурдны галт тэрэгний замаар холбогдсон. Галт тэрэг нь цагт 250 км хурдлах чадалтай. Тиймээс Пёнчанаас Сөүл хүртэлх 130 км замыг ердөө 50 минутад туулах боломж бүрджээ. Энд 2009 онд биатлоны ДАШТ зохиогдож байв.

Олимп зохион байгуулахын төлөө хамгийн уйгагүй тэмцсэн хотоор Пёнчаныг нэрлэж болно. Тэд анх 2010 оны олимпийн төлөө өрсөлдөж, эхний шатанд хамгийн өндөр буюу 51 санал авчээ. Гол өрсөлдөгч Ванкувер 40 санал авсан бол Австрийн Зальцбург 16 хүний дэмжлэг хүлээгээд байв. Гэтэл дараагийн шатанд Зальцбургийн саналын ихэнх нь Ванкуверт шилжсэнээр канадчууд энэ дуэльд 56:53-аар илүүрхсэн түүх бий. Энэ нь олимпийн наадмын сонгон шалгаруулалтын түүхэнд хамгийн дуулиантай санал хураалт болсон юм.

Пёнчанаас Сөүл хүртэлх 130 км замыг ердөө 50 минутад туулах боломжтой
Пёнчан ийнхүү харамсалтай ялагдсан ч 2014 оны олимпийн төлөө дахин өрсөлдсөн. Гэвч энэ удаа Оросын Сочид 51:47 буюу дөрөвхөн саналын зөрүүгээр дийлдсэн билээ. Уг нь эхний шатанд тэд урьдын адил саналын тоогоор тэргүүлсэн. Гэтэл санал хураалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр морилж, ОУОХ- ны гишүүдийг өөртөө татаж чадсанаар үр дүнг эргүүлж дөнгөсөн юм.


Ийнхүү хоёр олимпийн сунгаанд харамсалтай бүдэрсэн солонгосчууд бэлтгэлээ илүү сайн базаасны хүчинд 2018 оныхыг зохион байгуулах эрхтэй болжээ. Энэ удаа тэд Германы Мюнхенийг 63:25-аар илт давамгайлсан юм.

Өмнөх Сочигийн олимпод 88 улсын 2873 тамирчин 98 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэгвэл энэхүү үзүүлэлт Пёнчаны олимпод ахих нь тодорхой байна. Учир нь ОУОХ спортын дөрвөн шинэ төрлийг энэ олимпод нэмж оруулахаар болсон юм. Тухайлбал, сноубордын биг- эйр (эрэгтэй, эмэгтэй), гүйлтийн тэшүүрийн бөөн гараатай уралдаан (эрэгтэй, эмэгтэй), кёрлингийн холимог хос болон уулын цанын багийн тэмцээн хөтөлбөрт шинээр нэмэгджээ. Ингэснээр нийт 102 багц медаль эзэддээ очихоор болсон юм. Энэ нь олимпийн наадмын шинэ дээд амжилт билээ.

Дашрамд сануулахад, Пёнчан нь Улаанбаатараас нэг цагийн зөрүүтэй. Тиймээс монголчууд өвлийн олимпийн уралдаан тэмцээнийг шөнө нойроо хугаслалгүй үзэх боломж бүрдэж байгаа юм.
САНАЛ БОЛГОХ