Карригийн галзуу тоглолт эргэн ирэв үү

Спорт

NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 71 жилийн түүхэн дэх нэгэн чухал дээд амжилт мягмар гарагт эвдэгдлээ. Өнгөрсөн хоёр улирлын үнэ цэнэтэй тоглогч, өнөө цагийн шилдэг мэргэн бууч Стефан Карри “Нью-Орлеан Пеликанс”- ын эсрэг тоглолтод холын зайн 13 шидэлтээ оновчтой болгож, шинэ рекордын эзэн болжээ. Тэрбээр гурвын шугамны араас 17 шидэж, 13-ыг цагаригт хийсэн нь түүний амжилтыг улам онцгой болгож байна.

Өмнө нь “Торонто”-гийн Д.Маршал (2005 онд), “Лейкерс”- ийн К.Брайант (2003 онд) болон Стеф өөрөө нэг тоглолтод 12 удаа алсын зайнаас амжилттай довтолж байв. Харин өчигдөр шилдэг мэргэн буучдын мөрөөдөл болсон 13-ын тоонд хүрч чадлаа. “Сүүлийн хоёр хоногийн бэлтгэл дээр би үндсэн шидэлтээ эргүүлэн олж авах гэж их хичээсэн. Шидэлтүүд минь гарт орж буйг би мэдэрч байлаа” хэмээн тэрбээр тоглолтын дараа өгүүлжээ.

Ер нь энэ амжилтыг эвдэх нь Карригийн хувьд цаг хугацааны л асуудал байсан гэж болно. Учир нь тэрбээр сүүлийн дөрвөн жилийн дотор холын зайн шидэлтийн дээд амжилтуудыг ээлж дараалан эвдсээр байгаа. 2014-2015 оны улиралд 286 удаа гурваас зоож, Р.Аллены үзүүлэлтийг давж гарсан бол өнгөрсөн улиралд өөрийн рекордыг 402 болгож ахиулсан юм. Мөн 152 тоглолт буюу хоёр жил гарангийн турш тоглолт бүрт гурвын шидэлтээ оруулж, хожим эвдэхэд бэрх босгыг тогтоосон. Түүнчлэн дөрвөн улирал дараалж алсын шидэлтийн тоогоор лигийг тэргүүлсэн нь дээд амжилт билээ.

Сонирхуулахад, лигийн түүхэнд гурван онооны шидэлт хамгийн олныг хийсэн тоглогч нь Рей Аллен юм. 1996-2014 оны хооронд лигт тоглохдоо тэрбээр 2973 шидэлтээ оновчтой болгожээ. Ард нь Режи Миллер (2560), Жейсон Терри (2170), Пол Пирс (2128), Жейсон Кидд (1988) нар жагсдаг. Харин Карригийн хувьд одоогоор алсын зайнаас 1625 удаа амжилттай довтолж, бүх цаг үеийн жагсаалтын 18- д орж ирээд буй. Тэрбээр нас залуу учир (28-тай) дээд амжилт эвдэх нь бараг тодорхой. Хэрэв энэ эрчээрээ урагшлаад байвал таван жилийн дараа Аллены урд гишгэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна билээ.

Стефийн галзуу тоглолт “Голден Стэйт”-ийн фэнүүдэд ус агаар мэт хэрэгтэй байв. Учир нь тэрбээр шинэ улирал эхэлснээс хойш нэг л унжгар тоглож, тэр хэрээр багийн амжилт тогтворгүй болоод байсан. Сулхан “Лейкерс”-ийн эсрэг гэхэд холын зайн 10 шидэлтээ бүгдийг алдаж, баг нь 117:97-гоор ичгүүртэй ялагдсан юм. Энэ ялагдал түүнд их зүйл бодуулж, хурцалж өгсөн болох нь “Нью- Орлеан”-тай хийсэн тоглолтоос тод харагдлаа. Тэрбээр өчигдөр нийт 46 оноо авснаар онооны дундаж нь 26.4 болж, мэргэн буучдын жагсаалтын долдугаар байр руу дэвшсэн юм. Харин баг нь таван хожил, хоёр хожигдолтойгоор бүсийнхээ дөрөвт бичигдэж байна.

САНАЛ БОЛГОХ