Цөлийн чимээгүй эрхшээл

Экологи

1975 оноос хойш Хятадын элсэн цөл 33,800 ам км талбайгаар тэлжээ

Монгол, Хятадын газар нутгийг хавсран оршдог Говийн элсэн цөлийн урд хэсгийг Тэнгэр цөл гэнэ. Тэнгэр цөлийн урд зах нь Бээжин зэрэг томоохон хотоос төдий л холгүй орших ба газар нутгаа улам тэлсээр байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын элсэн цөл жилд 2090 гаруй ам км-ээр тэлж байгаа тооцоо бий. Олон ч тосгон эзгүйрэв. Гэхдээ үүний эсрэг тус улсын Засгийн газар маш олон арга хэмжээ авч буй билээ. Экологийн дүрвэгчдийг дахин суурьшуулах, мод тарьж буй хүмүүст татаас олгох, малын тоо толгойг хязгаарласны хүчинд цөлжилтөд хурдтай өртөж байсан зарим бүс нутаг ногоороод байна. Гэвч энэхүү бодлогын алсын ашиг тус хэр зэрэг байх талаар судлаачид эсрэг, тэсрэг байр суурь баримталдаг аж. Харамсалтай нь, энэ зуур цөлжилт чухал газар нутгуудаар хүрээгээ тэлсээр байгаа нь оновчтой шийдэл хүлээх цаг байхгүйг илтгэнэ.

Хятадын нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг элсэн цөл эзэлдэг аж. Сүүлд явуулсан нэгэн тооцоогоор 1975 оноос хойш тус улсын цөлийн бүс 33,800 ам км талбайгаар тэлжээ. Одоогоос 41 жилийн өмнө цөлийн хэмжээ нь 56,600 ам км буюу Хорватын газар нутгийн дайтай байсан байна. Тэнгэр цөл тэлэхийн хэрээр Сахарын элсэн цөлийн зүүн захтай нийлж, улмаар хүн суурьших аргагүй болж, өргөн уудам нэгэн цул цөл бий болж болзошгүй байна.

Хятадын умард хэсэг бүхэлдээ их цөлийн зах дагуу нутагладаг удам дамжсан малчдын эх нутаг юм. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилт газар авахад нөлөөлсөн байна. Гэхдээ зарим нэг газар явуулсан туршилтаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сулруулахад бэлчээр ашиглалтыг багасгах хэрэгтэй болжээ. Тиймээс малчдын нутаг усыг сэлгэх бодлого цөлжилтийг улам тэлж болзошгүй гэх сөрөг байр суурь ч бий.

“Үлдсэн” оршин суугчид элсний нүүдлийг тогтоон барихаар чармайсаар
Цөлжилтөөс болж тосгоноо орхих болсон иргэдийг Засгийн газар Алша аймагт суурьшуулжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж нутаг орноо сэлгэсэн хүмүүсийг экологийн дүрвэгчид хэмээдэг. Цөлжилтийн улмаас ийн нэрлэгдэх болсон 30 мянган хүний нэг нь Жиали юм. Жиали болон түүний гэр бүл аялал жуулчлалын зориулалттай “Хунт нуур” хэмээх баянбүрдээс 10 км хүрэхгүй зайд Засгийн газрын шийдвэрээр газартай болж, орон гэрээ төвхнүүлжээ. Тэднийг ийн нутаг сэлгүүлэхийн тулд 70 хонь, 30 үхэр, найман тэмээ гээд бүх малыг нь зарсан аж. Хариуд нь улсаас Жиалигийн эцэг, эхэд тус бүрт нь жилд 1500 ам.доллартай тэнцэх тэтгэмж, хамт амьдардаг эмээд нь 1200 ам.доллар олгохоор болсон байна.

Харин цөлийн захад “үлдсэн” оршин суугчид элсний нүүдлийг тогтоон барихаар чармайсан хэвээр. Тэд орон нутгийн удирдлагын тусламжтай салхины эрч, хөрсний элэгдлийг зогсоохоор мод тарьдаг юм. Эндхийн ихэнх нь Хятадын түүхэн дэх их өлсгөлөнгийн үе гэгдэх 1958-1962 онд Тэнгэр элсэн цөлийн баруун захад орших Минчингээс дайжиж ирсэн ард иргэд.

Гуо Каймин гэх 40 настай тариачин ч зургадугаар сард шинээр тавьсан хурдны зам дагуу мод тарьсан нэгэн. Тэр мөн Тэнгэр цөлийн захад жуулчны амралтын газар ажиллуулдаг нэгэн. Гуо нарын тариачдыг газар нутгаа элсний нүүдлээс хамгаалсных нь төлөө Засгийн газраас урамшуулдаг юм. Тухайлбал, Гуод бэлчээрийг экологийн аргаар хамгаалсных нь төлөө жил бүр 600 ам.доллар олгодог аж.

Харамсалтай нь, нүүдлийн төдийгүй фермийн аж ахуй эрхлэхэд ч нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Тунгуань хошууны оршин суугч Хуанг Чунмэй бага байхад нь гүний ус хоёр метрийн дороос гардаг байсан бол одоо 4-5 метр ухах шаардлагатай болсныг хэлэв. Хуанг бүсгүй тариан талбайгаа элсэн шуурганаас хамгаалж, элсний нүүдлийг тогтоохоор өнгөрсөн хавар 200 гаруй мод тарьсан гэдгээ хуваалцсан юм. Алша аймгийн нийт хүн амын бараг 17 хувь нь монгол угсаатан. Тэдний өнө удаан жил амь зуух арга нь болж ирсэн мал аж ахуйг нь одоо Засгийн газар зогсоохоор шахаж байна. 42 настай Мэнгэбуян, 41 настай эхнэр Мандулагийн хамт эрдэнэ шиш, наранцэцэг тариалдаг. Гэсэн хэдий ч орлогынхоо ихэнхийг тоо толгой нь 200 хүрсэн хонин сүргийнхээ ачаар бүрдүүлдэг байна. Тэр хоёр ойролцоох хот, суурингийн ресторануудад хониныхоо махыг нийлүүлж, мөнгөтэй золгодог аж. Мэнгэбуян, Мандула нар 16 настай охиноо хот газар ажиллаж, амьдруулахыг хүсдгээ хуваалцсан юм. Мэнгэбуянгийнхан дөрвөн үеэрээ энд аж төрж буй.

Гэвч хүн бүр энэ нутгаасаа аажмаар холдсоор л байна. Элсэн цөл тэднийг эрхшээлдээ авчээ.
САНАЛ БОЛГОХ