Трамп Парисын хэлэлцээрийг гацааж чадахгүй

Нийтлэл

АНУ татгалзсан ч Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр байна

Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэн Эйфелийн цамхаг ногоон гэрэлтүүлгээр гоёсноос хоёр өдрийн дараа хэлэлцээрийн үргэлжлэл болох СОР22 уулзалт Морокко улсын Марракеш хотноо эхлэв. Дэлхийн 193 орон нэгдсэн ч одоогоор 103 нь соёрхон батлаад буй Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрхэн хэрэгжүүлэхэд СОР22 уулзалтын овоо хараа чиглэх юм.

Хэдийгээр дэлхийн дулааралд оруулж буй манай улсын “хувь нэмэр” өчүүхэн ч хил хязгаарын хууль үйлчилдэггүй уг үзэгдэлд бид хамгийн их өртдөг. Олон улсын “Germanwatch” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар манай улс уур амьсгалын урт хугацааны эрсдлийн индексээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт жагссан байна. Гэтэл бидний ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийнхтэй харьцуулахад 0.05 хувь ч хүрдэггүй юм.

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн шинжээчийн мэдэгдсэнээр энэ удаагийн уулзалтаас гарсан шийдвэр, хэрэгжих боломж нь Парисын хэлэлцээрийн зорилтын биелэлтийн 25 хувьтай тэнцэж байж үр дүнтэй болно гэж үзжээ. Улс орнуудын 20 мянга гаруй төлөөлөгчийн цугласан энэ удаагийн уулзалтын үр дүн ч эхнээсээ гарч байна. Төлөөлөгчдийн 93 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ус хамгийн чухал үүрэгтэйг онцолжээ. Энэ хүрээнд хоёр талын болон олон талын оролцоотойгоор усан далан байгуулах хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн зах зээлийн үнэлгээ нь найман их наяд ам.доллараар хэмжигдэх бизнесийн 471 компани Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхэд хүчин зүтгэж буйгаа илэрхийлжээ. Тэдний нэг “Walmart” сүлжээ их дэлгүүр 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 18 хувь бууруулж, цахилгааны эх үүсвэрийн тэн хагасыг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах зорилт тавьсан байна.

Хагас сар үргэлжлэх COP22 хурлын үеэр шийдлээ олсон бас нэг чухал асуудал нь дал модны тос олборлодог компаниудын стандартыг шинэчлэх þì. Дал модны тосны үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийн зонхилох хэсгийг шингээдэг ойг их хэмжээгээр огтолдог байна. Тиймээс олборлогч компаниудад мод огтлохгүй байх стандарт мөрдүүлэхээр болов. Ойг их хэмжээгээр тайрч байгаа нь хүлэмжийн хий 12 хувиар өсөх шалтгаан болж буйг судлаачид тогтоосон аж. Өмнөд Америк, Зүүн өмнөд Ази, Африкийн олон орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицоход ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг.

Парисын хэлэлцээрийн сүр хүч СОР22 уулзалтаас өмнө дэлхийн дулаарлыг бууруулах хэд хэдэн дорвитой арга хэмжээ биелэлээ олоход хүргэсэн юм. Тухайлбал, хөргөгч, агааржуулагч зэрэг төхөөрөмжөөс ялгардаг “hydroflourocarbon” хэмээх хийн ялгарлыг бууруулах тохиролцоонд 150 орон санал нэгдсэн үйл явдал өнгөрсөн сарын дундуур Руандад болжээ. Харин үүнээс долоо хоногийн өмнө нисэхийн авиа компаниуд нүүрстөрөгчийн давхар исэл (СО2)-ийн хэмжээг бууруулахад байр сууриа нэгтгэж чадсан байна.

Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн хамгийн том “хандивлагч” Хятад улс ялгаруулж буй СО2- ийн хэмжээгээ 2020 он гэхэд таван жилийн өмнөхөөс 18 хувиар буулгах шинэ төлөвлөгөө энэ сарын эхээр танилцуулсан юм. Энэ хүрээнд нүүрсний хэрэглээгээ 4.2 тэрбум тонноор бууруулж, эрчим хүчний нийт зарцуулалтын 15 хувийг хорт хий ялгаруулдаггүй эх үүсвэрээр хангах аж. Тус улс салхин тээрэм, усан цахилгаан станц гээд нөхөн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд хөгжингүй орнуудаас цойлж чадсан билээ. Гэхдээ Засгийн газар нь одоог хүртэл нүүрсний хэрэглэýгээ танахаар эрчимтэй тэмцэж байгаа хэмээн AP мэдээлжээ.

Парисын хэлэлцээрийн сүр хүч СОР22 уулзалтаас өмнө дэлхийн дулаарлыг бууруулах хэд хэдэн дорвитой арга хэмжээ биелэлээ олоход хүргэсэн юм.
Түүнчлэн агаар мандалд ялгарсан хүлэмжийн хийн 1.95 хувийг бүрдүүлдэг Канад улс СО2-д татвар тооцож эхэлсэн билээ. Мөн Хойд Америкийн гурван улс метан хийн ялгарлыг хязгаарлах асуудлаар тохиролцоонд хүрч чадсан бол 40 орон мөн нүүрстөрөгчийн ялгаралд зохих төлбөр тооцдог болоод байна. Хятадад гэхэд л 200 сая хүн нүүрстөрөгчийн хаягдлын төлбөр төлж буй билээ.

ЭРГЭЛЗЭЭ
Ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орноос Япон улс энэ сарын 8-нд Парисын хэлэлцээрийг соёрхсоноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр нийт хүлэмжийн хийн 72 хувийг бүрдүүлдэг эдгээр орноос зөвхөн ОХУ л хэлэлцээрт хараахан нэгдэж амжаагүй үлдэв.

Одоогоор гэрээг соёрхон баталсан 103 орон дэлхийн нийт хүлэмжийн хийн 73.38 хувийг төлөөлж буй юм. Харин энэ сарын 8-нд болсон АНУ-ын Åрөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хэрэгжиж эхлээд хэдхэн хонож байгаа Парисын хэлэлцээрийн хэрэгжилт дахин дөрвөн жилээр хойшлохвий гэсэн мэдээлэл цацагдаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтийг хэнхэглэл гэж үздэгээ илэрхийлсэн. Улмаар үүрэгт ажлаа аваад 100 хоногийн дотор уг хэлэлцээрийг цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн онцолж байсан билээ.

Гэхдээ Парисын хэлэлцээрт зааснаар энэ үйл явц боломжгүй аж. Учир нь гэрээний бүрэлдэхүүнээс гарах эрх нэгдэж орсноос хойш гурван жилийн дараа нээгдэх юм. Харин гэрээнээс гарах үйл явц дахиад бүтэн нэг жил үргэлжилнэ гэдгийг Францын Байгаль орчны сайд Сеголен Руаяль тайлбарлаж байна. Тиймээс сонгуульд ялсан үл хөдлөхийн магнат эхний бүрэн эрхийнхээ хугацаанд уг хэлэлцээрээр “оролдох” боломжгүй болж таарлаа.

Нөгөөтэйгүүр АНУ нь дэлхийн хүлэмжийн хийн 17.83 хувийг бүрдүүлдэг. Тиймээс АНУ гарсан ч хэлэлцээрийн хэрэгжилт үргэлжлэх боломжтой юм. Учир нь тус хэлэлцээрийн хэрэгжих босгыг 55:55 гэж тавьсан билээ.

Хэдий тийм ч, бодит байдал үүнээс дор байж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хий ялгаруулагч үйлдвэрлэлийг халахад зориулагдсан Уур амьсгалын ногоон санд цуглаад буй 10.3 тэрбум ам.долларын бараг 30 хувийг АНУ бүрдүүлэхээр амласан. 2020 он гэхэд 100 тэрбум ам.доллар цуглуулах төлөвлөгөөтэй тус санд АНУ амласан санхүүжилтийнхээ 16.6 хувийг буюу 500 сая ам.доллар л төвлөрүүлээд байгаа юм. Хэрэв Дональд Трамп ярьсныхаа дагуу шийдвэр гаргавал тус санд цугларах санхүүжилт олигтой нэмэгдэхгүй. Цаашлаад 2100 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралгүй эдийн засагтай болох дэлхий нийтийн зорилтод саад болох нь ойлгомжтой.

Харин манай улсын хувьд тус санд 90 мянган ам.доллар өгөхөө амласан ч хараахан нийлүүлээгүй байгааг тус сангийн цахим хуудаст мэдээлжээ.


САНАЛ БОЛГОХ