Павел Милюков: Би Монгол оронд дурласан

Ярилцлага

Мэргэжилдээ үнэнч байж, биеэ хайрлалгүй хөдөлмөрлөх хэрэгтэй

Павел Милюков 1984 онд төрсөн. Чайковскийн нэрэмжит Москва хотын консерватор болон Москвагийн консерваторид суралцсан тэрбээр 2012 оноос Москвагийн филармонийн гоцлол хийлчээр ажиллаж буй. ОХУ-ын нэрm хийлч Павел Милюков өнгөрсөн сард манай улсад ирж тоглолт хийсэн билээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Гоцлол хөгжимчин байх сайхан уу?

-Мэдээж сайхан. Үүний хажуугаар нөр их хөдөлмөр, хариуцлага дагалддаг. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Учир нь багаасаа хүсэж мөрөөдсөн мэргэжлээрээ ажиллаж, тайзан дээр нүүр бардам гарч, гоцлон тоглож байна. Энэ бүхэн асар их хөдөлмөриин минь үр дүн шүү дээ. Үүнийгээ мэдрэхэд л их сайхан байдаг даа.

-Танд бүтээлийг нь онцгойлон тоглох дуртай хөгжмийн зохиолч бий юу?

-Миний дуртай хөгжмийн зохиолч маш их болохоор яг тэр гэж нэрлэхэд хэцүү. Тоглож буй хөгжмөө амилуулахын тулд тухайн хөгжмийн зохиолчдоо дурлахгүй байна гэдэг боломжгүй зүйл. Тиймээс их олон гайхалтай зохиолчдыг хүндэлж, биширч явдаг.

-Ур чадвараа өвлүүлэх тал дээр ямар бодолтой байдаг вэ. Цаашид олон орноор аялж багшлах бодол бий юу?

-Энэ асуултыг надад тавьсанд баярлалаа. Би багшлах их сонирхолтой байгаа. Саяхан Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын консерваторын багш болсон. Тэндээ албан ёсоор хоёр оюутантай ч аялсан хот бүртээ залуу хөгжимчдөд нээлттэй хичээл заадаг юм. Сурч мэдсэн зүйлээ залуу хөгжимчдөд дамжуулна гэдэг миний хувьд бахархалтай үйл хэрэг. Үүнийхээ төлөө маш их хичээж байна.

-Та жилд хэдэн тоглолтод оролцдог вэ. Их шахуу хөтөлбөртэй байдаг уу?

-Жил ирэх тусам тоглолтын хөтөлбөр их шахуу болж байна. Одоогийн байдлаар жилд ойролцоогоор 50-70 концертод оролцдог. Гэртээ байх хугацаа ч багасаж зочид буудал, онгоц, концертын танхим л миний гэр болсон доо.

“Ex-Szigeti” надад Венгерийн домогт хийлч Йосеф Сигетийн энергийг мэдрүүлдэг

-Шинэ зүйл сурах цаг гардаг уу, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал театрт тоглолт, музей үзэхийг хичээдэг. Эсвэл өөртөө амралт өгч найзуудаа гэртээ цуглуулан, кино үздэг.

-Таны сэтгэлд хамгийн сайхнаар үлдсэн тоглолт хаана, хэзээ байсан бэ?

-Сэтгэлд үлдсэн тоглолт их бий. Тухайлбал, Бразилын хотуудаар аялан тоглолт хийж байхад үзэгчид маш сайхан сэтгэлийн хөдлөлтөй санагдсан. Танай Монголын үзэгчид бас дутаагүй шүү. Ер нь хаа газраас үлдэх сайхан сэтгэгдлийг үзэгчид л төрүүлдэг юм. Уран бүтээл, хөдөлмөрийг минь ойлгож, хүлээж авч байгаа нь хангалттай сайхан зүйл.

-Та П.Гварнерийн “Ex-Szigeti” хийлээр тоглодог. Энэ хийлийн онцлог нь юу вэ. Нандин холбоос бий юу?

-Миний одоо тоглож байгаа хийл бол Италийн нэрт хийл хөгжим урлаач Пьетро Гварнерийн XVIII зуунд урласан “Ex-Szigeti” юм. Үнэхээр өвөрмөц, хүчтэй өнгөтэй хөгжим. Ямар ч хэмжээний оркестртой тоглосон хүч чацуу дуугардаг. Их “хөгшин” хөгжимдөө. Өмнөх эзэн нь Венгерийн домогт хийлч Йосеф Сигети юм билээ. “Ex-Szigeti” надад түүний энергийг мэдрүүлж чаддаг.

-Та олон жил хийл тогложбайгаа. Энэ хугацаанд хийл хөгжмийн хөгжилд гарч буй ахиц, шинэ хандлагыг хэрхэн харж байна?

-Хийл хөгжим цаг хугацаатай зэрэгцэн хөгжин дэвшиж байна. Дуугаралт, өнгө, хэв загвар нь хүртэл шинэчлэгдэж байгаа. Гэсэн хэдий ч XVIII, XIX зууны Италийн суут мастеруудын урласан хөгжмүүд аль ч цаг үед хамгийн үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ . Шинэ хандлага гэвэл эрт үед урласан хөгжмийн үнэ маш их өсөж байна (инээв). Цаашид ч өсөх болно.

-Улс орон бүрийн томоохон нэр хүндтэй төатруудад тоглохын сайхан нь юундаа байдаг вэ. Үзэгчид, дугаралт, орчин, эсвэл тэс ондоо зүйлээрээ онцлог байж болох юм.

-Театр, концертын танхим бүхэн өөрийн гэсэн дуугаралттай, бүгд тус тусын энергийг төрүүлдэг. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн үзэгчид нь хамгийн их ач холбогдолтой. Би ямар ч тайзан дээр гарсан үзэгчдэд л зориулж тоглодог учраас тэр. Надад Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайз таалагдсан. Дуугаралт нь ч их гоё юм билээ. Бас Монголын үзэгчид маш халуун дотно хүлээж авсан шүү намайг.

» Монголын байгаль хот, хүмүүс нь үнэхээр сайхан байлаа

»Театр, концертын танхим бүхэн өөрийн гэсэн дуугаралттай, бүгд тус тусын энергийг төрүүлдэг.

» Би багшлах их сонирхолтой байгаа. Саяхан би Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын консерваторын багш болсон.

-Хийлч болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд та юу гэж зөвлөх вэ?

-Хийлч болох гэж байгаа хүүхэд, залуучуудад “Сонгосон мэргэжилдээ үнэнч байгаарай, тэгсэн цагт амжилтад хүрнэ шүү” гэж зөвлөмөөр байна. Бас биеэ хайрлаж, хойш суулгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Үнэтэй цагаасаа хумслан бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Би Монгол оронд дурласан. Байгаль, хот, хүмүүс нь үнэхээр сайхан байлаа. Монгол дахь концертыг минь зохион байгуулсан анд нөхөр, “Musica Viva” оркестрын авьяаслаг хийлч Энхбаатрын Мөнх-Эрдэнэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголд дахин дахин тоглолтоор ирнэ гэж найдъя.

САНАЛ БОЛГОХ