Цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна

Мэдээ

Монголд онлайн худалдааны нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй платформ байна. Харин онлайн худалдааны гүйлгээний 70 орчим хувийг “Mobile bank”-аар хийж байгаа талаар Монголын Үндэсний маркетингийн холбоо мэдээллээ. Тухайн байгууллага өөрөө онлайн дэлгүүртэй байх, мөн худалдагч, худалдан авагч хоёрыг холбосон платформуудтай байх аж. Мөн гурав дахь нь зарын шинжтэй талбар гэсэн гурван янзаар онлайн худалдаа хөгжиж байгаа гэдгийг “Сийд лимитед” компанийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат онцоллоо.

Монголд онлайн худалдааны платформуудын гол өрсөлдөгч нь “Facebook” болж байгааг салбарынхан дүгнэж байна. Учир нь “Facebook”-ээр дамжуулан өдөрт 50 орчим мянган худалдан авалт хийгдэж байгаа ажээ. Монголын хэрэглэгчдийн нэг онцлогт тулгуурлан худалдан авагчид онлайнаар захиалгаа өгөөд, дэлгүүрт нь очиж бараагаа бодитоор харах боломжоор хангах ёстой. Эс тэгвэл үйлчлүүлэгчдийнхээ 40-50 хувийг алдана гэж “MMаркет”- ийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун дүгнэж байна.

Онлайн худалдаа эрхлэхэд учирч байгаа өөр нэг гол бэрхшээл нь хүргэлтийн үйлчилгээ аж. Одоогоор Монголд албан ёсоор нэгдсэн журмаар бараа, бүтээгдэхүүний хүргэлт хийдэг компани нь “Монгол шуудан”, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Тэгбэ” хүргэлтийн үйлчилгээ байгаа юм. Цаашид орон нутагт онлайн худалдааг өргөжүүлбэл, зах зээлээ огцом тэлэх боломжтой гэж салбарынхан дүгнэж байна.


САНАЛ БОЛГОХ