Өөрчлөлт шаардлагатай Их Британийн шорон

Мэдээ

Хэлен Уоррел

Англи, Уэльсийн шоронгуудад ажиллагсдын тоо цөөрч, хоригдлын тоо ихссэн, мансууруулах бодисын хэрэглээ өсөөд байхад Засгийн газар гар хумхиж суугааг шүүх байгууллагын шинжээчид шүүмжилж байна.

Бэдфордын шоронгийн хоригдлууд үймээн дэгдээж, хонгилд орилолдон хашхирч, модон саваагаар цонх нүдэж буй дүрс бичлэг ням гарагт олон нийтэд тарлаа. Үймээнээс хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад умард Лондон дахь Пентонвиллийн шоронгийн хоёр хоригдол хөнжилдөө дэр шургуулж үлдээгээд, цонхны сараалжийг хөрөөдөж оргосон хэрэг гарав.

Олон жил үргэлжилсэн шүүхийн чанд хатуу бодлого эцэс болмогц үймээн самуун, эмх замбараагүй байдал шоронгуудад энгийн үзэгдэл болох нь гэсэн айдас түгшүүр тус улсад ихсэв. Хоригдлуудад цагаан хэрэгслээс илүү мансууруулах бодисын хангамж сайн байгаа бус уу гэх асуудлыг Бедфордын шоронд шалгалт явуулсан байгууллага хөндөв. Пентонвиллийн шорон бохир, жоомтой, давхар орнууд цусан толботой, хоригдлууд өдөрт 23 цаг өрөөндөө түгжээтэй өнжиж байгаа нь шалгалтаар илрэв.

“Бидний амьдарч буй үеийн хямрал урьдынхаас арай өөр. Бүр 1980-аад онд ч үймээн самуун гардаг л байсан. А зэрэглэл буюу чанга дэглэмтэй шоронгоос оргох тохиолдол л гарч байсан. Харин сүүлийн 2-3 жилд шоронгийн нөхцлөөс болж амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо ихэссэн нь сүйрэлд хүргэх аюултай. Бедфорд, Пентонвиллд болж буй хэрэг ердийн зүйл болон хувирч байгааг бид харж байна” хэмээн урьд нь шоронгийн захирагч байсан, эдүгээ Prison Reform Trust-ийн захирлын алба хашиж буй Питер Доусон өгүүлэв.

Шоронгуудын байдал хүнд байгааг статистик ч харуулсаар. Шоронгийн төсвийг танаснаас Их Британид 2010 оноос хойш хуягуудын тоо 25 хувиар цөөрч 18000 болжээ. Хяналт суларсанаас хүчирхийлэл гаарч, зөвхөн өнгөрсөн онд шоронд амь насаа алдсан хүн 20, амиа хорлогч 13, өөрийн биед хохирол учруулсан хүний тоо 25 хувиар тус тус өссөн байгаа юм. Хоригдлууд нэгэндээ халдсан хэрэг 33, хуяг, харгалзагч нарт халдсан хэрэг 40 хувь өслөө.

Гэтэл сүүлийн 20 жилд хоёр дахин ихэссэн хоригдлын тоо цаашид ч өсөх төлөвтэй. Eurostat-ийн судалгаагаар Англи, Уэльсэд 100 мянган хүн тутам 148 хоригдол ноогдож байгаа нь Европ тивд 11 дүгээрт, өрнөд Европод тэргүүн байранд орох үзүүлэлт юм. Харгалзагч, хуягуудын тоог 2500-гаар өсгөж, хориотой зүйлс дроноор унагахаас сэргийлэн шоронгийн дээгүүр нисэхийг хориглосон тусгай бүс үүсгэхээр төлөвлөж байгааг Хууль зүйн сайд Лиз Трасс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Шоронгийн удирдлагаас хоригдлуудын боловсрол, ажил, эрүүл мэндэд зарцуулах төсвийн эрхийг өргөжүүлж, хоригдол бүрийн талаар жил бүр нийтэд нээлтэй тайлагнадаг болно.

Харин шүүмжлэгчид дээрх арга хэмжээг чамлаж байна. Олон жил орон тоо цөөлж ирсэн арга хэмжээний сөрөг нөлөөг багасгахын тулд шинэ ажилтнуудыг аль болох элсүүлэх нь чухлыг Белмаршийн чанга дэглэмт шоронгийн орлогч захирагч байсан Кевин Локьер анхааруулав. Амь насанд халтай, чадал шавхсан хуягийн ажилд орж буй хүмүүсийн эхний цалин 20500 фунт стерлинг байдаг нь чамлалтай хэмээн тэрбээр үзлээ. “Ийм цалингаар хүмүүсийг ажилд нь торгооно гэдэг санаанд багтамгүй хэцүү хэрэг” хэмээн тэрбээр нэмж өгүүллээ.

Зарчмын шинжтэй бэрхшээл ч цөөнгүй. Хоригдлын тоо шоронгийн багтаамжаас хэтэрсэнтэй уялдан хорих ялыг сайтар нягталж, тунгааж оноох нь чухал болсныг улстөрчид олон нийтэд мэдэгдэхээс зайлсхийсээр ирсэн нь буруу хэмээн Howard League-ийн Төрийн бус байгууллагын захирал Франсес Крук үзэж байна. “Эрх чөлөөтэй болсон хүмүүс шоронд хоригдол пиг байгааг ярьж байна. Өвдгөөрөө хөлөө тайруулсан хүмүүст эмнэлэг шинээр барьж, тасгийн тоог олшруулдаггүй. Шоронд ч мөн адил. Бид нийгэмд саад гэж үзсэн хүмүүсийг шууд л шоронд илгээгээд байна” хэмээн хатагтай Франсес шүүмжлэв.


САНАЛ БОЛГОХ