Хүссэнээ хийж буй хүнийг зогсоох хүч байдаггүй

Ярилцлага

Өдөр тутамд зүүх боломжтой үндэсний гоёл чимэглэл трэнд болсон

Биднийг өглөөний 10.00 цагийн үед утсаар холбогдож, цаг болзоход тэрбээр “Хүүхдээ салхилуулчихаад усанд оруулъя гэж бодсон юм. Өдөр болъё доо” гэв. Хэн ч харсан эгэл жирийн ээж хүн, тэр. Гэвч түүний дотор гал дүрэлзэж явдгийг ярилцлагаа эхэлмэгц мэдрэв. Тэр бол гоёл чимэглэлийн “MsGuaaMaral”-ын дизайнер Г.Марал юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“MsGuaaMaral”-ыг хэзээнээс эхэлсэн бэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эгч минь загварын шоу хийсэн юм. Тэр үед бүтээлээ танилцуулах боломж олдож “Аригу”-д анхны шоугаа хийсэн. Загвар өмсөгч охидоо дуртай хар хувцсаа өмсөхийг санал болгоод, түүн дээр нь өөрийн зохиосон коллекцио зүүлгэсэн. Анхны гараа тэндээс эхэлсэн гэж болно.

-Анх гоёл чимэглэл сонирхож эхэлсэн үеэ дурсахгүй юу?
-Би дөрөвдүгээр ангиасаа гоёл чимэглэл сонирхож, урлаж эхэлсэн. Гэр бүлд маань урлагийн хүн олон болохоор багаасаа гоо сайхны мэдрэмжтэй болсон юм уу даа. Хоёр настайдаа толины өмнө зогсчихоод алчуураар даашинз хийж тоглодог байсан тухай ээжийн минь бичсэн тэмдэглэл бий. Миний эмээ надад гоёл чимэглэл хадгалдаг алгын чинээ хэмжээтэй сав өгч билээ. Тэрийгээ дүүргэхийг их хүссэн ч аав, ээж хоёр ээмэг, зүүлт авч өгөх нь ховор байсан юм. Тэгээд л өөрөө шүр аваад, янз бүрээр холбож, ээмэг, зүүлт хийсээр саваа дүүргэсэндээ. Дараа нь жижиг саваа шүүгээ болгож томруулсан.

-Олон улсад алдартай гоёл чимэглэлийн брэндүүдээс та санаа авдаг уу?
-Бусдын бүтээл, бодож олсон санааг хуулбарлахад би туйлын дургүй. Багаасаа л хэн нэгнийг харалгүй өөрөө оролдож ээмэг, зүүлт хийдэг байлаа. Одоо бодоод гайхдаг юм. Миний онгод хэсэг зуур орж ирдэг л дээ. Гэхдээ бодож олсон санаагаа мартчихдаг болохоор байнга дэвтэртэй явж, тэр даруйдаа зурдаг болсон. Заримдаа материалуудаа харж байгаад л холбочихдог.

-Үндэсний хэв загвартай гоёл чимэглэл бас хийдэг гэсэн?
-Би үндэсний шанх зүүлтэд их дуртай. Гэхдээ нэгэн хэвийн шанхны загварыг жилийн өмнө өөрийнхөөрөө шинэчилсэн. Түүнээс хойш бараг бүх шанх миний загвартай адилхан болсон байна билээ. (инээв) Би нэг удаа “Sweetymotion” хамтлагийнхан болон гавьяат жүжигчин А.Долгорын толгойн шанхыг хийж өгсөн юм. Гэтэл тэр бүтээл маань урьд хойчид үзэгдээгүй гоё болсон. Сувдны завсар сваровский шигтгээ зүүж өгсөн нь тайзан дээрээс гялалзаад үнэхээр сайхан харагддаг юм билээ. Хийсэн бүтээлээ хараад тайзны ард зогсож байхдаа өөрийн эрхгүй нулимс дуслуулсан шүү. Түүний дараа маш олон хүн урам хайрлаж, би ч улам их мэрийх болсон.

-Зохиогчийн эрх авах талаар бодож байв уу?
-Бодолгүй яах вэ, маш их. Харамсалтай нь түүнийг ажил хэрэг болгох зав олддоггүй юм. Одоо нялх “мама”-тай болсон болохоор бүр ч завгүй болсон. Миний гаргасан дээл, зүүлт, шанхны загварыг маш их хүн дуурайдаг. Олон хүнд хүрсэн байна гээд эхэндээ баярласан ч, дараа нь бага зэрэг урам хугарсан. Дуурайх гэж байгаа бол гоё дуурайх хэрэгтэй шүү дээ.

-Монгол гоёл чимэглэлийн цаашдын чиг хандлагыг хэрхэн хардаг вэ? -”Swarovski”, “Bulgari” тэргүүтнүүд нэг ээмэг, цаг гаргахад трэнд бий болдог. Монголд хараахан тийм зүйл алга байна. Ерөнхийдөө салбар нь залуухан байна. Яахав, ерөнхийд нь дүгнэхэд өдөр тутамд өмсөж, зүүхэд тохиромжтой, үндэсний хэв загвар бүхий энгийн гоёл чимэглэл, хувцас эрэлттэй болсон. Гаднын дизайнерууд ч Монгол үндэсний хэв загварыг коллекцдоо ашиглаж эхэллээ.

-Загварын шоу хийж, одуудтай хамтран ажиллаж, хүүхдээ харж байна шүү дээ. Энэ бүхнийг ганцаараа амжуулдаг юм уу?
-Ерөөсөө ганцаараа шүү дээ. Бор зүрхээрээ л зүтгэж явна. Захиалгадаа дарагдсан хойноо л ганцаардсанаа мэдэрлээ. Гэхдээ ажил ихтэй ч гэсэн ээж минь үүр цайтал хамжиж, нөхөр минь ч ажлынхаа дараа тусалдаг. Би их азтай хүн. Энэ дашрамд гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлье.

-Яагаад ганцаараа ажилладаг юм бэ. Хүн сургаж авах бодолгүй юу?
-Бодсон зүйл бий. Гэхдээ хүн сургана гэдэг тийм ч амар зүйл биш. Олон хүн тусалъя гэдэг л юм. Нэгдүгээрт, би патентаа алдахыг хүсдэггүй. Хоёрдугаарт, авьяастай, хүсэл мөрөөдөлтэй, цэл залуу хүмүүсийг доороо байлгая гэж боддоггүй. Тэд дүүлэн нисэх хэрэгтэй шүү дээ. Үргэлж бусдын нөмөрт ажиллуулахад хайран санагддаг.

-Анхнаасаа эргэлт буцалтгүйгээр загварын төлөө явсан уу?
-Би Тайваньд маркетингаар сурч байгаад ирсэн. Багаасаа загвар зохион бүтээгч болох чин хүсэлтэй байсан ч эцэг, эх минь “Нэг цехэд оёдолчин л хийдэг болно” гэж цааргалаад өөрсдийн мэргэжлээ өвлүүлсэн юм. Тайваньд очоод нэг жил хятад хэл үзээд их бардсан, одоо ч алзахгүй дээ гээд л. Гэтэл их сургуульдаа орж, мэргэжлийн хэлээр ярихад байдал тэс өөрөөр эргэсэн. Дээрээс нь миний хүссэн мэргэжил биш байсан юм. Нэг өдөр зугаалж яваад тэндхийн загварын их сургуульд орж үзлээ. Нэг мэдсэн тэнд найман цаг болчихсон байсан. Дур сонирхол гэдэг зүйл үнэхээр хүчтэй гэдгийг тэр үед ойлгож, мөрөөдлөө хөөхөөр Монголд ирсэн. Тухайн үед бас ойр дотнын хүнээ алдаад ирэх шалтгаан байсан.

Монголчууд ганган хүмүүс хэрнээ хямд зүйлд дуртай
-Хэрвээ маркетингийн менежер болсон бол одоо хаана, юу хийж яваа бол?
-Ёстой л нэг цехийн оёдолчин гэдэг шиг нэг байгууллагад дуртай, дургүй ажиллах байсан даа. Гэхдээ маркетингаар суралцсандаа харамсдаггүй. Номын дуу сонссон болохоор бизнесээ хийхэд минь тус болдог шүү.

-Өөрөө хэчнээн хүсэж байсан ч ойр дотнынхны нөлөөгөөр мэргэжлээ сонгох явдал бишгүй байдаг шүү дээ?
-Юу хүсэж байгаагаа мэддэг, авьяастай бол түүнийгээ л хөө гэж хэлмээр байна. Тэр үед зогсоох хүч байхгүй гэсэн үг. Би загварын сургуульд сураагүй, хүн надад хэрхэн оёхыг, зүүлт яаж хэлхэхийг заагаагүй. Гэхдээ л би одоо хүссэн зүйлээ хийж, бусдыг ч, өөрийгөө ч баярлуулдаг. Хангалттай биш гэж үү. Яахав, загварын сургуульд сурсан бол бүр ч тодрох байсан биз.

-Карьерын тань ноён оргил юу байх вэ?
-”MsGuaaMaral”-аа брэнд болгох хүсэлтэй. Ганц гоёл чимэглэл гэлтгүй дээл, хуримын даашинз зэргээр бүтээлээ төрөлжүүлмээр байна. Хүн дуртай зүйлээ ажил хэрэг болгохын тулд зоригтой байх хэрэгтэй. Бид аливааг хийж чадах байсан ч өөрсдөөсөө шалтаг хайдаг. Зориглоод анхны давааныхаа ард гарсан хойно цаашаа ундраад л ирнэ.

-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад загвар, гоёл чимэглэлийн бие даасан уран бүтээлчдэд боломж илүү нээлттэй болсон юм шиг?
-Тийм шүү. Надад одоогоор өөрийн гэсэн урлан, дэлгүүр байхгүй. Гол маркетинг фэйсбүүк, инстаграммаар л хөдөлж байна. Бас жилийн өмнө гэхэд л зүүлт хийх гинж олддоггүй байлаа шүү дээ. Одоо бол нэг дэлгүүр ороод л хүссэн бүхнээ авч, эсвэл гадаадаас захиалж болохоор. Хүсэл мөрөөдөл л байвал боломж нээгдсэн.

-Бие даасан уран бүтээлч байхад ямар асуудал тулгардаг вэ?
-Том алхам хийх гэхээр ивээн тэтгэгч олохоос эхлээд санхүүгийн асуудалтай байдаг. Үүнийг бүгд л хэлэх байх. Манай монголчууд их ганган хүмүүс. Гадаад, дотоод, ер нь хаа газар хаана л ганган хүн харагдана, тэр нь манайхан байдаг. Ганган зүйлд их дуртай, гэсэн хэрнээ хямд зүйл хүсдэг. Хэрэглэгчдийн зүгээс анх үнэтэй байна гэсэн гомдол их ирсэн. Гэхдээ тухайн үед материал олддоггүй, олдсон ч үнэтэй байдаг байсан. Харин сүүлийн нэг жилийн дотор байдал харьцангуй дээрдэж, би ч загваруудаа хямдруулсан. Бас нэг асуудал бий. Би шинэ зүүлт хийгээд өгч байхад зарим нь эвдэлчихээд эргээд ирдэг. Бид дэлгүүрээс зүүлт худалдаж аван, гамгүй хэрэглэчихээд сольж өг гэж хэлдэггүй шүү дээ.


САНАЛ БОЛГОХ