Биополитикийн золиос - 3

ЗГМ: Цуврал

Нянгийн эсрэг үйлчилгээтэй гарын саван нь хүний биед хэрэгтэй нянг устгадаг

Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршиг эцсийн дүндээ хэрэглэгчдэд тусдагийг ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж онцолсон юм. Тэрбээр “Энэхүү зохисгүй хэрэглээ зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, эмээр бус хүнсээр дамжин тархаж, тэсвэржилт үүсэж байна. Ийнхүү дасал үүссэнээр тухайн антибиотикоор эмчлэгддэг байсан өвчнүүд эмчлэгдэхгүй болж, цаашлаад дараагийн эрэмбийн антибиотикийг хэрэглэх зардал асар өндөр тусдаг. Үүнээс болж олон хүн өвчнөө эдгээж чадаагүй амь нас хохирч байна” хэмээв.

Тиймээс ч тус байгууллага ирэх оны төлөвлөгөөндөө уг асуудлыг анхаарч ажиллах болсноо мягмар гарагт зохион байгуулсан “Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах” дэлхийн долоо хоногийн хүрээнд ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, НЗАА, НЭМХ болон төрийн байгууллагын зөвлөлдөх уулзалтаар мэдээлж байв.

Антибиотикийг замбараагүй хэрэглэсний улмаас дэлхий нийтийг түгшээх болсон антибиотикийн дасал манай улсад ч гэсэн аюулын хэмжээнд хүрсэн талаар манай сонин “Биополитикийн золиос” цуврал нийтлэлээрээ хүргэж буй билээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр мэргэжилтнүүд антибиотикийн зохисгүй хэрэглээг таслан зогсоох нь зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хариуцах ажил биш гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Өөрөөр хэлбэл, энэ нь хүнс болон ахуйн хэрэглээгээр дамжин тархаж буй өргөн хүрээтэй аюул болжээ.

Тухайлбал, нянгийн эсрэг үйлчилгээтэй гарын саван нь хүний биед хэрэгтэй нянгуудыг устгаж, улмаар антибиотикийн дасал үүсэх нэг нөхцөл болж байгаа аж. Тиймээс ч АНУ л гэхэд эдгээр савангийн хэрэглээг Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас хориглосон байна. Гэтэл манайд ийм төрлийн саванг дархлаа нь бүрэлдэж буй бага насны хүүхдүүдэд илүүтэй хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, боловсролын байгууллагууд заавал энэ төрлийн саванг хэрэглэх шалгуурыг тавьж, эцэг эхчүүдээс нэхэж авдаг. Харин энэ нь зөвхөн бохирын нян төдийгүй хүний биед зайлшгүй шаардлагатай бактерийг давхар устгадаг талаарх ойлголт муу байгаагийн илрэл аж.

Тэсвэржилтийн улмаас зарим БЗХӨ эмчлэгдэхгүй болж байна
Ер нь олон нийт антибиотикийн тэсвэржилтийн талаар дутуу мэдлэг, ташаа ойлголттой байдгийг илтгэх хэд хэдэн судалгаа бий аж. Тухайлбал, ДЭМБ-аас 2015 онд 12 оронд хийсэн нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгаа бий. Уг судалгаанд хамрагдагсдын 64 хувь ханиад, томууны үед антибиотикийг хэрэглэсэн, 76 хувь нь антибиотикийн тэсвэржилт хүний биеийн дархлаанаас хамаардаг гэж ойлгодог. Харин 44 хувь нь зөвхөн антибиотикийг эмэн хэлбэрээр байнга хэрэглэдэг хүнд тэсвэржилт үүсдэг гэсэн ташаа ойлголттой байсан байна. Үүний зэрэгцээ антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим БЗХӨ эмгэг эмчлэгдэхгүй болох хандлагатай болжээ. Бүр эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо ч олширсоор байгаа аж.

Антибиотикийн замбараагүй хэрэглээ нь амь насаа золиослох эрсдэлд оруулж байгааг онцолсон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Дэлхийн улс орнууд антибиотикийг эрүүл мэндийн нөөцөндөө үлдээх учиртай. Амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн хүнд үед л уг эмийг хэрэглэх нь зохистой” хэмээв. Түүнчлэн тэрбээр манай улсад жилээс жилд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг даваа гарагт болсон “Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” уриалгын үеэр онцолсон юм.


Антибиотикийн мэдрэг чанарын судалгааг эмнэлгийн байгууллагуудад өргөжүүлэх хэрэгтэйг ч УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, дэд доктор С.Чимэдцэрэн хэлсэн юм. Өвчтөнд антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээ хийхэд өртөг өндөртэй. Манайд энэ шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг бол, бусад оронд нэг өдөр л шаардлагатай.

Мөн эмч нар тухайн өвчтөнд хамгийн хүчтэй антибиотикийг шууд хэрэглэх хандлагатай байдаг аж. Тиймээс эмнэлгийн лабораторийн ажилчид мэдрэг чанарын тестийн мэдээллээ эмч, өвчтөнд шат дараалалтай өгөх практик нэвтрүүлэх шаардлагатайг С.Чимэдцэрэн учирлав. Улмаар дараагийн эрэмбийн хүчтэй антибиотикийг хэрэглэхийн тулд клиникийн микробиологич эмчтэй зайлшгүй зөвлөлдөж байж зохисгүй хэрэглээг дэврээхгүй барих учиртайг ДЭМБ-аас зөвлөжээ.

» ДЭМБ-аас 12 орон явуулсан судалгаагаар 44 хувь нь антибиотикийг зөвхөн эмэн хэлбэрээр байнга хэрэглэдэг хүнд тэсвэржилт үүсдэг гэсэн ташаа ойлголттой байжээ.
» Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Дэлхийн улс орнууд антибиотикийг эрүүл мэндийн нөөцөндөө үлдээх учиртай. Амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн хүнд үед л уг эмийг хэрэглэх нь зохистой” хэмээв.
» Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид антибиотикийн үлдэгдлийг шалгах хялбаршуулсан ямар арга байгаа талаар мэдээлэл хуваалцах, боломж бололцоог судлахыг хүссэн байна.

Мөн антибиотикийн өөрийнх нь чанарт манай улс анхаарах шаардлагатай байна. Улмаар энэ талын шинжилгээ хийдэг лабораторийг эмнэлгүүдэд байгуулах шаардлага бий. Одоогоор зөвхөн АШУҮИС-д л судалгааны зориулалтаар ганц ийм лаборатори буй аж.

Эмнэлгийн байгууллагынхны хэлж буйгаар эмэнд тэсвэртэй нянгийн халдвараар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй аж. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө сэхээн амьдруулах тасаг болон удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн хүмүүст эмэнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” долоо хоногийн аяны хүрээнд ХХААХҮЯ-ны холбогдох хүмүүстэй хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээний талаар хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн билээ. Харамсалтай нь өнгөрөгч хоёр өдөр ЭМЯ болон ШӨХТГ-аас ээлжлэн зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт, мэргэжилтнүүдийн цугларалтад ХХААХҮЯ-наас төлөөлөл ирээгүй юм. Гэхдээ антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих ажлыг бүтэн жилийн хугацаанд үргэжлүүлэхээр болсон тул холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулна үеэрээ хүссэн байна. Харин ийм хялбаршуулсан арга байдаг гэдгийг ШӨХТГ-ын зөвлөлдөх уулзалтад оролцсон Эм хангамжийн байгууллагуудын холбоо ТББ-ын ерөнхийлөгч Б.Цэндээхүү хэлсэн юм. Овор хэмжээ багатай ийм хялбаршуулсан багажийг олон улсад хэрэглэдэг байна. Үнэ нь ч боломжийг аж. МХЕГ-ын бүтээгдэхүүн бүрт ингэж антибиотикийн үлдэгдэл шалгах ёстой хуульчилж өгсөн байдаг байна.

Үндэсний хэмжээнд антибиотикийг зохистой хэрэглэхэд чиг үүргийнхээ хүрээнд хамтарч ажиллах боломжтойгоо энэ өдөр болсон уулзалтын үеэр МХЕГ, ЭМЯ, НЭМХ болон төрийн бус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн юм.

Мөн импортын болон дотоодын хүнсний бүтээгдэхүүний шошгонд антибиотикийн шинжилгээнд хамрагдсан болон эмийн үлдэгдэлтэй эсэх тэмдэглэгээ, мэдээллийг оруулах тал дээр анхаарч ажиллахаа ШӨХТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд уулзалтын төгсгөлд хэллээ.
САНАЛ БОЛГОХ